



















"Bridgewater Associates" хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Рэй Далио "Өнөөдөр АНУ хямралын ирмэг дээр ирээд байна" хэмээн анхааруулсан байна. Түүний үзэж байгаагаар "Дэлхийн улстөрийн тогтворгүй байдал болон Ерөнхийлөгч Доналд Трампын тарифын бодлого нь тус улсыг хямрал руу түлхэж эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөр байгаа аж". Тэрээр "Одоо бид зөв шийдвэр гаргах чухал цэг дээр байна. Маш ойрын хугацаанд хямрал тохиолдож болзошгүй" хэмээн NBC телевизийн "Meet the Press" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Түүнээс худалдааны дайны уршгаар АНУ-д хямрал нүүрлэх үү? хэмээн асуухад тэрээр "Олон оронд ногдуулж буй тарифууд ойрын өдрүүдэд гэнэтийн байдлаар өөрчлөгдөж буй нь ихээхэн тогтворгүй байдал бий болгож байна" хэмээн онцолжээ.
Өнгөрсөн долоо хоногт "Цагаан Ордон" олон улсад ногдуулсан тарифаа эргэн харж 90 хоногоор зогсоосон шийдвэр гаргасан ч ганцхан БНХАУ-ыг уг шийдвэрийн гадна үлдээсэн юм.
Рэй Далио "Цагаан ордон"-ы энэхүү эргэж буцаад байгаа үйлдлийг "Дотоодын үйлдвэрлэл рүүгээ чулуу шидэж байгаатай адил" гэж зүйрлэжээ. Энэ үйлдэл нь маш сөрөг нөлөөтэй бөгөөд тодорхойгүй эргэж буцсан шийдвэр нь хөрөнгө оруулалтыг саармагжуулж эргэлзээнд оруулан, урт хугацааны бүтээмжийг хохироож мэдэхээр байгааг анхааруулсан байна.
Тэрээр дан ганц тариф ч бус дэлхийн дэлхийн засагт заналхийлж байгаа томоохон эрсдэлүүдийг ч онцолсон ажээ. Үүнд АНУ-ын өсгөн нэмж буй татвар, төсвийн алдагдлын тэлэлт, геополитикийн тогтворгүй байдал зэргийг дурдсан байна.
"Дэлхийн дэг журамд маш гүнзгий өөрчлөлтүүд орлоо. Хэрэв хүчирхэгжин тэлж буй улсуудтай тулгарах асуудлыг авч үзвэл хэрхэн шийдвэрлэхээс шалтгаалан хямралаас дор зүйл тохиолдож мэднэ" хэмээн мэдэгдсэн.
Мөн тэрээр үүсээд буй нөхцөл байдлыг 1971 он болон 2008 оны санхүүгийн хямралуудтай адилтган зүйрлэсэн байна.









