Үндэстэн бүр бахархах түүхтэй, дээдлэх соёлтой, эрхэмлэх үнэт зүйлтэй нь лавтай. Монголчууд бидний хувьд ч нүүдэлчин соёл, төрт ёсны уламжлал, өвөг дээдсийн сүр хүч гээд маргахын аргагүй бахархалууд бий. Гэвч ганцхан бахархал, бэлгэдэл, омогшил, өв соёлоор ард түмнийг удаан хугацаанд удирдан цэнгүүлснээр хөгжлийг орлуулж чадахгүй.
Хорин нэгдүгээр зуунд өнгөрсөн түүх, өв соёл, билэгдлээр бус, өнөөдрийн бүтээмж, мэдлэг, инновац, сахилга хариуцлагаар өрсөлдөж буй. Дэлхий хиймэл оюун ухаан, өндөр технологи, эрчим хүчний шинэ эх үүсвэр, үйлдвэрлэлийн шинэ хувьсгалын төлөө уралдан ажиллаж байхад бид зөвхөн “аугаа түүх”-ээ давтан ярьсаар, өв соёлоо улиг болтол давтан давтан онгирцгоолоо гээд хөгжлийн хоцрогдлоо юугаар нөхөх вэ?

Монголчууд бидэнд намар бол найр хуримын гэхээсээ хахир өвлийг халиралгүй давах бэлтгэл хугацаа. Сүүлчийн нүүдэлчин гэж омойтохоо орхиж намрын налгар өдрүүдэд өвс тэжээлээ базааж, түлээ модоо зэхэж амжвал өвөл өнтэй байх нь гарцаагүй. Харин улс орны хэмжээнд бид өвөлдөө хэрхэн бэлтгэж байна вэ?
Эрчим хүчний салбар хүчин чадлынхаа хязгаарт тулж, ирэх өвөл дахиад л оройдоо харанхуй, шөнөдөө хүйтэн хоноцгоох уу?
Шатахууны нийлүүлэлт гаднын улсуудаас хэт хараат хэвээр, улам лавширч байна. Олон улсын геополитикийн нөхцөл байдал эмзэг, худалдаа, ложистикийн эрсдэл улам нэмэгдсээр ахуй. Ийм үед бидэнд хамгийн хэрэгтэй зүйл үнэхээр өв соёл, билэгдэл, омогшил уу?

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
“Бодит бэлтгэл” хаана явна?
Хийсэн, хийж байна, хийх гэж байна гэсэн хийрхсэн олон рийлүүд биднийг өнтэй өвөлжүүлэх үү?
Зуны сар зургаа биш. Зундаа амрах нь хүйтэн өвлийн ерөндөг мөнөөсөө мөн. Амарч зугаалах нь ч буруу биш. Хөдөлмөрлөсөн бол амрах эрхтэй. Гэхдээ хэрээс хэтэрсэн зугаа цэнгэл, үрэлгэн хэрэглээ, асуудлаа мартаж хойш тавих хандлага, архидан согтуурч, халамцсан хөөрүү сэтгэл хүйтэн өвлийг улам л хүндрүүлнэ. Байгаль эх цаг хугацааг хүлээдэггүйтэй адил эдийн засгийн бодит сорилт ч биднийг өрөвдөхгүй бас хүлээхгүй.
Өнөөдөр бидэнд илүү их хөдөлмөр, илүү их бүтээмж, илүү их сахилга бат үгүйлэгдсээр...
Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдээ яаралтай нэмж, үйлдвэрлэлээ дэмжин, импортын хараат байдлаа бууруулах, шинжлэх ухаан, боловсролдоо хөрөнгө оруулж, төрийн үрэлгэн зардлаа танах, хувийн хэвшлийн боломжийг тэлэх гээд бодит алхмууд л ирээдүйг бүтээнэ бас амсхийх боломж олгоно.
Эх орноо хайрлана гэдэг зөвхөн төрийн далбаагаа мандуулах, морио дээдлэн хуураа магтах, өвөг дээдсээрээ бахархан билэгдэлд автах юм гэж үү?
Найдвартай эрчим хүч, тогтвортой эдийн засаг, өрсөлдөх чадвараа урагшлуулах нь бүтэн улсаа бүрэн дүүрэн байлгах хайр бас хариуцлага биш гэж үү?
Наадмын уухай намжлаа. Намрын салхи наашиллаа. Залгуулаад өвөл асуй. Ирээдүй бахархлаар биш, бэлтгэлээр биднийг магтан дуулах нь дамжиггүй гэж санам.









