
БНСУ-ын залуу үеийнхний хувьд сайн, тогтвортой ажил олох нь өдөр ирэх тутам улам хэцүү болж байна. Үүний улмаас олон залуус эх орондоо боломж хайхаас илүү хөрш Япон улсад ажиллаж, амьдрах боломжийг судлах болжээ.
Японы бизнес эрхлэгч Мое Касүгай Сөүлийн нэр хүндтэй Ёнсэй их сургуульд оюутан байхдаа нэгэн зүйлд ихэд гайхаж байсан аж. Тэр нь тус сургуулийн хамгийн шилдэг, чадварлаг төгсөгчид хүртэл сургуулиа төгсөөд ажил олж чадахгүй байгаа явдал байв.
Тэрээр:
Тэд маш ухаалаг, чадварлаг хүмүүс мөртлөө яагаад ажил олж чадахгүй байгааг би гайхсан
гэж ярьжээ.
Тиймээс 2019 онд тэрээр БНСУ-ын ажил хайгчдыг Японы компаниудад зуучлах зорилготой KOREC нэртэй ажил хайх үйлчилгээний бизнесээ эхлүүлсэн байна.
Касүгайгийн бодлоор олон солонгос залуус япон хэл мэддэг, Японы соёлыг ойлгодог учраас Японд ажиллах нь тэдэнд илүү том боломж байж болох аж.
Тэр:
Олон солонгосчууд япон хэлээр чөлөөтэй ярьдаг. Тиймээс тэд Японд очвол илүү олон боломж нээгдэнэ гэж бодсон. Би тэдэнд туслахыг хүссэн юм.
гэжээ.
Өмнөд Солонгосын залуучуудын хувьд ажил эрхлэлтийн асуудал хурцдаж байна. Тус улсын залуучуудын хамгийн их хүсдэг, тогтвортой, нэр хүндтэй хүссэн ажлын байр эх оронд нь хүрэлцээгүй байгаа юм.
Тус улсын хөдөлмөрийн зах зээлд хэд хэдэн асуудал бий.
-Нэгдүгээрт, томоохон компаниуд шинэ төгсөгчдөөс илүү ажлын туршлагатай хүмүүсийг сонгох хандлагатай болсон.
Жишээ нь: Самсунг гэх мэт том корпорациуд шууд их сургуулиа төгссөн залуусыг сургаж авахын оронд ажлын туршлагатай хүмүүсийг ажилд авах нь нэмэгдсэн байна.
Хоёрдугаарт, Өмнөд Солонгосын хүн амын насжилт нэмэгдэж байгаа учраас ахмад ажилтнууд ажлын байраа удаан хугацаанд хадгалсаар байгаа. Ингэснээр залуу хүмүүст шинээр орох ажлын байрны орон зай багасч байна.
Харин Японд нөхцөл байдал эсрэгээрээ байгаа юм.
Япон улс хүн амын хөгшрөлтөөс үүдэн ажиллах хүчний хомсдолд орсон тул компаниуд шинэ төгсөгчдийг идэвхтэй авч, тэднийг компанийнхаа дотоодод сургаж, хөгжүүлдэг.
Өөрөөр хэлбэл:
Солонгост: Чадвартай залуус ажил хайж байгаа
Японд: Компаниуд өндөр чадвартай залуус хайж байгаа
гэсэн зөрүү үүссэн байна.
Сонирхолтой нь, өнөө үед Өмнөд Солонгосын дундаж цалин Японыхоос бага зэрэг өндөр болсон ч залуус Японд ажиллах хүсэл нь хэвээр байгаа аж. Үүний гол шалтгаан нь зөвхөн цалин биш юм.
Олон залуус Японы компаниудын дараах давуу талуудыг үнэлж байна:
-Шинэ ажилтныг шууд халахгүй, сургаж хөгжүүлдэг;
-Ажлын туршлага хуримтлуулах боломж олгодог;
-Урт хугацааны карьерын замналыг нээж өгдөг.
Солонгос залуусын Японд ажиллах сонирхол эрчимжихийн хэрээр ажил зуучлалын компаниуд ч Японы хөдөлмөрийн зах зээлд чиглэсэн шинэ үйлчилгээг нэвтрүүлж байна.
Өмнөд Солонгосын технологийн салбарын ажилтан зуучлалын компани "Wanted Lab" компани болон Японы технологийн салбарын ажилтан зуучилдаг компани Lapras энэ жил KОREC-той төстэй Япон руу ажилд зуучлах үйлчилгээг эхлүүлсэн байна.
Энэ жил Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод Японы компаниудтай холбогдоход зориулсон ажлын яармаг дор хаяж 3 удаа зохион байгуулагджээ.
Эдгээр арга хэмжээнд Японы компаниуд шууд оролцож, Солонгосын залуу мэргэжилтнүүдээс ажилтан сонгон шалгаруулсан байна.
Ажилтан хайж байсан компаниудын дунд: Canon Imaging Systems – дүрс боловсруулах, технологийн салбарын компани мөн Azbil – үйлдвэрлэлийн автоматжуулалт, удирдлагын системийн чиглэлээр ажилладаг компаниуд багтжээ.
