Улаан тэнгист Йемений Хутичууд Саудын нефть тээвэрлэгч танкеруудыг довтолсноо мэдэгдэж, АНУ-ын Ирантай хийж байгаа дайнтай холбоотойгоор дэлхийн нефтийн нийлүүлэлтэд шинэ "боомилох цэг" үүсэх эрсдэлийг нэмэгдүүллээ.
Өнөөдөр Ираны дэмжлэгтэй Йемен улсын Хути босогчид Саудын Арабын нефть тээвэрлэгч хоёр танкерыг довтолсон гэж мэдэгдсэн. Энэ нь Саудын Арабын эсрэг зарласан далайн бүслэлтийн ажиллагааны нэг хэсэг бөгөөд Иран улсын хаасан "Ормузын хоолой"-той зэрэгцүүлэн дэлхийн нефтийн нийлүүлэлтийг тасалдуулах хоёр дахь стратегийн "Боомилох цэг" бий болох аюулыг нэмэгдүүлж байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар тус улсын арми Ираны эсрэг шинэ агаарын цохилтуудыг хийж, дараалан 12 дахь шөнөө довтолгоогоо үргэлжлүүллээ.
Үүний хариуд Иран бүс нутаг дахь АНУ-ын цэргийн байгууламжууд руу цохилт өгсөн байна.
Иран улс "Иордан дахь АНУ-ын пуужингийн систем, зэвсгийн агуулах, шатахууны нөөц, мөн Кувейт дэх Аль-Адири хуаран, Али Аль Салем агаарын бааз, Доха хуаран, Арифжан цэргийн баазуудыг онилсон" гэж мэдээлжээ.
"Ормузын хоолой" бүрэн хаагдсанаас дэлхийн хэмжээнд инфляц өсөж, нефтийн үнэ огцом нэмэгдэж, АНУ-д шатахууны үнэ өссөн нь Конгрессын сонгуулийн өмнө Дональд Трампын Бүгд найрамдах намын холбоотнуудад улс төрийн дарамт болж байна.
Баб-эль-Мандебийн хоолойн орчим нутгийг хянадаг Хутичууд даваа гарагт Саудын Арабын эсрэг далайн бүслэлт зарласнаа мэдэгдсэн. Шинжээч үүнийг Иран хэлэлцээний давуу байдал бий болгохын тулд ашиглаж буй тактикийн алхам гэж үзэж байна.
Лхагва гарагт Улаан тэнгист явж байсан таван танкер Баб-эль-Мандебийн хоолойгоос зайлсхийхийн тулд чиглэлээ өөрчилсөн бол, Саудын нефть ачсан гурван танкер Хятад болон Энэтхэгийг зорьж явснаа гэдрэг буцжээ.
Хутичууд "Encelia", "Layla" нэртэй Саудын нефть тээвэрлэгч хоёр танкерт пуужин болон дроноор цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Саудын төрийн SPA агентлаг "Encelia" танкер оногдож, урд хэсэгт нь гал гарсныг баталсан ч "Layla" танкерын талаар албан ёсоор мэдээлэл өгсөнгүй.
Далайн аюулгүй байдлын эх сурвалжийн мэдээлснээр "Encelia" танкер Улаан тэнгис дэх Саудын Жизан боомтын ойролцоо пуужинд өртсөн тухай ослын дохио илгээжээ.
Сүүлийн үед Саудын Араб Ормузын хоолойноос зайлсхийхийн тулд өдөр бүр сая сая баррель нефтийг Улаан тэнгисийн Янбу боомтоор дамжуулан экспортолж байсан.
Хэрэв Баб-эль-Мандебийн хоолойгоор тээвэрлэх боломжгүй бол зөвхөн Суэцийн сувгаар дамжин тойруу урт замаар явах бөгөөд энэ нь тээврийн хугацаа, зардлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх юм.
АНУ-ын одоогийн болон өмнөх албан тушаалтнууд Хутичуудын энэхүү бүслэлт нь дайны хүрээг улам тэлж, аль хэдийн олон фронтод ачаалалтай байгаа АНУ-ын армид илүү их дарамт учруулна гэж анхааруулжээ.
