



















Японы технологийн аварга корпорациудаас эхлээд "Toyota" зэрэг томоохон компаниуд цалинг огцом нэмэгдүүлэх үйлдвэрчний эвлэлийн шаардлагыг гурав дахь жилдээ дараалан хүлээн зөвшөөрч, инфляцийн өсөлтөөс ажилчдаа хамгаалах, мөн хөдөлмөрийн хомсдолд өртөхөөс сэргийлэх алхам хийжээ. "Шүнто" буюу хаврын цалингийн нэмэгдлийн ээлжит хэлэлцээр лхагва гарагт өндөрлөхөд Hitachi үйлдвэрчний эвлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, сарын цалинг 6.2%-иар нэмэгдүүлэх түүхэн дээд шийдвэр гаргасан байна.
"Toyota"-ийн гол нийлүүлэгч "Denso" мөн адил түүхэн дээд хэмжээний цалингийн нэмэгдэл хийхээр төлөвлөсөн бол "Toyota" компанийн үйлдвэрлэлийн ажилчдын цалин өнгөрсөн жилийнхтэй ижил түвшинд буюу 1999 оноос хойших хамгийн өндөр өсөлттэй байна гэжээ.
Японы эрх баригчид сүүлийн үед огцом өссөн хүнсний үнэ, иений ханш суларсан үед аж ахуйн нэгжүүдийн ашгийн дээд үзүүлэлтүүд-ийг харгалзан цалинг эрчимтэй нэмэгдүүлэхийг шаардаж буй. Гэвч эдгээр нэмэгдэл нь хэрэглээний зардлыг өсгөхөд хангалттай нөлөөлөх эсэх, мөн Японы Төв банкны бодлогын хүүг нэмэгдүүлэх нөхцөл болох эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Эдийн засагчид Япон дахь компаниудын дундаж цалингийн өсөлт 2025 онд 5.1% орчим байна гэж таамаглаж байгаа нь 33 жилийн хамгийн өндөр өсөлт болсон өнгөрсөн жилийн түвшинд дөхөх магадлалтай.
7 сая гишүүнтэй Японы хамгийн том үйлдвэрчний эвлэл болох "Рэнго" 3-р сарын 14-нд урьдчилсан тайлангаа танилцуулах бөгөөд тэдний зүгээс дундаж 6.09% нэмэгдэл шаардаж байгаа (өнгөрсөн онд 5.85% байсан).
"Mizuho Research and Technologies"-ийн ахлах эдийн засагч Наоки Хаттори хэлэхдээ:
"Хэрэв дундаж цалингийн өсөлт 5-5.5% орчим байвал Төв банк ойролцоогоор зургаан сар тутамд нэг удаа хүү өсгөх бодлогоо үргэлжлүүлнэ. Хэрэв энэ өсөлт 6% руу дөхвөл байдал өөрчлөгдөнө. Ялангуяа үйлчилгээний салбарын үнэ нэмэгдэх боломжтой. Үүнээс болж 3-р сард биш ч 5-р сард хүү өсгөх магадлал бий" гэжээ.
Гэвч "Meiji Yasuda Research Institute"-ийн эдийн засагч Казутака Маэда:
"Хэрэв нийт компаниудын цалингийн өсөлт 5-5.5% орчим байвал энэ нь зөвхөн инфляцийг тэнцвэржүүлж, бодит хэрэглээг нэмэгдүүлэхгүй" хэмээн болгоомжлов" гэжээ.
2025 оны нэгдүгээр сард хэрэглээний үнийн индекс (шинэ хүнс оруулсан, гэхдээ түрээс оруулаагүй) жилийн 4.7% өссөн нь сүүлийн 2 жилийн хамгийн өндөр түвшин болсон.
Мөн Японы нийт ажиллах хүчний 70%-ийг эзэлдэг жижиг, дунд компаниуд цалин нэмэх эсэх нь ч дундаж өсөлтөд чухал нөлөө үзүүлэх юм.
"Toyota" компанийн дотоодын нийлүүлэгчдээс авах сэлбэгийн үнийг өсгөж, тэдний цалин нэмэх боломжийг хангахаа мэдэгдсэн.
Ерөнхий сайд Шигэру Ишиба үйлдвэрчний эвлэл, бизнесийн төлөөллүүдтэй уулзах үеэр:
"Жижиг компаниудын зүгээс цалингийн өсөлтийг үнэ дээрээ шингээж чадахгүй байна. Үүнтэй холбоотойгоор засгийн газар бодлогын арга хэмжээ авна" хэмээв.
Томоохон компаниудаас "Mitsubishi Heavy Industries", "NEC" бүрэн дэмжсэн бол "Nippon Steel" компани, "Panasonic" компани үйлдвэрчний эвлэлийн хүссэн түвшинд хүрээгүй ч цалин нэмсэн байна.
2000 оноос өмнө 1-2% өсөлттэй явж ирсэн Японы цалин сүүлийн 20 жил OECD-ийн дундажтай харьцуулахад доогуур байжээ.
"Hitachi"-ийн хүний нөөцийн орлогч захирал Сусуму Такимото хэвлэлийн бага хурал дээр:
"Энэ жил бол цалингийн өсөлтийн хандлагыг бататгах, Япон эдийн засгийг дефляциас бүрэн ангижруулах чухал жил" гэжээ.
(1 доллар = 147.8900 иен)
1 иень=23 төгрөг 61 мөнгө









