



















Пүрэв гарагт Биткойн шинэ түүхэн дээд үнэдээ хүрлээ. АНУ-ын Холбооны Нөөцийн Банкны зүгээс мөнгөний бодлогыг зөөлрүүлэх (Бодлогын хүү буурна) хүлээлт болон саяхан зарлагдсан санхүүгийн шинэчлэлийн салхи нь криптовалютын үнэ өсөхөд хүч нэмсэн байна.

Зах зээлийн үнэлгээгээр дэлхийн хамгийн том крипто-актив болох биткойн Ази дахь өглөөний арилжаагаар 0.9%-иар өсөж, 124,002.49 ам.долларт хүрсэн нь 7-р сард тогтоосон өмнөх дээд ханшаа давлаа. Энэ өдөр зах зээлийн үнэлгээгээр хоёрдугаарт бичигдэх эфир (ether) 4,780.04 ам.долларт хүрч, 2021 оны сүүлээс хойших хамгийн өндөр ханшдаа хүрэв.
"IG" компанийн зах зээлийн шинжээч Тони Сайкамор хэлэхдээ,
"Биткойны өсөлт нь Холбооны Нөөцийн Банкны хүү бууруулах баталгаа нэмэгдэж буй байдал болон институционал хөрөнгө оруулалт тогтвортой үргэлжилж байгаагаас, мөн Трампын засаг захиргаа криптовалютын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримталж байгаагаас үүдэлтэй гэжээ"
Тэрээр “Хэрэв биткойн 125,000 ам.доллараас дээш түвшинд тогтвортой хадгалагдвал 150,000 ам.доллар хүрэх боломжтой” гэж мэдэгдсэн байна.
Биткойн 2025 он гарснаас хойш бараг 32%-иар өссөн. Үүнд Доналд Трамп Цагаан ордонд эргэн ирсний дараах криптовалютын салбарын олон жил хүлээсэн зохицуулалтын дэмжлэг ахиц болжээ. Трамп өөрийгөө “Криптовалютын ерөнхийлөгч” гэж нэрлэж, түүний гэр бүлийнхэн ч сүүлийн нэг жилд энэ салбарт хэд хэдэн хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг нуугаагүй.
Өнгөрсөн долоо хоногт гарсан Ерөнхийлөгчийн зарлиг нь 401(k) тэтгэврийн хуримтлалын дансанд криптовалютын хөрөнгө оруулалтыг зөвшөөрөх замыг нээсэн нь АНУ-д криптовалютын зохицуулалт улам эерэг болж байгаагийн илрэл юм.
2025 онд криптовалют АНУ-д хэд хэдэн том зохицуулалтанд хамрагдсан. Үүнд тогтвортой койны (stablecoin) хууль батлах, мөн үнэт цаасны зохицуулалтыг крипто активт нийцүүлэх зорилгоор шинэчлэх зэрэг багтжээ.
Биткойны өсөлт нь сүүлийн саруудад криптовалютын нийт зах зээлийн өсөлтийг өдөөж, Трампын өргөн хүрээтэй татварын бодлогоос үүдэлтэй зах зээлийн доргилтыг сөрөн давсан байна. CoinMarketCap-ийн мэдээлснээр, криптовалютын нийт зах зээлийн үнэлгээ 2024 оны 11-р сард Трамп сонгуульд ялснаас хойш 2.5 их наяд ам.доллараас 4.18 их наяд ам.доллар хүртэл өсжээ.
АНУ-д криптовалютын хэрэглээг нэмэгдүүлэх хамгийн сүүлийн алхам нь өнгөрсөн долоо хоногт гарсан Ерөнхийлөгчийн зарлиг байв. Энэ нь 401(k) тэтгэврийн дансанд криптовалютыг оруулах боломжийг хөнгөвчилсөн нь криптовалютын биржийн арилжааны сан (ETF) ажиллуулдаг "BlackRock" болон "Fidelity" зэрэг хөрөнгийн удирдлагын компаниудад ашигтай байж болох юм.
Гэсэн ч криптовалютыг тэтгэврийн хуримтлалд оруулах нь эрсдэлтэй байх магадлалтай. Учир нь криптовалют нь уламжлалт хувьцаа, бондтой харьцуулахад ханшийн савлагаа ихтэй аж.
Хувьцаа, бонд эдгээр нь урьд өмнө тэтгэврийн хөрөнгө оруулалтын үндсэн хэрэгсэл болж ирсэн билээ.









