



















"Apple" компани ирэх дөрвөн жилийн хугацаанд АНУ-д 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөө зарлалаа. Энэ нь тус компанийн АНУ-д хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт болно. Тус санаачилга нь хиймэл оюун ухаан (AI), хагас дамжуулагчийн инженерчлэл, дэвшилтэт үйлдвэрлэлд төвлөрөх бөгөөд олон муж улсад нийт 20,000 ажлын байр бий болгоно. Эдгээр ажлын байруудын ихэнх нь судалгаа, хөгжүүлэлт (R&D), хагас дамжуулагчийн инженерчлэл, программ хангамжийн хөгжүүлэлт, хиймэл оюун ухаан болон машин сургалтад чиглэгдэх юм.
"Бид Америкийн инновацийн ирээдүйд итгэлтэй байна. 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаараа бид АНУ-д хийсэн урт хугацааны хөрөнгө оруулалтаа улам бататгаж байна" гэж Apple-ийн Гүйцэтгэх захирал Тим Күүк хэллээ. Хөрөнгө оруулалтын хүрээнд "Apple" компани АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод шинэ үйлдвэрлэлийн байгууламж барихаар болжээ. Энэ байгууламж нь Apple Intelligence гэх AI-д суурилсан хувийн туслах системд зориулсан серверүүдийг үйлдвэрлэх аж.
250,000 квадрат фут талбайтай уг байгууламж 2026 онд ашиглалтад орох бөгөөд хэдэн мянган ажлын байр бий болгоно. Энд үйлдвэрлэх AI серверүүд нь "Apple"-ийн аюулгүй AI үүлэн тооцооллын систем болох "Private Cloud Compute"-ийг дэмжих юм.
Мөн "Apple" компани АНУ-ын Дэвшилтэт Үйлдвэрлэлийн Сангаа 10 тэрбум ам.доллар болгон хоёр дахин нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэл, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг дэмжихээр болжээ. Энэ хөрөнгийн ихээхэн хэсэг нь "Apple"-ийн хамгийн том худалдан авагч болж буй "TSMC"-ийн Аризона дахь "Fab 21" үйлдвэрт хагас дамжуулагч үйлдвэрлэхэд зориулагдана.
Үүнээс гадна "Apple" компани Детройт хотод Үйлдвэрлэлийн Академи байгуулж, Michigan State зэрэг их сургуулиудтай хамтран ажиллаж, AI-д суурилсан ухаалаг үйлдвэрлэлийн технологиудаар аж ахуйн нэгжүүд болон ажилчдыг сургах болжээ.
Мөн "Apple" компани өөрийн судалгаа, хөгжүүлэлтийн төвүүдээ нэгдсэн улсын хэмжээнд өргөжүүлж, захиалгат хагас дамжуулагч, AI болон машин сургалтын чиглэлээр ажиллах юм. Компанийн хөрөнгө оруулалтаар Хойд Каролина, Айова, Орегон, Аризона, Невада мужуудад дата төвүүдийн хүчин чадлыг өргөжүүлж, өсөн нэмэгдэж буй AI дэд бүтцийг дэмжинэ.
Wedbush компанийн зүгээс Apple-ийн энэхүү алхмыг стратегийн шийдвэр хэмээн тодорхойлж, АНУ болон дэлхий даяар үйлдвэрлэлийн стратегиа төрөлжүүлж буй компанид ашигтай гэж үзсэн байна. Түүнчлэн, энэ нь АНУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлтэй "Project Stargate" хөтөлбөрийн хүрээнд Дональд Трампын засаг захиргааны бодлогод нийцэж буйг онцолжээ.
"Күүк өөрийгөө 10% улстөрч, 90% Гүйцэтгэх захирал гэдгээ дахин нотолж байна. Ийм үед тэрээр дэлхий дахинд бий болгосон хүчтэй харилцаагаа ашиглан Apple-ийн ирээдүйд үүсэх аливаа саад бэрхшээлийг даван туулахыг зорьж буй бололтой. Гэвч Трампын татварын бодлоготой холбоотойгоор Apple-ийн өсөлтийн санаачилгуудын эргэн тойронд зах зээлд тодорхой түгшүүр байсаар байна" гэж Wedbush-ийн тайланд дурджээ.









