



















Хятадын өрсөлдөгчдөөс ирэх дарамт нэмэгдсэн мөн Европын автомашин үйлдвэрлэгчид цахилгаан машины зах зээлд илүү хүчтэй түрэн орж буйгаас "Tesla"-гийн Европ болон Их Британийн борлуулалт нэгдүгээр сард огцом буурчээ. Европын Холбоо, Европын Чөлөөт Худалдааны Холбоо болон Их Британид бүртгэгдсэн "Tesla"-гийн шинэ автомашины тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 45.2%-иар буурч, 9,945 болсон гэж Европын Автомашин Үйлдвэрлэгчдийн Холбооноос мягмар гарагт мэдээлсэн. Үүний зэрэгцээ, компанийн зах зээл дэх эзлэх хувь 1.8%-иас 1%-д хүртэл буурсан байна.
Нэгдүгээр сарын шинэ автомашины тайлангаас харахад нийт дүнгээрээ 2.1%-иар буурсан бөгөөд Франц, Итали, Германд уналт ажиглагджээ. Гэсэн хэдий ч цахилгаан автомашинууд (BEV) бүс нутагт зах зээлээ тэлсээр байгаа нь харагдаж байна. BEV-үүдийн зах зээлийн эзлэх хувь 10.9%-иас 15% болж өссөн бол нийт шинэ BEV борлуулалт 34%-иар нэмэгдэж, 124,341 нэгжид хүрсэн байна. Харин бензин хөдөлгүүртэй автомашины тайлангаас харахад 18.9%-иар буурч, 290,301 болсон байна.
Гэсэн ч "Tesla" энэ өсөлтийг ашиглаж чадсангүй.
Volkswagen компанийн борлуулалт нэгдүгээр сард 14.9%-иар өсөж, өрсөлдөгчдөөсөө хамгийн их өсөлт үзүүлжээ. "Toyota" компани тансаг зэрэглэлийн "Lexus" загвараа илүү их борлуулж, "Renault" ч мөн борлуулалтаа нэмэгдүүлжээ.
Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч "SAIC Motor Corp Ltd" борлуулалтаа 37%-иар нэмэгдүүлж, "Tesla"-г хол хаясан байна. Энэ компани зах зээлийн 2.3%-ийн хувийг эзэлж байгаа.
"Tesla"-гийн огцом уналт нь цахилгаан автомашины зах зээлд өрсөлдөөн ширүүсч, ялангуяа хос хөдөлгүүрт (hybrid) автомашинууд болон Хятадын үйлдвэрлэгчдийн үнийн дайнаас үүдэлтэй гэж үзэж байна. Тус компани 2024 онд түүхэндээ анх удаа жилийн нийлүүлэлт нь буурсан үзүүлэлттэй гарсан бөгөөд үүнд гүйцэтгэх захирал Илон Масктай холбоотойгоор компанийн нэр хүнд муудаж буй асуудал ч нөлөөлсөн байх магадлалтай.









