



















Манчестер Юнайтедын ахлах дасгалжуулагч Рубен Аморим багийнхаа ахлагч Бруно Фернандесийг магтан сайшаалаа. АНУ-ын Нью Жерси мужийн MetLife цэнгэлдэх хүрээлэнд болсон Премьер лигийн өрсөлдөгч Вест Хэм Юнайтедын эсрэг 2-1 харьцаатай хожсон нөхөрсөг тоглолт нь түүнийг багийн ахлагчаа сайшаах шалтгаан болсон байна. Уг тоглолтод Фернандес хоёр гоол оруулсан юм.
Өнгөрсөн улиралд Бруно Фернандес нийт 57 тоглолтод 19 гоол, 19 гоолын дамжуулалт өгч, багийнхаа "Оны шилдэг тоглогч"-оор нэрлэгдсэн. Түүнийг энэ оны эхээр Саудын Арабын "Ал Хилал" клуб сонирхож байсан ч, 30 настай тоглогч өнгөрсөн сард уг саналыг татгалзсан гэдгээ мэдэгдэж, “Хамгийн өндөр түвшинд тоглохыг хүссэн” гэжээ.

Аморим түүний багт эзлэх үүргийн талаар дараах мэдэгдлийг хийжээ:
“Өнгөрсөн улиралд түүний тоглолт тодорхой байсан — гоол, дамжуулалтаас гадна өөр олон зүйл бий.
Одоо түүнийг манлайлахад туслах өөр тоглогчид ч байна гэж би мэдэрч байна. Энэ бол сайн хэрэг. Тэр бол бидний ахлагч, зөвхөн талбай дээр төдийгүй гадуур ч багийг манлайлагч. Үйлдлээрээ ч үлгэрлэдэг.
Заримдаа асуудал нь тэр хэт урамтай байж, анхаарлаа тарааж, үндсэн үүргээ гээдэг. Заримдаа багийн нөхдөө хэтэрхий их дэмжих гээд, өөрөө бөмбөг рүү хэт анхаарч орчихдог.”
Манчестер Юнайтед энэ зуны солилцоо наймааны цонхоор Матеус Куня болон Брайан Мбеумо нарыг багтаа элсүүлээд байгаа ба Аморим эдгээр тоглогчид нь Фернандест довтолгооны дарамтыг багасгана хэмээн онцолжээ.
“Өнгөрсөн улиралд би Фернандесийн бөмбөг эзэмшилтийг нэмэгдүүлэхийн тулд арагш шахаж тоглуулж байсан. Ингэснээр бид түүнийг хаалганы ойролцоо алдаж байлаа.
Харин одоо Брайан, Куня нар өөр шинж чанартай. Би мөн Кобби Майнугийн тоглолтыг ихэд таашаадаг. Тиймээс энэ улиралд Фернандест илүү туслалцаа үзүүлж чадна гэж харж байна.”