2026 оны зургадугаар сарын хамгийн сүүлийн статистикаар:
-Өмнөд Солонгосын залуучуудын ажилгүйдлийн түвшин 7.0%
-Японы нийт ажилгүйдлийн түвшин 2.5%
байсан байна.
Эдгээр тоон үзүүлэлт нь Япон, Өмнөд Солонгосын хөдөлмөрийн зах зээлийн ялгааг тод харуулж байгаа юм
Өмнөд Солонгост их сургууль төгсөгчид олон, өндөр боловсролтой залуус их, гэхдээ тэдэнд тохирох чанартай ажлын байр хангалтгүй.
Харин Японд компаниудад ажиллах хүч дутагдалтай, ялангуяа залуу, боловсролтой ажилтан хэрэгтэй болсон.
Японд ажиллах визтэй гадаадын иргэдийн ихэнх нь үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг хөх захтангуудын ажил хийдэг. Гэхдээ солонгос ажилчдын нөхцөл арай өөр байдаг байна. Солонгосын Хөдөлмөрийн хүрээлэнгийн мэдээллээр Японд ажиллаж байгаа 80 мянга гаруй солонгос иргэд ихэвчлэн мэргэжлийн салбарт ажилладаг ажээ.
Тухайлбал:
-Жижиглэн худалдаа,
-Мэдээллийн технологи (IT),
-Компьютер тоглоом хөгжүүлэлт,
-Инженерийн чиглэл зэрэг салбарт ажиллаж байна.
Үүний гол давуу тал нь солонгос залуус:
-Япон хэлний мэдлэгтэй,
-Японы бизнесийн соёлыг ойлгодог, боловсролын түвшин өндөр. Тиймээс Японы компаниуд тэднийг бусад гадаад ажил горилогчдоос илүү амархан дасан зохицно гэж үздэг. Ингэснээр Япон улс Солонгос залуусын хувьд гадаадад ажиллах хамгийн том чиглэл болжээ.
Өмнөд Солонгосын Хүний нөөцийн хөгжлийн алба-ны мэдээллээр:
-2025 онд төрийн дэмжлэгтэй гадаадад ажиллах хөтөлбөрөөр дамжуулан:
-2'257 солонгос залуу Японд ажилд оржээ. Энэ нь 2024 онтой харьцуулахад 47 хувийн өсөлт юм. Ингэснээр Япон улс Өмнөд Солонгосын залуусын хувьд гадаадад ажиллах зорилгынх хамгийн эхний сонголт болсон байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Харин АНУ руу ажиллахаар явсан хүмүүсийн тоо эсрэгээрээ 29 хувиар буурсан байна. Эндээс харахад өмнө нь олон солонгос залуусын мөрөөдөл байсан АНУ-аас илүү ойрхон, хэл соёлын хувьд ойлгомжтой Япон улс шинэ боломж болж эхэлжээ. Хоёр орны харилцаа зөвхөн ажлын хүрээнд биш, иргэдийн түвшинд ч ойртож байна.
Ялангуяа Японы Солонгосыг колоничилж байсан үеийн асуудлаас болж улс төрийн маргаан үе үе гардаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд иргэд хоорондын харилцаа илүү ойртож байна. Жишээ нь 2025 онд Солонгос эрэгтэй, япон эмэгтэй хүмүүсийн гэрлэлт өмнөх оноос 26%-иар өссөн. Солонгос эмэгтэй, япон эрэгтэй хүмүүсийн гэрлэлт 29%-иар нэмэгдсэн байна.
Энэ өсөлт нь олон улсын гэрлэлтийн нийт тоо бараг өөрчлөгдөөгүй нөхцөлд гарсан нь онцлогтой.
Мөн энэ жил Японд очсон өмнөд солонгос жуулчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Өмнөд Солонгосчууд Японд хамгийн олон жуулчдаа илгээдэг улс болсон байна.
Өмнөд Солонгосын нийслэл Сөүлд КОREC компанийн зохион байгуулсан ажлын яармагт оролцсон их сургуулийн оюутан Ким Си-Хён Японд ажил хайж байгаа олон залуусын хувьд энэ нь зөвхөн ажил олох асуудал биш, харин Японд амьдрах хүсэлтэй холбоотой гэж ярьжээ.
Тэр:
Миний мэдэх Японд ажил хайж байгаа хүмүүсийн ихэнх нь анхнаасаа Японд амьдрах сонирхолтой байсан.
гэж хэлсэн байна.
Түүний хэлснээр олон залуус Японы компаниудын дараах онцлогт татагдаж байгаа аж. Өмнөд Солонгосын компаниудтай харьцуулахад Японы компаниуд:
-Шинэ төгсөгчдийг ажилд авах,
-Тэднийг эхнээс нь сургах,
-Компанийн дотор ур чадварыг нь хөгжүүлэх
тогтолцоог илүү хадгалж үлдсэн гэжээ
Ким Си-хён:
Өмнөд Солонгосын компаниуд ихэвчлэн туршлагатай ажилчдыг илүүд үздэг. Харин Японы компаниуд шинэ төгсөгчдийг ажилд авч байна.
