



















1991 онд Америкийн үйлдвэрийн эзэн Тед Тернерын зураг “Time” сэтгүүлийн хавтас дээр гарчээ. Тэр хуучнаар ЗХУ ба АНУ-ын хооронд “сайн санааны тоглолт” спортын уралдаан тэмцээн явуулах ер бусын санаачлага гаргасны ачаар оны хүнээр шалгарсан. Тед Тернер амьдралынхаа туршид олон зүйл хийснээс хамгийн алдартай бүтээл нь “CNN” буюу дэлхийд нэр хүндтэй хэвлэл мэдээллийн компани юм.
Ноён Тернерын бодууштай нэг ишлэл байдаг. “Forbes сэтгүүлд тавигддаг Америкийн баячуудын жагсаалт манай орныг сүйрүүлж байна. Энэ шинэ супер баячууд мөнгийг багц багцаар нь цуглуулж, нэрсийн жагсаалтаас доошоо өнхөрчих вий гэж үхтлээ айцгаадаг. Энэ тэдний талбар. Бүх хөрөнгө хэрэгсэл хэдхэн хүний, бусадтай хуваалцахыг үл хүсэгч хүмүүсийн гарт төвлөрч байна. Энэ бол тэдний хувьд ч улс орны хувьд ч аймшигтай” гэж дурджээ.
Эцгийн захиас
Тед Тернер 1938 оны 11-р сарын 19-нд Огайо мужийн Цинцинатад мэндэлжээ. Түүнийг балчир байхад тэднийх Теннеси рүү шилжин суурьшиж бага Тернер өөрөө удаан хугацаагаар тэнд амьдарсан юм. Тэдний аав Эд нь удаан “Turner Outdoor Advertising” гэдэг зар сурталчилгааны багавтар агентлагтай байв. Эцэг хүү хоёрын харьцаа энгийн биш байлаа. Тэд ихэнхдээ хэл амаа ололцож үл чадна. Гэлээ ч гэсэн залуудаа сонсож байсан эцгийн сургааль захиас, түүнийг бизнесмен болох замд хамгийн чухал байсан гэж Тед боддог.
Бага байхдаа Тед үеийнхэнээсээ сурлагаара биеийн тамираар хичээллэдэгээрээ ялгардаг байв. Бүр 9 настайгаасаа далбаат завины спортоор хичээллэж, энэ төрлөөрөө Америкийн цомын 1977, 1979 оны хоёр удаагийн аврага болж байжээ. Тедийн муухай зан мах цусанд нь шингэсэн бөгөөд эцэг нь түүний дүрсгүйтэхийг хүнд хөнгөн янз бүрийн аргаар шийтгэдэг байв. Тeрнерийн өөрийн ярьснаар хамгийн хүнд шийтгэл нь Эд хүүгээ өөрийгөө зодохийг албаддаг байв. Өөрөөр хэлбэл Тед Тернер өөрийнхөө дүрсгүйтсэний төлөө эцгийгээ шийтгэдэг байж. Энэ нь түүнд асар хүчтэй нөлөөлдөг байсан юм. Хэдийгээр үзэл бодол таардаггүй ч Тедийн хувьд аав нь бараг л Македоны Александр, Наполеон Бонапарт шиг үлгэр дууриалал болдог.
Сургууль төгсөнгүүтээ л тэр ирээдүйн тухай бодож эхлэв. Түүний ирээдүйн хүсэл тэмүүлэлд бүрэн тохирохуйц их сургуулийг сонгох хэргтэй болов. Хэрэв эцгийн нөлөө байгаагүй бол бид өнөөдөр “CNN”-ийн тухай мэдэх ч үгүй харин Тед залуу Америкчуудад Грек хэл заадаг жирийн нэг профессор байх байсан биз. Эцэг нь Тедэд өрийнхөө замаар явахыг үргэлж зөвлөдөг, олон нийтийн санаа бодолд автах хэрэггүй, өөрийнхөөрөө зүтгэсэн хүн л амжилтанд хүрнэ гэж байнга захидаг байжээ. Тед ч үүнийг хатуу ойлгов.
1960 оноос Тед эцгийнхээ дэргэд ажиллав. Анх Мэкон гэх жижгэвтэр хотын салбарын эрхлэгч болов. Мэдээж ажил их хүнд бас Тедэд туршлага дутаж байсан ч эхний жилдээ л хэд хэдэн амжилттай алхам хийсэн нь орон нутгийн өрсөлдөгчдийг гүйцэт түрүүлэхэд дэм болсон. Тэр жилдээ Тед анх удаа Жуди Гейлтэй гэрлэсэн ч гэрлэлт нь дөнгөж хоёр жил үргэлжилжээ. Тэрхэн үеийн баярт үйл явдлуудыг харлуулсан гунигт үйл явдал болсон нь “Turner Outdoor Advertising” өрөнд унасан байна. Эцэг нь өр ширээ яаж төлөөхөө ч мэдэхгүй байв. Тэр амь тэмцэн мэгдэж тархиндаа сум зоов. Ингээд Тед Тернер өрөнд баригдсан компаний тэргүүн болжээ.
“CNN”- ийн гарвал
1964 онд Тед хоёр дахь удаагаа гэрлэв. Түүний сонголт Ширли Смит байлаа. Энэ үед л тэр, компанид нь зах зээлд гарахад нь ямар нэгэн цоо шинэ зүйл зайшгүй хэрэгтэйг ухаарчээ. Тед эцэг шигээ ажиллахыг хүссэнгүй. Тэр үед радио телевиз гээд өндөр ашиг үнэртүүлсэн сурталчилгааны шинэ хэрэгслүүд нэвтэрч эхлэв. Түүнээс гадна засгийн газарт холбоо сүлбээ чухал гэдгийг ойлгон бүгд найрамдах намын гишүүн болжээ.
