



















"Лос Анжелес хотод болох 2028 оны Олимпийн наадмыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп удаан хугацаанд дэмжиж, сурталчилж ирсэн бөгөөд түүнийг цаашид ч дэмжсээр байх болно" гэдэгт Олон улсын олимпийн хорооны (IOC) одоо огцрох гэж буй ерөнхийлөгч Томас Бах итгэлтэй байгаагаа баасан гарагт мэдэгдсэн байна Лос Анжелес хотод Олимп зохион байгуулах эрхийг 2017 онд Трамп ерөнхийлөгч байх үед олгосон бөгөөд тэр жил Трамп Томас Бахтай Цагаан ордонд уулзаж байжээ.
Гэвч Трамп өнгөрсөн сард АНУ-д "Трансжендер" тамирчдыг эмэгтэйчүүдийн спортод оролцохыг хориглосон нь Олимпийн дүрэмтэй зөрчилдөж байгаа юм. Учир нь IOC-ийн дүрмээр "Трансжендер" тамирчдыг Олимпод оролцохыг зөвшөөрдөг бөгөөд Паралимпийн наадам ч мөн адил зөвшөөрдөг.
Лос Анжелесийн Олимп бусад Олимп шиг холбооны төсвөөс хамаарахгүй, хувийн хөрөнгөөр санхүүжиж байгаа ч холбооны засгийн газар аюулгүй байдал, тээвэр, аялал зэрэг олон салбарт чухал үүрэг гүйцэтгэнэ.
“Миний залгамжлагчид өгөх зөвлөгөө бол ерөнхийлөгч Доналд Трамп болон түүний засгийн газрын Лос Анжелесийн Олимпийг дэмжих дэмжлэгт итгэх хэрэгтэй” гэж зургадугаар сард ажлаа өгөх гэж буй Бах хэвлэлийн уулзалтын үеэр хэлжээ.
“Трамп эхний бүрэн эрхийн хугацаандаа энэ Олимпийг үргэлж дэмжиж, сурталчилж байсан. Энэ Олимпийн эрхийг ч түүний эхний бүрэн эрхийн үед олгосон. Тэр спортод хайртай.” гэж тодотгосон байна. Доналд Трамп анхны засгийн газраа 2017 онд байгуулахдаа исламын шашинт орнуудыг чиглэсэн аяллын хорио тавьж байсан бөгөөд тухайн үедээ "Исламын дайчдын халдлагаас АНУ-ыг хамгаалах шаардлагатай" гэж тайлбарлаж байв.
Гэтэл Олимпийн наадамд дэлхийн 200 гаруй орны 10,500 гаруй тамирчин оролцдог бөгөөд тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, хэвлэл мэдээллийнхэн, гадаадын хөгжөөн дэмжигчид зэрэг олон мянган хүн ирдэг тул уг хориг спортын ертөнцөд санаа зовнил төрүүлж байна.
“Бид Лос Анжелесийн Олимпийг зохион байгуулах хорооны болон ерөнхийлөгч Трамп, түүний засгийн газрын хооронд маш сайн харилцаа тогтсон гэдгийг харж байна. АНУ-ын Олимп, Паралимпийн хороотой ч мөн адил сайн харилцаатай” гэж Бах хэлжээ.
71 настай Германы иргэн Бах 12 жил IOC-г удирдсан бөгөөд зургадугаар сард ажлаа өгөхөөр болж, түүнийг хэн залгамжлахыг гуравдугаар сарын 20-нд сонгоно.
Дараагийн ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж буй 7 нэр дэвшигч:
IOC-ийн урт хугацааны ерөнхийлөгч байсан Хуаны хүү Хуан Антонио Самаранч
Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Себастьян Кое
Олимпийн олон удаагийн аварга, Зимбабве улсын спортын сайд Кирсти Ковентри
Олон улсын дугуйн холбооны тэргүүн Давид Лаппартиент
Йорданы гүн Фейсал Аль Хуссейн
Олон улсын гимнастикийн холбооны тэргүүн Моринари Ватанабэ
Олон улсын цанын холбооны тэргүүн, шинэ оролцогч, саятан бизнесмен Йохан Элиаш нар нэр дэвшээд байгаа юм.











