



















АНУ-ын хөрөнгийн фьючерс (ирээдүйд тодорхой хугацаанд, тодорхой үнээр хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ) хэлбэлзэлтэй байгаа бол газрын тосны үнэ АНУ Исламын Бүгд Найрамдах Иран Улсын цөмийн байгууламжууд руу довтолсны дараах гэнэтийн өсөлтөөс бага зэрэг буурлаа.
АНУ-ын бөмбөгдөлтийн хариуд Исламын Бүгд Найрамдах Иран Улсын зүгээс ямар хариу үйлдэл үзүүлэх нь тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд хэрвээ хариу үйлдэл үзүүлбэл дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтэд бодитой нөлөө үзүүлэх нь тодорхой.

Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд "Дэглэмийн өөрчлөлт" хийх тухай мэдэгдэж, Сенат түүнийг дэмжиж санхүүгийн шинэ хуулийн төслийг батлахыг зорьж байгаа юм.
1. Фьючерс хэлбэлзэлтэй байна
АНУ-ын хөрөнгийн зах зээлийн фьючерсүүд бараг өөрчлөлтгүй байж, хөрөнгө оруулагчид Ираны эсрэг хийсэн цэргийн цохилтын үр дагаврыг үнэлж байна.
Dow фьючерс бараг өөрчлөгдөөгүй
S&P 500 фьючерс 10 нэгж буюу 0.2%-иар өссөн
Nasdaq 100 фьючерс 46 нэгж буюу 0.2%-иар өсжээ.
Баасан гарагт Уоллстритийн үндсэн индексүүд улаан бүсэд хаагдсан. Израиль-Ираны олон өдрийн агаарын дайралтад АНУ-ын оролцоо нэмэгдэх үү гэдэгт хөрөнгө оруулагчид санаа зовж байсан. Харин Ерөнхийлөгч Доналд Трамп бямба гарагт Ираны гурван цөмийн байгууламжийг бөмбөгдсөн тухай мэдэгдэж, тодорхойгүй байдлыг багасгасан. Энэ шийдвэр инфляц, хүүгийн түвшин, хөрөнгө оруулалтын уур амьсгалд хэрхэн нөлөөлөхийг зах зээл ажиглаж байна.
2. АНУ-ын цохилтын дараа газрын тосны үнэ өсөв
Израиль-Ираны зэвсэгт мөргөлдөөн гүнзгийрвэл, ялангуяа Ираны өмнөд эрэг дагуух Хормузын хоолой дахь нефтийн тээвэрлэлтийг доголдуулах эрсдэлтэй гэж шинжээчид анхааруулж байна. Энэ нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж, инфляц дахин өдөөгдөх магадлалтай.
Brent crude (08-р сарын фьючерс): $77.17 → 0.2% өсөв
WTI crude: $72.15 → 0.2% өсөв
Гэхдээ хоёр гэрээний үнэ даваа гарагийн орой өглөөнийхөөсөө бага зэрэг буурсан.
ING-ийн бараа бүтээгдэхүүний стратегич Уоррен Паттерсон:
“АНУ Ираны цөмийн байгууламжийг онилсон нь эрчим хүчний нийлүүлэлтийн эрсдэлийг ихээхэн нэмэгдүүлж байна. Иран хэрхэн хариу өгөх нь тодорхойгүй хэвээр байна гэсэн юм.
3. Ираны хариу үйлдлийг ажиглаж байна
Ираны зүгээс АНУ-ын халдлагад хэрхэн хариу өгөхөө тодорхой хэлээгүй бөгөөд "Бүх хувилбар нээлттэй" хэмээн мэдэгдсэн. Мөн Иран “Мөнхөд мартагдашгүй үр дагавар” амлаж, Израиль руу агаараас довтлохоо эрчимжүүлсэн.
Ерөнхийлөгч Доналд Трампын тухайд, ням гарагт нийгмийн сүлжээндээ "Дэглэм солих" тухай мэдэгдэл хийж, нөхцөл байдлыг улам хурцатгав. Харин Иран түүнийг “мөрийтэй тоглоомчин” хэмээн нэрлэж, АНУ-ын цохилт нь Ираны хувьд бай болох боломжит объектуудын хүрээг тэллээ хэмээн үзэж байна.
Ираны зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл Хормузын хоолойг хаах, эсвэл бүс нутаг дахь АНУ-ын цэргийн баазуудыг онилох тухай мэдээлж байгаа.
Хэдийгээр геополитикийн эрсдэл нэмэгдсэн ч, зарим шинжээчдийн үзэж байгаагаар АНУ Иранд цохилт өгсөн нь тодорхойгүй байдлыг тодорхой хэмжээгээр арилгасан гэж үзэж байна.
“Тодорхойгүй байдал бага зэрэг буурснаар, эдгээр үйл явдлууд хөрөнгийн зах зээлд эерэгээр нөлөөлж ч болзошгүй. Гэсэн ч геополитикийн мэдээ намжсаны дараа тариф, төсвийн асуудал зэрэг сорилтууд үргэлжилнэ.”
4. Сенатын санхүүгийн хуулийн төсөл анхаарал татаж байна
Бүгд найрамдахчуудын дэмжлэгтэй, Трампын санаачилсан "One Big Beautiful Bill Act" нэртэй татвар (Элон Масктай Ерөнхийлөгч Доналд Трампыг муудалцуулах шахсан хуулийн төсөл) болон зарлагын томоохон хуулийн төсөлд Сенат энэ долоо хоногт санал хураах гэж байна. Энэ хуулиар:
2017 оны татварын бууруулалтыг сунгах
Батлан хамгаалах болон хил хамгаалах зардлаа нэмэгдүүлэх
Үүний хариуд Medicaid зэрэг нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн зарим зардлыг бууруулах
Гэвч Сенатын журам хариуцсан парламентч энэ төслийн зарим хэсэг төсвийн зохицуулалтад нийцэхгүй хэмээн дүгнэсэн. Тухайлбал, Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах товчоо зэрэг агентлагуудын хөрөнгө оруулалтыг танах зэргийг 51-ээс дээш саналаар батлах боломжгүй байж болзошгүйг анхааруулсан.
Бюджетийн эвлэрлийн процесс-оор олонхи санал хангалттай байх нөхцөлд зарим төсөвтэй холбоотой заалтыг батлах боломжтой бөгөөд Бүгд Найрамдахчууд энэ замаар хууль батлахыг зорьж байна.
Бизнесийн идэвхийн үзүүлэлтүүд хүлээгдэж байна
Эдийн засгийн хуанли дээр:
S&P Global-ийн үйлдвэрлэлийн PMI: 52.0 → 51.1 болж буурах хүлээлттэй
Үйлчилгээний PMI: 53.7 → 52.9 болж буурах таамагтай байгаа.
Эдгээр үзүүлэлт нь долоо хоногийн турш гарах илүү том мэдээнүүдийн урьдчилсан дохио болох юм. Тухайлбал:
Мягмар гарагт – АНУ-ын Хэрэглэгчийн итгэлийн индекс (Инфляцийн мэдээ)
Баасан гараг – Холбооны Нөөцийн Банкны зүгээс чухалчилдаг мөн л инфляцын үзүүлэлтийн мэдээ гарна.
Америкчууд сүүлийн саруудад Доналд Трампын импортын татварын бодлого инфляцыг нэмэгдүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа хэдий ч, үнийн өсөлт харьцангуй тогтуун хэвээр байгаа юм.