1967 онд тэрээр “WTCG” компанийг худалдан авав. Тэр үед уг компани дампуурал зарлан, ирээдүйн “CNN”-ыг үндэслэгч маань задгай мөнгөөр шахам авчээ. Тэгээд л ажиллаж эхлэв. Эхлээд нэвтрүүлэх сувгийн болзлыг дахин дахин судалсан байна. Шинэ мэдээг тэр өрсөлдөгчид шигээ үзүүлэхийг зорьсонгүй. Тэр үед шинэ мэдээг цагт хоёр удаа 18:00 цагаас, 18:30 цагаас тус тус нэвтрүүлж байв. Тед нэвтрүүлгийн сүлжээг бага зэрэг өөрчлөв. Эхний мэдээг ердийн үеийнхээс 5 минутын хойно дараагийнхыг нь ирж буй цагт 25 минут дутуу байхад тус тус нэвтрүүлж эхлэсэн байна. Ийм сонголт амжилт олж Тедийн мэдээ өрсөлдөгчдийн мэдээний дэвсгэр дээр ялгарч харагдах болсон.
1970 он бол Тед Тернерын хувьд хоёр чухал үйл явдлын тэмдэглэлт жил байв. Нэгд түүний компани рекламны хувьд АНУ-ын өмнөд хэсэгт салбартаа хамгийн том компани болжээ. Энэ бол том ололт. Хоёрт Тед Тернерын телевизийн төслийн эргэн тойронд “Turner Broadcasting Systems” компани байгуулагдав. Үзэгчид “WTGC”-д сайн сайхныг өглөө. Суваг, тамхимаа томсгож тэр нь зар сурталчилгааны орлогын өсөлтөнд нөлөөлөв.
1980 онд “CNN” (Cable News Network) хорвоод мэндэллээ. Энэ нь тухайн үедээ жинхэнэ хувьсгал байлаа. “CNN” нь хорин дөрвөн цагаар ажилладаг мэдээллийн суваг юм. Тэр нь маш их амжилт олж CNN суваг удалгүй Америкийн хил хязгаарыг давлаа. “MGM”-ыг худалдан авсны дараа Тернер эхнэрээсээ салав. Тэр удаан ганц бие явсангүй, гурван жилийн дараа алдарт жүжигчин Жейн Фондатай гэрлэсэн юм.
Тэр ондоо “CNN” нэгэн өвөрмөц нэвтрүүлэг хийсэн нь “Цөлийн шуурга” ажиллагааг шууд нэвтрүүлсэн явдал байв. Нэвтрүүлэг үзэгчдийн сэтгэлд асар их нийцэж түүнээс хойш иймэрхүү нэвтрүүлэгүүд “CNN”-ын байнгын сэдэв боллоо. 1993 онд “CNN” суваг ОХУ-ын Дээд Зөвлөл руу дайрсан дайралтыг шууд дамжуулав. Ер нь 90-ээд оны эхээр Тернерын бойжуулсан “аврага хүүхэд” олон нийтийн мэдээллийн хэрэгсэлийн зах зээл дээр хамгийн нөлөөтэй тоглогч болж байлаа.
1996 онд Тернер “Turner Broadcasting Systems Times Inc” компаниа худалдав. Арилжааны үнэ 7.4 тэрбум долларт хүрсэн. Сонирхолтой нь Тед Тернер “CNN” мэдээгээ олон нийтэд яаж хэрхэн хүргэж байгаад хэзээ ч оролцдоггүй байв. Тэр үед Руперт Мердокийн хэвлэлийн газар өөрийн үндэслэгчийн байр суурийг үргэлж өргөж явдаг байхад, Тернер энэ бүхнээс холуур явдаг байлаа. Түүний урьтал болгодог ганц зүйл нь ашиг байв. Ганцхан энэ л түүний сэтгэлийг зовоодог байна. Тед Тернерийн өөрийн ярьснаар бол тэр дөрвөн удаа дампуурахад ойрхон байсныг тэмдэглэх нь зөв биз. Эцэг нь нас барж Тед түүний компаний эзэн болохдоо ердөө 24 настай байжээ. Түүнд бизнесийн арвин их туршлага байсангүй, компаний ажил хэрэг зөөлөн хэлэхэд ой гутмаар явж байсан. Тэр үед Тернерын түүх дуусч ч болох байлаа. Дампуурах магадлалтай хоёр дахь үе нь 1970 онд “Channel -17” компанийг худалдан авах үе байв. Дараа нь 1980 онд “CNN”, 1985 онд “MGM” байсан гэдэг. Эдгээр байгууллагууд азтай байгаагүй ч нэг нь ч Тернерыг дампуурал руу хөтлөөгүй юм.
Тэр хэзээ ч эрсдэлээс эмээж байгаагүй. Энэ тухай өөрөө их сайхан хэлсэн байдаг. “Би хар багаасаа л “Ертөнцийн эзэн байхыг хүсч байна!” гэж өөртөө давтдаг байсан. Товч тодорхой томъёолол жижиг сажиг болж бутрахгүй томоор амьдрахад минь тус болсон. Би сул дорой байдал, хожигдол, азгүйтлийг хүлээж авдаггүй. Наполеон бол миний үргэлжийн шүтээн” гэсэн юм.
Орчуулсан: Жамбалдоржийн БАДАРЧ









