



















АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хамгийн дуртай үг "ТАРИФ" гэх үг байж магадгүй. Харин алдарт хөрөнгө оруулагч Уоррен Баффеттын хувьд тийм ч таатай сэдэв биш бололтой. “Тарифууд бол үнэн хэрэгтээ тодорхой хэмжээнд дайны үйлдэл юм” гэж Баффетт Ням гарагт "CBS"-телевизэд д өгсөн ярилцлагадаа хэлжээ. "Berkshire Hathaway" компанийн Гүйцэтгэх захирал, тэрбумтан хөрөнгө оруулагч Уоррен Баффетт импортын "Тариф" нь аажмаар бараа бүтээгдэхүүн дээр ногдуулах татвар болж, улмаар хэрэглэгчдэд үнэ өсөх байдлаар тусдаг гэж тайлбарлав.
"Шүдний дагина зөрүүг төлөхгүй шүү дээ!" хэмээн Баффетт хошигнон хэлсэн байна.
"Тариф" нь импортын бараанд ногдуулах татвар тул олон улсад худалдааны урсгалыг тасалдуулдаг. Энэхүү зардлыг ихэвчлэн үйлдвэрлэгчид, эцэстээ хэрэглэгчид үүрдэг. Эдийн засагчдын үзэж байгаагаар "Тариф" нь худалдааны дайнд ашиглагддаг улс төрийн зэвсэг бөгөөд олон улсын худалдааны үр дүнтэй арга биш гэжээ.
Уоррен Баффетт ховор тохиолдох уг ярилцлагадаа "CBS News"-ийн Норах О’Доннеллдтхй ярилцсан юм. Ярилцлагын ихэнх хэсэг нь Вашингтон Пост-ын хуучин эрхлэгч, Баффеттын найз агсан Кэтрин Грэхамын талаар байв. Гэвч тэр эдийн засгийн талаар хэдэн асуултад хариулсан байна.
Омахагийн зөнч тарифын үр дагаврыг ойлгохын тулд үргэлж “Дараа нь юу болох вэ?” гэсэн асуулт тавих нь чухал гэж онцолжээ. "Та эдийн засгийн талаар үргэлж энэ асуултыг тавих ёстой: 'Дараа нь юу болох вэ?'" гэж Баффетт хэлсэн юм.
Трамп тарифуудаа хэрэгжүүлэх төлөвлөгөө мягмарт гарагт хэрэгжиж эхэлсэн
Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагаас эхлэн Канад, Мексикээс импортлох бараанд 25%-ийн тариф ногдуулахаар төлөвлөж байна. Мөн өнгөрсөн даваа гарагт БНХАУ-д ногдуулаал байсан 10%-ийн тарифаа нэмэгзүүлж 20% болгосон.
Трампын захиргаа тарифын бодлого дээр олон удаа өөрчлөлт хийж байгааг энд тодотгох нь зүйтэй. Эдийн засагчид энэ тарифууд нь АНУ-ын хэрэглэгчдэд өдөр тутмын бараа, тухайлбал цахилгаан хэрэгсэл, автомашины үнэ өсөх байдлаар нөлөөлнө гэж үзэж байна. Энэхүү тарифууд нь хэрэглэгчдийн итгэл буурах, инфляцийн өсөлтийн эрсдэлтэй үед хэрэгжиж байгаа юм.
БНХАУ АНУ-ын эсрэг хариу тариф ногдуулж, худалдааны дайн дахин дэгдэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Энэ удаад Европын Холбоо болон бусад худалдааны түнш орнууд ч Трампын "Харилцан тарифын" бодлогын бай болох магадлалтай.
АНУ-ын Худалдааны сайд Уоррен Баффеттын үгийг үгүйсгэв
Даваа гарагт CNN-ийн "The Situation Room" нэвтрүүлэгт оролцохдоо Худалдааны сайд Ховард Лутник Баффеттын тарифын талаарх үгийг “Инээдтэй” гэж хэлсэн юм.
