



















Швейцарийн Үндэсний Банк (ШҮБ) өөрийн валютын нөөцөд “Криптовалют”-ыг багтаах саналыг няцаан татгалзсан байна. Өнгөрсөн баасан гарагт Швейцарийн Берн хотод болсон төв банкны удирдах зөвлөлийн хурал дээр төв банкны дарга Мартин Шлегель татгалзсан тухайгаа мэдэгдсэн. Шлегель хэлэхдээ “Одоогоор криптовалютууд Швейцарийн Үндэсний Банкны валютын нөөцөд багтах шаардлагуудыг хангахгүй байна” гэсэн юм. Харин криптовалютыг дэмжигчид биткойныг төв банкны нөөцдөө багтаахыг шаардсан шахалтаа улам нэмэгдүүлж байгаа аж.
Шахалт үзүүлэгчид “АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын худалдааны тарифаас үүдэлтэй эдийн засгийн тогтворгүй байдал нь төв банкийг нөөцөө төрөлжүүлэхэд анхаарах ёстойг бидэнд мэдрүүлж байна” хэмээн мэдэгдсэн. Криптовалютыг нөөцөд багтаахыг шаардагчид Швейцарийн Үндсэн хуулийг өөрчлөх санал асуулгын аян эхлүүлээд байгаа бөгөөд хуулийг өөрчилснөөр “Биткойн”, “Алт” зэрэг хөрөнгүүдийг үндэсний банк нөөцдөө багтаах боломжтой болох юм.
Мартин Шлегелийн үзэж байгаагаар зах зээлд криптовалютын хөрвөх чадвар муу, үнэ ханшийн хэлбэлзэл өндөр байгаа нь санаа зовоох асуудал хэмээн мэдэгджээ. Тэрээр төв банкны нөөц валют нь ямар ч үед худалдах, худалдан авах боломжтой байх шаардлагыг онцолсон байна. Харин криптовалютын ханшийн хэлбэлзэл өндөр байдаг нь нөөцийн валютад тогтвортой хадгалахад эргэлзээ төрүүлж байгаа гэжээ.
Мартин Шлегель биткойны талаар мэдэгдэл хийхээс өмнө “Биткойн”-ыг нөөцөд авахыг санаачлагчдын нэг Лузиус Майссер байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр биткойныг “Тусгай хөрөнгө” хэмээн нэрлэж, уламжлалт өрийн бичгийн (Бонд) оронд авахуйц үнэ цэнтэй хөрөнгө хэмээн тайлбарласан байна. Майссерийн үзэж байгаагаар биткойн нь ердийн нөхцөлд тийм ч их үнэ цэнтэй биш байж болох ч олон туйлт дэлхийн дэг журам өөрчлөгдөж, улс орны бондуудад итгэх итгэл буурах нөхцөлд өндөр үнэ цэнтэй болох ажээ.









