Эцэг эхчүүд хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд хамгийн сайн нөлөө үзүүлдэг зүйл болох спортоор хичээллэхийг хамгийн муу зүйлсийн нэг болгон хувиргаж байна.

Судалгаанаас үзэхэд спортоор хичээллэх нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, сэтгэл гутрал болон түгшүүрийг бууруулахад тустай байдаг ажээ.
Доктор Эдит Брачо-Санчес нь Нью-Йорк хотын Колумбийн их сургуулийн Ирвингийн нэрэмжит эрүүл мэндийн төвийн хүүхдийн анхан шатны тусламжийн эмч юм. Тэрээр Америкийн Хүүхдийн Анагаах Ухааны Академийн “Healthy Children” подкастыг эцэг эхчүүдэд зориулан хөтөлдөг.
Хүү минь дөрвөн нас хүрээд удаагүй байхдаа өөрөөс нь ах 5, 6 настай хүүхдүүд тоглодог, сонгон шалгаруулалттай сагсан бөмбөгийн лигт тоглох урилга хүлээн авсан юм. Бид бүгд маш их баярласан.
Миний хүү сагсан бөмбөгийн спортод сайн байсныг нь зөвхөн бид анзаарсан юм биш. Тэрээр дүүргийнхээ багт өөртэйгөө адил 3, 4 настай хүүхдүүдтэй тоглохдоо маш их хөгжилддөг байснаас гадна тухайн насныхан дотроо үргэлж хамгийн шилдэг нь байлаа.
“Хэрэв бид түүнийг сорьж, чадварыг нь ахиулахыг хүсэж байгаа бол өөрийгөө илүү дайчлах орчинд оруулах хэрэгтэй юм биш үү?” гэж бид бодсон.
Өөрөөс нь ах, бас авьяастай хүүхдүүдтэй тоглуулах нь сайхан санаа мэт санагдаж байлаа.
Нөхөр маань коллежид байхдаа сагсан бөмбөг тоглодог байсан бол би хүүхдийн эмч. Тиймээс бид төлбөрийг нь төлж, долоо хоног бүрийн бэлтгэлд нь хүргэж өгөхийн тулд ажлын хуваариа хүртэл зохицуулсан.
Гэтэл дараа нь юу болсныг эргээд бодоход харамсалтай ч урьдчилан таамаглахуйц зүйл байсанд ихээхэн харамсдаг.
Эхэндээ тэр маш их баяртай байсан. Багийн өмсгөл нь өвдөгт нь бараг хүрэхээр том байсан ч өмсөөд талбай руу гүйж орно. Бөмбөг залах чадвараараа бүгдийг гайхшруулж, ах нарын алдсан шидэлтийг хүртэл хийж чаддаг байлаа.
Гэвч дасгалууд улам нарийн, төвөгтэй болох тусам түүний дөрвөн настай тархи ах хүүхдүүдтэй зэрэгцэж чадахгүй болов. Түүнчлэн хурд сорьж уралдах үед тэр үргэлж хамгийн сүүлд ордог байлаа.
Дараагийн хэдэн долоо хоногт бид түүнийг бэлтгэлийн өмнө улам бүр түгшиж айдастай байгааг анзаарсан. Эцэст нь тэр бэлтгэлдээ явахаас татгалздаг болсон юм.
“Энэ чинь одоо огт хөгжилтэй биш болсон” гэж тэр бидэнд хэлсэн.
Би хүүхдийн сэтгэл зүйгээр мэргэшсэн, сэтгэцийн эмч мэргэжилтэй найз нөхөд рүүгээ утасдаж, улирлыг нь дуусгахад нь хэрхэн туслах талаар зөвлөгөө авсан юм. Яагаад ч юм би түүнийг эхлүүлсэн зүйлээ заавал дуусгах нь чухал гэж бодож байлаа.
Гэхдээ энэ бүх туршлага бидэнд нэг асуулт үлдээсэн.
Би бусад гэр бүлүүдтэй ярилцаж байхдаа сайн санаатай ч өөрсдөө анзааралгүйгээр хүүхдүүдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалдаг хамгийн чухал зүйл спортыг стресс, дарамтын эх үүсвэр болгосон гэр бүл зөвхөн бид биш гэдгийг ойлгосон.
Олон үеийн турш хүүхдийн спорт гэрийнх нь ойролцоо, өнөөгийн хэллэгээр бол хөршийн хүүхдүүд цуглаад тоглодог энгийн тоглоомын шинжтэй байлаа. Хүүхдүүдийн чөлөөт тоглоом, сонирхогчдын лиг, орон нутгийн багууд зэрэгцэн оршдог байв.