Лутник тарифуудыг АНУ-ын Дотоод орлогын албыг (Iternal Revenus Service -IRS АНУ-ын Холбооны Засгийн Газрын татварын асуудал хариуцсан агентлаг. Манайхаар Татварын Ерөнхий Газар) орлох боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
"Үнэндээ АНУ 1913 оноос өмнө зөвхөн тарифын орлогоор санхүүждэг байсан. Харин Дэлхийн нэгдүгээр дайнд орсныхоо дараа бид бүгд хамтдаа хичээж, "Дотоод орлогын алба" (IRS) гэх гайхалтай нэртэй байгууллагыг бий болгосон" гэж Ховард Лутник онцолсон юм. Гэхдээ Худалдааны сайд Ховард Лутник "IRS"-ийг АНУ Дэлхийн нэгдүгээр дайнд орсон үед үүсгэсэн гэж ташаа тайлбарласан байна.
Үнэн хэрэгтээ "IRS" нь анх 1862 онд Иргэний дайны үед байгуулагдсан юм. Холбооны орлогын албан татвар нь 1913 онд АНУ-ын Үндсэн хуулийн 16 дахь нэмэлт өөрчлөлтөөр батлагдсан бөгөөд энэ нь АНУ Дэлхийн нэгдүгээр дайнд орохоос дөрвөн жилийн өмнөх үйл явдал байлаа. Түүнээс хойш холбооны орлогын татвар АНУ-ын хамгийн том төсвийн орлогын эх үүсвэр болсон.
АНУ-ын засгийн газар 1913 оноос өмнө тарифын орлогоос хамааралтай байсан нь үнэн. Гэвч 2020-иод оны АНУ-ын эдийн засаг дэлхийн хэмжээнд маш өргөн хүрээнд хөгжсөн бөгөөд 1800, 1900-аад оны эдийн засгаас хэтэрхий том болжээ. Тиймээс "IRS"-ийг татан буулгаж, тарифуудаар орлуулах санаа нь санхүүгийн хувьд бодит бус бөгөөд олон асуудалтай тулгарна.
Тариф ба эдийн засгийн дайн
Уоррен Баффетт тарифуудыг "дайны үйлдэл" гэж хэлэхдээ дэлгэрүүлж тайлбарлаагүй ч тарифууд нь олон улсын худалдаанд хамгаалалтын бодлогын нэг хэлбэр болж ирсэн юм.
1930-аад онд АНУ "Smoot-Hawley" тарифын тухай хууль баталж, өндөр тариф тогтоосон нь Их хямрал-ыг даамжруулсан гэж үздэг. Тухайн үед Францын хэвлэлүүд үүнийг эдийн засгийн дайн зарлаж буй үйлдэл хэмээн нэрлэж байжээ.
Баффетт өмнө нь ч тарифын сөрөг үр дагаврын талаар шүүмжилж байсан. 2016 онд тэрбээр Трампын сонгуулийн кампанит ажлын үеэр санал болгосон тарифуудыг "Mаш муу санаа" гэж хэлж байв.
Баффеттын зах зээлийн талаарх үзэл бодол
"CBS"-ийн ярилцлагын үеэр Баффеттаас АНУ-ын эдийн засгийн ерөнхий төлөв байдлын талаар асуухад тэр үүнийг "Дэлхийн хамгийн сонирхолтой сэдэв" гэж нэрлэсэн ч цаашид тайлбар өгөхөөс татгалзжээ. Сүүлийн жилүүдэд Баффеттын үг хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихэд татаж байна. "Berkshire Hathaway"-ийн бэлэн мөнгө болон түүнтэй дүйцэх хөрөнгийн хэмжээ 2024 оны дөрөвдүгээр улиралд 334.2 тэрбум доллар хүрч, өмнөх оны 167.6 тэрбум доллараас хоёр дахин нэмэгдсэн. Тус компани "Apple", "Bank of America" зэрэг томоохон хувьцаануудаа зарахын зэрэгцээ, мөнгөн хөрөнгөө нэмэгдүүлсэн нь Баффеттын АНУ-ын зах зээлийн талаарх байр суурийг эргэцүүлэхэд хүргэж байна









