



















Азийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа “Банк оф Америк” (БОА) банк бууруулсан байна. Тус банкны таамгаар АНУ, БНХАУ-ын худалдааны дайн хурцатсан нь Азийн эдийн засагт өргөн хүрээний дарамт үүсгэхээр байгаа аж. Азийн Дотоодын Нийт Бүтээгдэхүүний жигнэсэн дундаж өсөлт 2025 онд 3.9 хувь болж удаашрах төлөвтэйг “БОА” банкны шинжээчид анхааруулж байна. Тус банкны шинжээчид өмнө гаргасан төсөөллөөсөө 0.6 хувиар бууруулж төсөөллөө тодотгосон бол 2026 оны төсөөллөө 4.2 хувь болгож бага зэрэг сэргэх төлөвтэй хэмээн төсөөлжээ.
“БОА” өмнө нь БНХАУ-ын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн 2025 онд 4.5 хувь өснө хэмээн таамагласан байснаа сая гаргасан тайландаа 4.0 хувь болж өснө хэмээн таамгаа бууруулсан байна. Харин Япон улс Ерөнхийлөгч Доналд Трампын тавьсан 25 хувийн импортын татвараас зайлсхийж магадгүй байгаа юм.
Энэтхэг Улсын хувьд дотоодын хамгаалах бодлого нь эдийн засгийн өсөлтийг нь 6.4 хувьтай гарахад нөлөөлнө хэмээн “БОА” банкны шинжээчид таамагласан. Гэхдээ л өмнөх таамгаас 0.2 хувиар бууруулж таамаглажээ.
“БОА” банкны шинжээчдийн тайлбарлаж байгаагаар тарифаас чөлөөлөгдөх 90 хоногийн завсарлага болон технологийн салбарын чөлөөлөлт нь түр зуурын нуруу тэнийх боломж өгч байгаа ч АНУ, БНХАУ-ын зөрчилдөөн улам хурцатсан нь тодорхой бус байдлыг “Түүхэнд байгаагүй өндөр түвшин”-д хүргээд байна.
БНХАУ-ын 125 хувийн хариу татвар, АНУ руу чиглэсэн экспортын бууралт 30-50 хувь хүрснээр нэмэлт дарамт үүсгэж байгаа талаар тайланд дурджээ. БНХАУ-ын тайвань, Вьетнам зэрэг технологи экспортлогч орнууд чөлөөлөлтөөс ашиг хүртэж байгаа бол технологийн бус салбарууд улам их сорилттой тулгарч байна. Тухайлбал олон улсад эрэлт суларч, нийлүүлэлтийн сүлжээнд үүссэн саатлаас шалтгаалан Зүүн өмнөд Азийн түүн дундаа Малайз, Тайланд зэрэг орнуудын эдийн засаг илүү эмзэг байдалтай болж болзошгүй байгаа юм.
Хэрвээ АНУ хямралд орох эсвэл худалдааны хэлэлцээр зогсвол эрсдэл улам доош чиглэхийг “БОА” банкны шинжээчид анхааруулсан. Ийм нөхцөл байдал үүсвэл бүс нутгийн төв банкнууд түүн дундаа БНХАУ-ын “Ардын банк” бодлогын хүүгээ бууруулж магадгүй аж. БНХАУ дахь “Мөнгөний зөөлөн бодлого” нь төсвийн арга хэмжээнээсээ түрүүлж хэрэгжих магадлалтай хэмээн “БОА” банкныхан үзэж байна.









