Өнөөдөр Японы Ерөнхий сайдын зөвлөх Такүжи Айда Японы Төв банк (ЯТБ-BOJ) бодлогын хүүгээ энэ сард нэмэх магадлалтай бөгөөд ирэх оны нэгдүгээр сар хүртэл улирал тутамд нэг удаа хүүгээ өсгөх хандлага үргэлжилнэ гэж мэдэгдлээ.

Инфляцийг (Хэрэглээний Үнийн Индекс Үг.Мн) дэмжсэн бодлогыг баримтлагч түүнийг Японы Төв банкны бодлогын хүүгийн өсөлтийг хамгийн хүчтэй эсэргүүцэгчдийн нэг гэгддэг. Өмнө нь Такүжи Айда дараагийн бодлогын хүүгийн өсөлтийг 2027 оны нэгдүгээр сард болно гэж таамаглаж байсан ч уг таамгаа урагшлуулжээ.
Түүний үзэж байгаагаар, аравдугаар сарын эхээр парламент ээлжит бус чуулганаа хуралдуулах гэж байгаа тул өмнө нь (есдүгээр сар) бодлогын хүүгээ нэмэх боломж олдох хязгаарлагдмал зай олдож байгаа аж.
Парламентын ээлжит бус чуулганаар бусад хуулийн төслүүдийн зэрэгцээ Ерөнхий сайд Санаэ Такаичигийн хүнсний бүтээгдэхүүнд ногдуулдаг 8 хувийн татварыг хоёр жилийн хугацаанд түр зогсоох төлөвлөгөөтэй холбоотой хуулийг хэлэлцэх юм.
Айда судалгааны тэмдэглэлдээ:
Есдүгээр сард хүүгээ нэмсний дараа Японы Төв банк ирэх оны нэгдүгээр сар гэхэд дахин нэг удаа хүүгээ өсгөх магадлалтай. Үүний дараа ЯТБ ойролцоогоор зургаан сар тутамд нэг удаа хүүгээ нэмэх хэмнэлд шилжинэ.
гэжээ.
Гэхдээ тэрээр хүүг хэт эрт, хэт хурдацтай нэмэгдүүлэх нь Японы эдийн засагт дарамт учруулна гэж анхааруулсан байна.
Айда нь Credit Agricole банкны эдийн засгийн ахлах шинжээч юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Засгийн газрын эдийн засгийн гол зөвлөхүүдийн нэг болох Айдагийн энэхүү байр суурь нь ЯТБ-ны хүүгийн өсөлтийг болгоомжилдог Ерөнхий сайд Такаичигийн засаг захиргаанд ч цаашид хүүгээ нэмэх шаардлагатай гэсэн ойлголт улам өргөжиж байгааг харуулж байна.
Ингэснээр хүсээгүй хэмжээнд суларч буй иений ханшийн уналтыг зогсооход дэмжлэг үзүүлж болох юм.
Зах зээл есдүгээр сарын 17–18-нд болох дараагийн мөнгөний бодлогын хурлаар ЯТБ бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр нэмэгдүүлж, 1.25 хувьд хүргэх магадлалыг бараг бүрэн тооцоолон үнэд шингээжээ.
АНУ-ын шахалт
Есдүгээр сард хүү нэмэх хүлээлт АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент өнгөрсөн долоо хоногт ЯТБ хүүгээ өсгөхийг дахин уриалснаар улам нэмэгдсэн байна.
Скотт Бессент иений сулралтай тэмцэхийн тулд Японы Төв банк мөнгөний бодлогодоо “шийдэмгий” алхам хийхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
Японы Төв Банкны Ерөнхийлөгч Казүо Уэда мөн өнгөрсөн долоо хоногт төв банк есдүгээр сард бодлогын хүү нэмэх асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгдсэн.
Тэрээр инфляцийн эрсдэл нэмэгдэж байгаа эсэхэд илүүтэй анхаарч шийдвэр гаргана гэж хэлсэн нь энэ сард хүү нэмэгдэх магадлал өндөр байгааг илтгэсэн юм.
Скотт Бессентийн ЯТБ-ны талаар хийсэн мэдэгдлийн талаар асуухад Сангийн сайд Сацүки Катаяма мөнгөний бодлогын шийдвэр нь төв банкны хариуцах асуудал гэдгийг дахин давтан хэлжээ.
Харин Ерөнхий сайд Такаичи сүүлийн үед мөнгөний бодлогын талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.








