



















Монгол Улс 2025 онд хэдийг олж хэдийг зарах вэ гэдгээ хэлэлцэж дуусаад хэдхэн хоног өнгөрөөд байна. 2025 онд орлого 23.1 ихнаяд төгрөг буюу өнөөдрийн Монголбанкны зарласан албан ам.долларын ханшаар 6.7 тэрбум ам.доллар бол зарлага 26.4 ихнаяд буюу 7.7 тэрбум ам.доллар төсвийн алдагдал 3.9 ихнаяд төгрөг буюу 1.1 тэрбум ам.доллар байхаар баталсан байна.
Ирэх 2025 онд ам.доллартай харьцах төгрөгийн ханш хэдэн төгрөг байх бол?
Монголбанкны зарласан өнөөдрийн ханшаар ам.долларын ханш USD/MNT 3411 төгрөг байна. Сүүлийн 1 сар буюу аравдугаар сарын 13-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 14-ний хооронд ам.доллар төгрөгийн эсрэг 3379 төгрөгөөс 3411 төгрөг хүртэл 32 төгрөгөөр чангарсан байна. Ердөө нэг сарын дотор 32 төгрөгөөр чангарчээ. Харин оны эхэнд 3432 төгрөгтэй USD/MNT харьцаж байсан ам.долларын ханш аравдугаар сарыг хүртэл 53 төгрөгөөр сулраад байсан. Гэтэл оны сүүл рүү чангарсан байсан төгрөг ам.долларын эсрэг эргээд суларч USD/MNT 3411 төгрөгтэй харьцаж байна. Цаашдаа ч төгрөг ам.долларын эсрэг сулрана. АНУ-ын ам.долларын ханш бүхий л валютуудын эсрэг сүүлийн хоёр сар дараалан чангарч байна. Тухайлбал Евро ам.долларын эсрэг нэг сарын дотор 1.11 ам.доллараас 1.05 ам.доллараар сулраад байна. Европын холбооны улсууд нэг валюттай болсноос хойш яг 20 жилийн дараа 2022 оны есдүгээр сард ам.долларын ханш еврогийн ханшнаас тэг бүхэл ханш руу орж ирсэн тохиолдол гарсан. Үүнийгээ давтвал яах вэ? USD/MNT хэд болох вэ?
Тэгвэл Монгол Улсын төгрөгийн ханш хаашаа хөдлөх вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Маш тодорхой теором бол ам.долларын чангаралтын эсрэг евро суларч байхад төгрөг суларсаар байх болно. Хэрвээ өнөөдөр евротой харьцаж буй ам.долларын ханш 1.05 гэсэн харьцаанаасаа улам чангарч EUR/USD 0.96 гэсэн ханшин дээр ирвэл ам.доллартай харьцах төгрөгийн ханш 3683 төгрөг дээр ирэх боломжтой. USD/MNT хосмогийн харьцах ханш 3683 төгрөгт ирэх тохиолдолд ирэх жилийн хүлээгдэж буй инфляц нэг оронтой тооноосоо хальж хоёр оронтой тоонд орох нь тодорхой.
Нийцэл
Аливаа зүйлийг батлахын тулд өмнөх түүхтэй нь харьцуулж нийцлийг нь гаргах хэрэгтэй. Дэлхий дээр эдийн засгийн олон хямрал болж байсан. Эдийн засагчид хямрал болгоны дараа ямарваа нэг нийцлийг нь олж тухайн хямралаас гарах арга саам хайдаг. “Хямрал болгон адилгүй, хямралаас гарах арга зам бүр адилгүй” байдаг билээ. Яагаад USD/MNT ийн ханш 3683 төгрөг хүрнэ гэж тооцоог гаргав. Ханшийн хөдөлгөөнөө эргээд харцгаая. 2022 оны зургадугаар сард EUR/USD 1.05 гэсэн ханш дээр харьцаж байсан бол 2022 оны есдүгээр сард EUR/USD 0.96 гэсэн ханшин дээр очиж ам.доллар еврогийн эсрэг чангарсан. Тэгвэл 2022 оны зургадугаар сард USD/MNT ханш 3116 төгрөг байснаа есдүгээр сар гэхэд төгрөг ам.долларын эсрэг суларч USD/MNT 3395 төгрөгт хүрч 8-9 орчим хувиар унасан. Тэгвэл өнөөдөр USD/MNT 3411 төгрөг бол 8-9 орчим хувиар унахад 3683 төгрөг очих юм. Зөвхөн ханшийн хөдөлгөөн дээр нийцэл хийхэд 3683 төгрөгт хүрэх магадлал байна.
Ингээд асуултын хариуг шалгахыг танд үлдээе.









