



















АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Канад, Мексик, Хятадаас импортлогдох бараанд ногдуулсан шинэ тарифууд мягмар гарагийн шөнө дундаас (Зүүн эргийн цаг) хүчин төгөлдөр боллоо. Трамп даваа гарагт мэдэгдэхдээ, Мексик болон эрчим хүчнээс бусад Канадын бүтээгдэхүүнд 25%-ийн тариф, Канадын эрчим хүчний бүтээгдэхүүнд 10%-ийн нэмэлт татвар ногдуулах шийдвэр “бүх талаар бэлэн” болсон гэжээ.
Хятадын бараанд өмнө нь 10%-ийн тарифтай байсан бөгөөд үүн дээр нэмээд дахин 10%-ийн татвар тогтоосон байна.
АНУ-ын өмнөд, хойд хөрш орнууд (Мексик, Канад) хил дээрх аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, фентанил гэх хууль бус мансууруулах бодис болон цагаачдын урсгалыг хязгаарлах талаар Трампын шаардлагад нийцэх арга хэмжээ авахыг хичээж байсан. Гуравдугаар сард тавигдсан тодорхой буултуудын улмаас тарифын хэрэгжилтийг нэг сарын турш хойшлуулсан байв.
Гэвч Трампын хэлснээр эдгээр орнууд шаардлагыг нь хангах хангалттай арга хэмжээ аваагүй тул ямар нэгэн тохиролцоонд хүрэх “зай үлдээгүй” аж. Тэрээр мөн Хятад “хууль бус мансууруулах бодисын хямралыг шийдвэрлэх хангалттай арга хэмжээ аваагүй” гэж мэдэгдсэн байна.
Эдийн засагчид, бизнесийн удирдлагуудын байр суурь
Эдийн засагчид болон компаниудын удирдлагууд Канад, Мексикийн эсрэг тариф нь жилд 900 тэрбум ам.долларын импортод нөлөөлж, Хойд Америкийн нягт уялдаатай эдийн засгийг ихээхэн доройтуулах эрсдэлтэй гэж үзэж байна. Канад, Мексик, Хятад гурвуулаа нийлээд АНУ-ын нийт импортын 40%-ийг бүрдүүлдэг.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо АНУ-ын тарифын хариуд 20 тэрбум канад долларын (CA$) үнэ бүхий АНУ-ын бараанд 25%-ийн татвар ногдуулахаа зарлаж, уг тарифыг америк шар айраг, бурбон виски, дарс, жүржийн шүүс, гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдэд чиглүүлэхээ онцолсон. Хэрэв АНУ-ын тарифууд 21 хоногийн турш хэвээр үргэлжилбэл, Канад нэмэлт 86 тэрбум канад долларын бараанд татвар ногдуулахаа мэдэгджээ.
"Тарифууд маш амжилттай хэрэгжиж байсан худалдааны харилцааг тасалдуулах болно” гэж Трюдо хэлэхийн зэрэгцээ эдгээр тарифуудын улмаас Америкчууд хүнс, шатахуун зэрэг өргөн хэрэглээний барааныхаа үнийг нэмэгдүүлж төлөх болно гэж анхааруулсан юм.
Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум “Төлөвлөгөө B, C, D” гэх олон хувилбар боловсруулсан гэж мэдэгдсэн ч одоогоор албан ёсны хариу арга хэмжээ зарлаагүй байна.
Харин Хятад гуравдугаар сарын 10-наас эхлэн АНУ-ын тодорхой бараанд 10%-15%-ийн нэмэлт тариф тогтоохоо мэдэгдэж, Трампын тарифуудыг "үл үндэслэлтэй, бодлогогүй шийдвэр" хэмээн буруутгажээ.
Уолл Стрийтийн шинжээчдийн байр суурь
Goldman Sachs
АНУ, Канад, Мексикийн тариф удаан хугацаанд үргэлжлэх магадлал бага ч хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй. 25%-ийн тариф (Канад, Мексик) ба Канадын эрчим хүчний 10%-ийн тариф нь нийт тарифын хэмжээг 5.7 пунктээр өсгөж, үндсэн үнийг 0.6%-иар нэмэгдүүлнэ. Хятадын эсрэг тарифыг 10 пунктээр өсгөх нь нийт тарифыг 1.2 пунктээр өсгөж, үнийг 0.1%-иар нэмэгдүүлэх болно гэж тооцжээ.
Bank of America (BofA)
Манай эдийн засагчид Канад, Мексикийн тариф нь голдуу хэлэлцээрийн хэрэгсэл тул түр зуурын шинжтэй гэж үзэж байна гэсэн юм.
Wolfe Research
Трамп эдгээр тарифыг хэр удаан хадгалах вэ? Юуг шийдэхийг хүсч байна вэ? Ямар нөхцөл байдал түүнийг энэ бодлогоос ухраах вэ? Үүнд хэн ч хариулж чадахгүй, Канадын Ерөнхий сайд Трюдо болон Мексикийн Ерөнхийлөгч Шейнбаум ч мэдэхгүй. Гэхдээ энэ тарифууд удаан үргэлжилж чадахгүй, учир нь Хятадтай хийсэн худалдааны дайнаас илүү хохиролтой байх болно.
Capital Economics
Зах зээл таагүй хүлээн авч байна. Энэ нь Трампын АНУ-ЕХ-ны эсрэг 25%-ийн тарифын сүрдүүлэг, ган, хөнгөн цагаан, хагас дамжуулагч, эмийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бараа гэх мэт салбаруудад чиглэсэн хязгаарлалтыг хэрэгжүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Vital Knowledge
“Энэ тарифыг хэлэлцээрийн хэрэгсэл гэж харж болохгүй” гэсэн ойлголт хүчтэй болж, хөрөнгө оруулагчид урт хугацаанд өргөжих худалдааны дайны нөхцөл байдалд дасан зохицохоос өөр аргагүй болох нь.
Доналд Трамп "State of the Union" илтгэлдээ тарифын бодлогоо хүчтэй хамгаалах магадлалтай бөгөөд ирэх сард нэмэлт худалдааны бодлоготой холбоотой мэдэгдлүүд хийгдэх төлөвтэй байна.









