



















Даваа гарагт Ази дахь арилжаагаар алтны үнэ буурлаа. Алтны үнэ буурахад АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын дөрөвдүгээр сарын 2-нд хэрэгжүүлэх тарифийн бодлого санаснаас зөөлөн байж магадгүй хэмээн үзсэн хөрөнгө оруулагчидтай холбоотой. Харин бусад металлууд бага зэрэг өссөн байна.
Гэхдээ алтны ханш сүүлийн хүрсэн дээд цэгээсээ нэг их хол биш байгаа. Спот алтны үнэ унци нь 0.2 хувиар буурч, 3045.51 ам.доллар болсон бол тавдугаар сарын фьючерс унци нь 3049.30 ам.доллар орчимд тогтвортой байна. Өнгөрсөн долоо хоногт спот ханш түүхэн дээд түвшин 3057 ам.долларт хүрсэн. Хөрөнгө оруулалтын "Голдман Сакс" банкны шинжээчид 2025 оны сүүл буюу арванхоёрдугаар сард унци алтны ханш 3100 ам.долларт хүрнэ хэмээн таамагласан. Гэтэл унци алтны ханш гуравдугаар сард тэдний таамагласан ханшид ойртлоо.
Гэхдээ Ерөнхийлөгч Доналд Трампын тарифийн бодлого хэрэгжихэд 7 хоног л үлдсэн байна. Дөрөвдүгээр сард хэрэгжүүлэх тарифын бодлогод автомашин, эмийн бүтээгдэхүүн, хагас дамжуулагчид гэх мэт бүтээгдэхүүнүүдэд тариф нэмэхгүй байх магадлалтай байгаа аж.
Үүнээс гадна ОХУ-Украйн улсууд энхийн хэлэлцээрт суух, Египетийн зуучлалаар Израйл улс "Хамас" бүлэглэл гал зогсоох гэрээ байгуулах магадлалтай байгаа нь хөрөнгө оруулагчдыг бага зэрэг тайвширахад нөлөөллөө.
Харин АНУ-ын тарифийн бодлого болон БНХАУ-ын ган хайлуулах үйлдвэрүүд хаагдаж болзошгүй гэсэн хүлээлтийн үндсэн дээр "Зэс"-ийн үнэ өсжээ.
Энэ долоо хоногт АНУ-ын эдийн засгийн гол үзүүлэлтүүд болох
Худалдан авагч менежерийн индекс (PMI)
PCE үнийн индекс
IV улирлын ДНБ-ний эцсийн үзүүлэлт
зэрэг мэдээнүүд гарахаар хүлээгдэж байна.
АЛТНЫ СПОТ ХАНШ









