



















Лхагва гарагийн орой АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Холбооны Нөөцийн Сангийн дарга Жером Пауэллийг шүүмжилсэн байр сууриа дахин илэрхийлж, түүнийг огцрохыг шаардсан хэвээр байна.
Доналд Трамп өөрийн нийгмийн сүлжээ болох Truth Social хуудсанд шууд нэр дурдалгүйгээр “Хэт оройтсон” хүн яаралтай огцрох ёстой!” гэж бичсэн нь бодлогын хүүгийн түвшинг бууруулахад Пауэлл хэтэрхий оройтож байна хэмээн өмнө нь хэлж байснаа давтан дурджээ.

Мөн тэрбээр Холбооны Орон Сууцны Санхүүгийн Агентлагийн дарга Билл Пултегийн Конгрессоос ХНБ-ийн дарга Пауэллийн талаар шалгалт явуулахыг уриалсан нийтлэлийг хавсаргасан байна. Тодруулбал, Пауэллийн Сенатын өмнө хийсэн мэдүүлэг нь төв банкны төв байрыг шинэчлэх төлөвлөгөөг буруу мэдээлсэн байж болзошгүй хэмээн Пулте мэдэгдэж байсан юм.
Билл Пулте өмнө нь ч Пауэллийг шүүмжилж, түүнийг огцрохыг шаардсан ба бодлогын хүүгийн түвшинг даруй бууруулахыг Трампын нэгэн адил шаардаж байв.
Доналд Трамп олон удаа хүүгийн түвшинг 2-3 хувиар бууруулах ёстой гэж мэдэгдэж, Пауэллийг шахсаар ирсэн. Харин Пауэлл үүнд хариулахдаа Трампын худалдааны татвар инфляцыг өсгөх эрсдэлтэй тул хүүг бууруулах боломжгүй хэмээн тайлбарладаг.
Трампын ийм төрлийн шүүмжлэл нь ХНБ-ны бие даасан байдалд халдаж, 2026 оны тавдугаар сард дуусах Пауэллийн бүрэн эрхийн хугацааг дуусахаас нь өмнө огцруулах оролдлого хийх вий гэх болгоомжлолыг төрүүлж байна.