Өөр өөр насны хүүхдүүд өөрсдөө тоглоомоо зохион байгуулж, дүрмээ хүртэл өөрсдөө зохиодог байсаар ирсэн. Харин насанд хүрэгчид ихэвчлэн талбайн хажууд ажиглагчийн байр суурьтай байж, эсвэл огт оролцдоггүй байв.
Хүүхдийн спорт анх зохион байгуулалттай хэлбэрт шилжсэн үед ч энэ сэтгэлгээ хадгалагдаж байсан.
Жишээлбэл, Багачуудын Лиг 1939 онд байгуулагдахдаа зориудаар орон нутгийн шинжтэй байжээ. Пенсильванийн Уильямспорт хотод зуны улиралд 30 хүүхэд гурван багт хуваагдан бейсбол тоглодог байсан юм. Үүсгэн байгуулагч нь хүүхдүүдэд спортын ёс зүй, шударга тоглолт, багаар ажиллах чадварыг заахыг зорилгоо болгож байжээ.
Тухайн үеийн хүүхдүүд ч нэг спортоор жилийн турш хичээллэхээс илүүтэй улирлаас хамаарч өөр өөр спортоор хичээллэдэг байв.
Гэвч 1990-ээд он, 2000-аад оны үед хүүхдийн спортын энэхүү чөлөөтэй, орон нутгийн, өндөр хүлээлтгүй хэлбэр аажмаар өөрчлөгдөж эхэлсэн.
Өөр хот руу тэмцээнд явдаг аяллын баг, клубын багууд олширч, хувийн дасгалжуулалт болон “элит” сургалтын академиуд ашигтай бизнесийн салбар болж хувирсан байна.
Мөн хүүхэд найм, есөн нас хүрэхээсээ өмнө нэг спортоор дагнан, жилийн турш эрчимтэй бэлтгэл хийж байж л ирээдүйд өндөр түвшинд өрсөлдөх боломжтой болно гэсэн ойлголт түгэн дэлгэрсэн.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Шинжлэх ухааны судалгаанууд энэ үзлийг дэмждэггүй байсан ч зах зээл дэмжиж байлаа. Ингэснээр эцэг эхчүүдэд хүрдэг, мөн эцэг эхчүүд хоорондоо ярилцдаг байдал аажмаар өөрчлөгджээ.
Хүүхдийг элит түвшинд хүргэхээс илүү спортоос нь таашаал авахад нь анхаарах нь дарамтыг багасгаж чадна.
Хүүхдээ илүү өндөр түвшинд өрсөлдүүлэх хүсэл яагаад төрдгийг би ойлгодог. Учир нь би өөрөө ч тийм мэдрэмжийг мэдэрч байсан. Хүүхэд тань ямар нэгэн зүйлд бусдаас илүү сайн байгааг харах үед түүнийг илүү өрсөлдөөнтэй орчинд оруулах нь дарамт мэт санагддаггүй. Харин ч “Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ боломжийг ашиглуулах ёстой” гэсэн үүрэг хариуцлага мэт санагддаг.
Хэн ч хүүхдийнхээ авьяас, боломжийг ашиглалгүй орхисон эцэг эх байхыг хүсдэггүй. Үүний цаана заримдаа бүр чимээгүй, тооцоотой нэгэн найдвар байдаг. Тэмцээн, аяллын зардал, хувийн хичээл, хүүхдийн төрсөн өдрийн арга хэмжээг алгассан цаг хугацаа нь хэзээ нэгэн өдөр коллежийн тэтгэлэг, цаашлаад мэргэжлийн тамирчны карьер болж эргэж ирнэ гэсэн найдвар.
Гэвч тоо баримт өөр зүйлийг харуулж байна.
АНУ-ын Коллежийн спортын холбоо буюу NCAA-ийн мэдээллээр ахлах сургуулийн тамирчдын ойролцоогоор 7 хувь нь л ямар нэгэн спортоор коллежийн түвшинд үргэлжлүүлэн хичээллэдэг.
Харин тэдний 2 хүрэхгүй хувь нь спортын амжилттай холбоотой академик тэтгэлэг авдаг байна.
Цааш ахих тусам энэ боломж улам бүр багасна.