гэжээ.
Тэрээр Донггук Их Сургуулийн Япон судлалын дөрөвдүгээр дамжааны оюутан бөгөөд мэдээллийн технологи болон хиймэл оюуны салбарт ажиллах сонирхолтой байгаа аж.
Ли Чанг Мин профессорын хэлснээр Өмнөд Солонгосын ажиллах хүч Японы компаниудын хувьд маш үнэ цэнтэй нөөц болж байна.
Учир нь солонгос ажил горилогчид хэд хэдэн давуу талтай.
1. Хэлний давуу тал
Япон хэлээр ажил хэргийн түвшинд харилцаж чаддаг гадаадын ажилтан олон биш. Харин олон солонгос залуус япон хэл сурсан, японы нийгэм, соёлыг ойлгодог, японд суралцаж байсан туршлагатай байдаг.
Профессор Ли:
Хэл болон соёлын хувьд солонгос ажил горилогчдын чанар маш өндөр. Бодит ажлын түвшинд шаардлагатай япон хэл ашиглаж чаддаг гадаад хүмүүс тийм ч олон байдаггүй.
гэжээ.
2. Боловсрол болон өрсөлдөх чадвар
Солонгосын боловсролын систем маш өрсөлдөөнтэй. Их сургуульд элсэх, сайн компанид орох өрсөлдөөн өндөр байдаг тул залуус хичээнгүй, хурдан суралцдаг, өндөр зорилготой байх хандлагатай.
Японы компаниуд энэ чанарыг үнэлдэг байна.
Японы зөвлөх компанийн Томоёо Хаторигийн хэлснээр ажилтан сонгохдоо тухайн хүний улсын харьяаллаас илүү чадвар чухал.
Тэр ажлын яармаг дээр:
Бид хэнийг ч улс үндэстнээр нь дүгнэдэггүй. Сайн ажилтан байвал бид түүнийг ажилд авахыг хүснэ.
гэсэн байна.
Түүний анзаарснаар солонгос ажил горилогчид өрсөлдөх чадвар өндөр, ажлаа хурдан ойлгодог, хариуцлагатай, хичээл зүтгэлтэй байдаг байна.
Гадаад ажилтан авах нь Японы компаниудын ажиллах хүчний асуудлыг шийдэх нэг арга боловч шинэ сорилт дагуулж байна.
Тэр сорилт нь:
Гадаад ажилтнуудаа удаан хугацаанд тогтоон барих асуудал юм.
КОREC компанийн үүсгэн байгуулагч Мое Касүгайгийн хэлснээр:
Солонгос ажилчид карьер ахих, илүү өндөр цалин авахын тулд ажлаа солих хандлагатай.
Харин Японы компаниудын уламжлалт үзэл нь нэг компанид олон жил ажиллах, байгууллагадаа үнэнч байх, дотроо албан тушаал ахих соёлд илүү дассан байдаг.
Тиймээс солонгос ажилчдын хөдөлгөөнтэй карьерын хандлага нь зарим Японы компаниудад шинэ сорилт болж байгаа юм.
Касүгай:
Энэ шилжилт хөдөлгөөн Японы компаниудын хувьд тодорхой саад болж байна. Гэхдээ өнөөдөр японы залуу ажилчид ч ажлаа солих нь нэмэгдэж байгаа. Тиймээс Японы компаниудын ойлголт аажмаар өөрчлөгдөнө гэж бодож байна.
гэжээ.
Ли Чанг Мин профессорын хэлснээр гадаад ажилтан дараах нөхцөлд ажлаа орхих магадлал өндөр байдаг.
-Сургалт хэт удаан үргэлжилбэл;
-Олж авсан ур чадвараа өөр салбарт ашиглах боломжгүй бол;
-Компанийн дотор өсөж дэвших боломж хязгаарлагдмал байвал;
-Албан тушаал ахих хугацаа хэт удаан байвал.
Өөрөөр хэлбэл, зөвхөн ажил олгох биш, ажилтанд ирээдүйн карьерынх замыг тод харуулах шаардлагатай болж байна.
Мое Касүгайгийн хувьд энэ ажил нь зөвхөн ажилд зуучлах биш, харин Япон, Солонгосын ард иргэдийн хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэх боломж гэж үздэг.
Тэр:
Солонгос хүмүүс Японд очиж ажиллах үед тэд япон хамт олонтойгоо харилцаж эхэлнэ. Магадгүй өмнө нь хэзээ ч солонгос найзтай байгаагүй хүмүүс солонгос соёлын талаар ойлголттой болно.
гэсэн юм.
Түүний үзэж буйгаар ийм төрлийн хүмүүс хоорондын харилцаа, харилцан ойлголцлыг зөвхөн төрийн бодлогоор бус, хувийн хэвшлийн санаачилга ч хөгжүүлж чадна.