Үүний зэрэгцээ нийт 4 сая баррель Саудаас нефть ачсан Хятадын хоёр аварга VLCC супертанкер пүрэв гарагт Баб-эль-Мандебийн хоолой руу чиглэн явж байгааг тээврийн мэдээлэл харуулжээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Улаан тэнгис дэх нөхцөл байдал хурцдахаас өмнө Ерөнхийлөгч Трамп:
Ормузын хоолойд явж буй усан онгоц руу Иран гал нээх бүрт бид Ираны нэг гүүр эсвэл цахилгаан станцыг устгана.
хэмээн мэдэгдсэн.
Үүний хариуд Ираны Зэвсэгт хүчний нэгдсэн командлал хэрэв ийм халдлага болбол бүс нутгийн нефть, хий, цахилгаан болон эдийн засгийн бүх чухал дэд бүтцийг онилж, "Нэг ч дусал нефть экспортлох боломжгүй болгоно" гэж анхааруулжээ.
Удалгүй Ираны Хувьсгалт гвард Ормузын хоолойн өмнөд хэсэгт уурхайн бүсэд дэлбэрэлт болсон бөгөөд гурван танкерын нэг нь шатаж, үлдсэн хоёр нь буцсан гэж мэдээлэв.
Мөн тэд Ормузын хоолой бүрэн өөрсдийн хяналтад байгаа бөгөөд Ираны зөвшөөрөлгүйгээр ямар ч танкер нэвтрэхгүй гэж мэдэгдсэн байна.
Гал зогсоох хэлэлцээр нуран унаснаас хойш 12 дахь өдрөө үргэлжилж буй АНУ-ын довтолгоо өмнөд бүсээс гадна Ираны баруун болон төв хэсгийг хамарчээ.
АНУ-ын Төв командлал Ираны усан тээврийн хөдөлгөөнд заналхийлэх чадварыг сулруулах ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ Бушер хотын ойролцоох цэргийн байгууламжид хоёр удаа цохилт өгсөн бөгөөд энэ бүсэд Ираны цорын ганц ажиллагаатай цөмийн цахилгаан станц байрладаг.
Мөн Ирактай хиллэх Шаламче боомтод болсон АНУ-ын пуужингийн цохилтын улмаас хоёр хүн амиа алдаж, 11 хүн шархадсан гэж Ираны төрийн телевиз мэдээлжээ.
АНУ Ираны цэргийн чадавхыг устгасан гэж мэдэгдэж байгаа ч Тегеран пуужин, дроны хүчин чадлаа хадгалсаар байна.
Энэ долоо хоногт Иран Кувейтийн ус цэвэршүүлэх байгууламж, эрчим хүчний дэд бүтэц, мөн Кувейт, Бахрейн, Иордан дахь АНУ-ын цэргийн объектуудад цохилт өгсөн.
Ираны Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнгөрсөн сарын сүүлээс хойш 53 энгийн иргэн амь үрэгдэж, 592 хүн шархадсан байна.
АНУ, Израилын хоёрдугаар сарын 28-нд эхлүүлсэн дайнаас хойш нийтдээ мянга мянган хүн амиа алдаж, сая сая хүн дүрвэхэд хүрчээ.
АНУ-ын арми энгийн иргэдийг зориудаар онилдоггүй гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь Женевийн конвенцыг зөрчих эрсдэлтэй юм. Гэсэн ч Трамп Ираны иргэний дэд бүтцэд цохилт өгөх талаар удаа дараа сүрдүүлсэн бөгөөд хэрэв тухайн байгууламжийг цэргийн зориулалтаар ашиглаж байгаа бол олон улсын хуулийн хүрээнд бай болж болохыг тэмдэглэжээ.
Нөгөө талаар дайны улмаас АНУ-ын 18 цэргийн алба хаагч амь үрэгдэж, 450 гаруй хүн шархадсан.
Лхагва гарагт Трамп Делавэр мужийн Доверын агаарын цэргийн баазад болсон ёслолд оролцож, сүүлийн өдрүүдэд Ираны халдлагад амь үрэгдсэн дөрвөн америк цэргийн шарилыг хүлээн авчээ.
Тэрээр:
Ерөнхийлөгчийн хувьд энэ бол хийхэд хамгийн хэцүү зүйлсийн нэг. Гэхдээ хийхээс өөр аргагүй.
хэмээн мэдэгдсэн байна.
Дараа нь Жоржиа мужид үг хэлэхдээ уг дайныг:
Би үүнийг ердөө л жижиг мөргөлдөөн гэж нэрлэнэ.
хэмээн илүү зөөлөн өнгө аясаар тайлбарлажээ.