Америкийн Хүүхдийн Анагаах Ухааны Академийн мэдээлснээр спортоос хамааран ахлах сургуулийн тамирчдын ердөө 0.2–0.5 хувь нь эцэст нь мэргэжлийн тамирчин болдог. Мэдээж эдгээр статистик нь хүүхдүүдийг спортын багт оруулахгүй байх шалтгаан биш.
Харин бид яг юуг зорьж байгаагаа үнэнээр нь ойлгож, хүүхдийн сонирхогчдын лигийг мэргэжлийн карьерын эхлэл мэт үзэж эхлэхэд юуг золиосолж байгаагаа бодох шалтгаан юм.
Саяхан хийгдсэн, бараг 190 гаруй судалгааг хамарсан томоохон системчилсэн тоймоос үзэхэд спортоор хичээллэх нь хүүхдүүдийн хувьд:
-өөртөө итгэх итгэл өндөр байх,
-амьдралдаа сэтгэл хангалуун байх,
-сэтгэл гутрал багатай байх,
-түгшүүр багатай байх зэрэгтэй холбоотой болохыг тогтоожээ.
Түүнчлэн багаар тоглодог спортын үр нөлөө нь ганцаарчилсан спортоос илүү хүчтэй болохыг судалгаагаар харуулсан байна.
Гэхдээ Америкийн Хүүхдийн Анагаах Ухааны Академи эдгээр үр өгөөж нь удаан хугацаанд, олон талтай байж, хүүхдэд таатай байдлаар спортоор хичээллэхтэй холбоотой болохыг онцолжээ. Харин заавал өндөр түвшний тамирчин болохтой холбоотой биш аж.
Харин спортоо эрт сонгож, нэг чиглэлээр дагнан, хэт эрчимтэй бэлтгэл хийх нь ядарч туйлдах, түгших, сэтгэл гутрах, спортоо орхих эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Тэгээд ч бид яг ийм үзэгдлийг одоо харж байна. Спортоо орхиж байгаа хүүхдүүдийн хамгийн түгээмэл хэлдэг шалтгаан нь гэмтэл бэртэл эсвэл авьяас чадваргүй байдал биш, “Энэ чинь одоо хөгжилтэй биш болсон” гэдэг үг байдаг.
Энэ асуудлыг шийдэхэд үнэндээ тийм ч хэцүү зүйл байхгүй. Гэхдээ энэ нь өнөөгийн соёл, хандлагатай зөрчилддөг.
-Хүүхдүүдэд нэгээс олон спортоор хичээллэх боломж олго.
-Ялагдах нь амьдралынх нь ирээдүйг шийдэх мэт хүндээр тусахгүй гэдгийг ойлгуул.
-Бэлтгэл гэдэг айж, түгшиж очдог газар биш, харин хүүхэд тэсэн ядан хүлээдэг зүйл байг.
Хэрэв бид хүүхдүүдэд эртнээс өгч ирсэн спортын тэр бүх эерэг нөлөөг нь хадгалахыг хүсэж байгаа бол — өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, стрессээ зохицуулахад нь туслах, бусадтай хамт байж, нэг багийн нэг хэсэг байхыг заах — хүүхдийн спортыг коллежийн элсэлт, тэтгэлгийн төлөөх өрсөлдөөний эхлэл мэт харахаа болих хэрэгтэй.
Хүүхдийн спорт анхнаасаа ямар байх ёстой байсан, тэр чигээр нь байлгах хэрэгтэй:
Бид эцэст нь хүүгийнхээ спортоор хичээллэх баяр баяслыг эргүүлж чадсан юм. Бид хүүтэйгээ хамт спортоос таашаал авах тэр мэдрэмжийг дахин олж чадсандаа баяртай байгаа.
Хүүдээ сагсан бөмбөгийн улирлаа дуусгасныхаа дараа хэсэг завсарлаж, усанд сэлэлт болон хөлбөмбөг тоглохыг сонгож боломжийг олгосон юм.
Энэ намар тэрээр сагсан бөмбөгтөө эргэн орохоор шийдсэн. Гэхдээ энэ удаа өөр өөр насны хүүхдүүдтэй нэг багт тоглоно. Тэдний дунд бараг таван настай хүүхдүүд ч байгаа.
Харин тэр багт ч бас бусдаас онцгой сайн тоглож эхэлбэл бид түүнийг дахин илүү өндөр түвшинд түлхэх хүсэлдээ автахгүй байж чадах уу?
гэдэг асуулт бидний өмнө ахиад л тавигдах болно.
Харин би хүсэлдээ автахгүй байж чадна гэж бодож байгаа.









