



















Хятадын эдийн засгийн удаашрал нь дэлхийн тансаг зэрэглэлийн зах зээлд нөлөөлсөөр байна. Ингэснээр Louis Vuitton, Chanel, Prada гэх мэт брэндүүд “хулхи” брэндийн зах зээлд ялагдаж эхлэх нь. Хуурамч бүтээгдэхүүний зах зээлд сонголт маш өргөн. Зарим нь өндөр чанарын жинхэнээс ялгагдахгүй байхад зарим нь анхны загвараас санаа авч өнгө, хэлбэр, загварыг төрөлжүүлсэн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Хятадын эдийн засгийн өсөлтөд итгэх хэрэглэгчдийн итгэл түүхэн доод түвшинд ойртож байгаа учраас хуурамч бүтээгдэхүүний хэрэглээ нэр хүнд өсжээ. Шанхай дахь Mintel зах зээлийн судалгааны фирмийн захирал Лаурел Гу хэлэхдээ Хятадын эдийн засаг “илэрхий” удааширч байгаагаас 2022- 2024 он хүртэл олон нийтийн сүлжээнд хуурамч бүтээгдэхүүний хайлт эрс нэмэгдсэн гэжээ. Одоогоос 10 жилийн өмнө Хятад улс тансаг брэндийн хэрэглээгээрээ барууны зах зээлд тэргүүлэгч байр суурийг эзэлдэг байв. Харин одоо бол тансаг хэрэглээгээ хулхи бүтээгдэхүүнээр сольж байгаа нь Хятадын эдийн засгийн удаашрал иргэдийнхээ амьдралд хэрхэн нөлөөлж байгаа нь харагдаж байна. Хуурамч бүтээгдэхүүн мэдээж хямд өртөгтэй.
Тухайлбал, Lululemon ( LULU ) брэндийн йогийн лэгинс нь Хятад дахь албан ёсны вэбсайт дээр 750 юань буюу 106 ам.долларын үнэтэй. Харин Lululemon брэндийн хулхи лэгинс "Tmall" гэх мэт томоохон цахим худалдааны сайтууд дээр 5-12 доллар. Харин чанарын хувьд дуурайж үйлдвэрлэгч олон учраас янз бүрийн сонголттой.
Зүүн талын зурган дээр 106 долларын үнэтэй Align лэгинс баруун талд нь ойролцоогоор 12 долларын үнэтэй Хятадын дуураймал загвар харагдаж байна.
“Louis Vuitton” (LVMH) зэрэг алдартай брэндүүдийн борлуулалт 2023 онтой харьцуулахад азийн бүс нутагт энэ оны эхний зургаан сард 10%-иар буурчээ. Хятадын баруун өмнөд хэсэгт орших Чунцин хотын математикийн багш Шиншин Estée Lauder-ийн Advanced Night Repair серумын үнэнч хэрэглэгч байжээ.
Гэвч тэрээр эдийн засгийн хүндрэлээс үүдэн энэ жил цалингаа 20 гаруй хувиар тануулсан бөгөөд Estée Lauder-ийн 30 мл нь 720 юань буюу 100 долларын үнэтэй серумыг хэрэглэж чадахгүй болжээ. Харин оронд нь арай хямд үнэтэй буюу 20 мл серумыг 100 орчим юань буюу 14 орчим доллароор авдаг болсон байна. “Barclays”-ийн эдийн засагчид есдүгээр сарын 12-нд хийсэн судалгаандаа тэмдэглэхдээ, Хятадын эдийн засаг удааширч үл хөдлөхийн салбар хямарсантай холбоотойгоор жирийн айл өрхүүдийн алдагдал ч нэмэгдсэн. Хятадын айл өрхүүдэд 18 их наяд ам.долларын өр ногдож байна. Энэ бол Хятадын нэг хүнд ногдох ДНБ-ээс 5 дахин их тоо бөгөөд хятадын гурван ам бүлтэй өрх бүр ойролцоогоор 60,000 ам.доллар алдсан мэт нөлөөлжээ.
Хятадын 18-24 насны хүмүүсийн ажилгүйдлийн түвшин наймдугаар сард 18.8 хувь болж өссөн тоо гарчээ. Энэ бол өнгөрсөн 6-р сард шинэчлэгдсэн рекордыг “дахин давсан” үзүүлэлт юм.
Мягмар гарагт Хятадын ардын банкны ерөнхийлөгч Пан Гонгшэн бодлогын хүүгээ 1.7%-аас 1.5% болгон бууруулж байгаагаа мэдэгдсэн. Мөн банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээг хагас хувиар бууруулж, шинээр зээл олгоход ойролцоогоор нэг их наяд юань буюу 142 тэрбум ам.долларыг гаргахаа мэдэгдсэн байна.
Мөн хоёр дахь удаагаа орон сууц худалдан авагчдад ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн доод хэмжээг 25 хувиас 15 хувь болгон бууруулжээ. Хятадын Үл хөдлөх хөрөнгийн салбар нь тус улсын ДНБ-ийн 30 орчим хувийг бүрдүүлдэг байсан. Гэвч энэ салбар хямралд орсноор үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом унаж, хувь хүн, аж ахуйн нэгжүүд үл хөдлөхөө зарж, барилгын салбар дахь хөрөнгө оруулалтаа хумьж эхэлсэн. Ингэснээр Хятад дахь орон сууцны үнэ ч буураад байна. Өнөөдөр зах зээл дээр борлуулагдаж байгаа орон сууцны үнэ 2021 онтой харьцуулахад 30 хувиар буурсан гэж Номурагийн эдийн засагчид мэдэгджээ. Энэ бол Хятадын томоохон 25 хотын дундаж үнээр гаргасан судалгаа юм.









