



















АНУ-ын хэрэглээний үнийн индекс (CPI-Инфляц) 2-р сард хүлээгдэж байсан хэмжээнээс удаан өссөн талаар лхагва гарагт засгийн газраас мэдээллээ. Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын бодлого инфляцид хэрхэн нөлөөлөхийг анхааралтай ажиглаж буй Холбооны Нөөцийн Банкны албан тушаалтнуудад онцгой ач холбогдолтой үзүүлэлт болох юм.
Хэрэглээний үнийн индекс (CPI) — дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын инфляцын гол хэмжүүр — 2-р сард жилийн 2.8% өсөлттэй гарч, 1-р сард бүртгэгдсэн 3.0%-иас саарсан байна. Харин сарын дүнгээрээ (нэг сарын дотор) өсөлт 0.5%-аас 0.2% болж буурсан гэж Хөдөлмөрийн яам мэдээллээ.
Эдийн засагчид жилийн инфляцыг 2.9%, сарын өсөлтийг 0.3% гэж таамаглаж байсан ч бодит дүн нь үүнээс доогуур гарсан байна.
Орон сууцны зардал сарын өсөлтийн талаас илүү хувийг бүрдүүлсэн бол нислэгийн тасалбарын үнэ 4%-аар, бензиний үнэ 1%-аар буурч зарим өсөлтийг нөхжээ.
Хүнс, түлш зэрэг хэлбэлзэл ихтэй зардлыг хассан "суурь" CPI 3.1%-ийн өсөлттэй байсан ба сарын дүнгээрээ 0.2%-иар нэмэгджээ. Энэ нь өмнөх сараас саарсан бөгөөд таамгаас бага үзүүлэлт болсон байна.
Эдгээр тоо баримт нь ХНБ-ны 3-р сарын 18-19-ний өдрүүдэд хийх дараагийн бодлогын хуралдааны өмнөх сүүлийн чухал мэдээллүүдийн нэг юм. ХНБ нь 1-р сард хүү бууруулах бодлогоо түр зогсоосон бөгөөд цаашид ямар арга хэмжээ авахыг "ажиглах" байр суурьтай байгаа. Энэ нь Трампын тариф болон цагаачлалын бодлого инфляцид ямар нөлөө үзүүлэх талаар тодорхойгүй байгаатай холбоотой.
Эдийн засагчдын үзэж байгаагаар, Трампын найз, дайсан гэлтгүй бүх оронд ногдуулах магадлалтай тарифууд үнэ өсгөж, эдийн засгийн өсөлтийг сааруулж болзошгүй юм.
Энэ долоо хоногт "Goldman Sachs" АНУ-ын эдийн засгийн өсөлтийн таамгийг 1.7% болгон бууруулж, инфляцын хүлээлтийг нэмэгдүүлсэн бол "J.P. Morgan" банкны Ерөнхий эдийн засагч 2025 онд АНУ-ын эдийн засаг уналтад орох магадлал 40% гэж мэдэгджээ.
Ийнхүү эдийн засгийн өсөлт саарч, инфляц өндөр хэвээр байх нөхцөл байдал нь ХНБ-д "Ажлын байр хамгаалах уу, үнийн өсөлтийг тогтоон барих уу" гэсэн хүндрэлтэй сонголт тулгах юм.
Хэрэглээний Үнийн Индексийн мэдээ (CPI) гарснаас өмнө зах зээлийн таамаглалаар ХНБ энэ онд 0.25%-ийн хэмжээтэй гурван удаагийн хүү бууруулалт хийх төлөвтэй байсан гэж LSEG-ийн мэдээллийг иш татан Reuters-т мэдээлжээ.
Гэсэн хэдий ч ирэх долоо хоногийн хуралдаанаар ХНБ бодлогын хүүг 4.25%-4.5% түвшинд хэвээр үлдээх төлөвтэй байна.
Өнгөрсөн баасан гарагт ХНБ-ны дарга Жером Пауэлл "АНУ-ын эдийн засаг одоогоор сайн түвшинд байна" хэмээн мэдэгдэж, инфляц алгуур буурч байгаа, хөдөлмөрийн зах зээл тэлж байгаа талаар дурдсан. Тэрээр 9-р сараас хойш сард дунджаар 191,000 ажлын байр шинээр бий болж буйг онцолсон.
"Хэдийгээр CPI хүлээгдэж байснаас бага өссөн ч инфляцын өрнөл эерэг чигтэй хэвээр байна. Хэрэв тариф хүнс, хувцасны үнийг нэмбэл ХНБ хүүгээ өөрчлөхгүйгээр хүлээх байр суурь баримтлах болов уу" хэмээн "Charles Schwab"компанийн Үндсэн Өрийн Зах зээлийн Стратегич Кэти Жонс тайлбарласан байна.









