



















Саяхан та ипотекийн зээлээр байртай болсон та маш их баярлахын зэрэгцээ зээлээ төлөх гэдэг дарамттай байгаа нь тодорхой. Тэгээд "Заавал Хийх Ёстой" нэртэй уртаас урт жагсаалтыг ширээн дээрээ тавиад санаа алдаж сууна уу? Тэгвэл танд бага ч гэсэн тус болох үүднээс Америкчуудын мөнгөө хэмнэх 5 аргыг толилуулья. Зээл, зээлийн хүү л өөр болохоос бидний амьдралын толин тусгал мэт байгааг та анхаарах биз.
Tip #1 – Чадвал Богино Хугацааны Зээл Ав
Хэрвээ та байрны урт хугацаат зээл авахаар хайж байгаа бол, эсвэл дахин шинээр зээл авахаар бэлтгэж байгаа бол 30 жилийн хугацаатайг биш 15 жилийн хугацаатайг сонгох нь ухаалаг шийдвэр байх болно. Энэ нь байраа 30 жилийн дараа биш 15 жилийн дараа өөрийн болгоно гэсэн үг. Дээрээс нь сорилтоос илүү давуу байдлыг танд бий болгоно. Манайд ихэвчлэн 15 жилийн хугацаатай байрны зээл өгдөг. Түүний аль болох бага хугацаатай болгож өөрчлөх нь таны эдийн засагт тустай. Нөгөө талаар богино хугацаат зээл авна гэдэг нь хүү бага төлнө гэсэн үг.
Жишээ нь: 250,000 ам.долларыг 30 жилийн хугацаатай 4.5%-ийн хүүтэй зээллээ гэж бодоход хүүнд нь нийтдээ 206,016.78 ам.доллар төлөх ба сар бүр 1,266.71 ам.доллар төлөх шаардлагатай болно. Харин 250,000 ам.долларыг 4.0%-ийн хүүтэйгээр 15 жилийн хугацаатай зээллээ гэхэд сар бүр төлөх төлбөр 1,849.22 ам.доллар болж нэмэгдэх ч хүүнд нь нийтдээ 82,859.57 ам.доллар төлнө. Энэ жишээ нь урт хугацаанд их мөнгө төлж байснаас богино хугацаанд бага хүү төлөх аргаар мөнгөө хэмнэж болохыг харуулж байна.
Гэхдээ сард төлөх төлбөрийн хэмжээ 30 жилийнхээс 15 жилийнх нь илүү өндөр байгааг анзаарсан биз. Тиймээс богино хугацаат зээл авахаас өмнө сард хэдийг төлж чадах вэ гэдгээ сайн бодож үзэх нь дээр гэж зөвлөе.
Tip #2 – Хувийн Өмчийн Даатгал Хийлгэхгүй Байх
Хэрвээ та худалдаж авах гэж байгаа байрныхаа 20%-ийн урьдчилгааг төлөхөөр болсон бол зээлдүүлэгч банк чинь Хувийн Өмчийн Даатгалд хамрагдахыг шаарддаг. Энэ нь зээлдүүлэгчийг ямар нэг эрсдэлд орохоос хамгаалдаг бөгөөд чи зээлээ төлж чадахгүй болсон тохиолдолд даатгалаас ирэх төлбөрийг зээлдүүлэгч авдаг журамтай.
Харамсалтай нь Хувийн Өмчийн Даатгал хямдхан биш. АНУ-ын ХНС-ийн журамд зааснаар гадаад дахь мөнгөний бодлогод хяналт тавихын тулд хаана ч байсан сар бүр 50-100 ам.доллар төлөхийг шаарддаг. Энэ нь 20%-ийн урьдчилгаа төлөөд байр авах гэж байгаа танд боломжийн мэт санагдаж болох ч сар бүр даатгал нэртэй мөнгө хүүлэгчид мөнгөө зүгээр алдаж байна гэсэн үг. Тиймээс даатгалд хамрагдах хүсэлгүй байгаа тухайгаа албан ёсоор тус газарт бичгээр өргөдөл өгч болно. Ингэснээр АНУ-д таны зээлийн төлбөр 22%-д хүрэхэд автоматаар даатгалын мөнгийг хураахаа зогсоодог журамтай.
Tip #3 –Сайн Нөхцөлтэй Орон Байрны Даатгалд Даатгуулах
Байр худалдаж авах шийдвэр гаргасан нь таны хувьд томоохон санхүүгийн шийдвэр байсан байж таараа. Тиймээс сайн нөхцөлтэй байрны даатгалд шинээр авсан байраа даатгуулах нь аль ч талаараа чухал. Хулгай, гал, үер усны гэнэтийн аюул гээд ямар ч тохиолдолд өөрийн өмчөө хамгаалахад зайлшгүй тустай.
Орон байрны даатгалыг хийхдээ түүн дотор байгаа эд хогшлыг давхар даатгадаг тул иж бүрэн даатгал худалдаж авах хэрэгтэй болно. Таны төлсөн мөнгөний хэмжээгээр даатгалын хувийг тооцож эргүүлэн төлдөг журамтай.
Tip #4 – Байр Зарж Байгаа Гэрээлэгчдээ Зөв Сонгох
Бид энийг сайн мэднэ. Таны шинэ байр мэдээж хэрэг сайхан. Гэхдээ яг орох болохоор маш их зүйлс шаардаж эхлэдэг. Наад зах нь гал тогооны суултуур, усны цорго гэх мэт. Энэ бүхнийг гэрээлэгч байгууллага өөрөө хангаад өгчихдөг бол та мэдээж хэрэг их мөнгө хэмнэнэ. Авч байгаа байраа өөрөө барьсан бол бүхнийг дээд зэргээр хийх байсан. Тэгвэл бусдаас байр худалдаж авч байгаа болохоор бүх зүйл гэрээлэгчдийн тавьсан шаардлагын дагуу явагддаг нь үнэн.
Харин гэрээлэгч байгууллагуудын байнга хэлдэг зүйл бол байр худалдаж авч байгаа хүмүүс өөрийнхөөрөө засвар хийхийг хүсдэг. Тиймээс цахилгааны шийдлүүд, сантехникийн ажлыг хийж өгөхөд л хангалттай гэнэ.
Tip #5 – Интернет, Зурагтын Кабел, Утсаа Нэгтгэх
Сүүлийн үед манай улсад шинээр нэвтэрч байгаа нэг зүйл бол гурвалсан, дөрвөлсөн үйлчилгээ гэгч юм. Үүнд интернет, утас, зурагтын кабел гэх мэт. Америкт ч ийм төрлийн үйлчилгээ байдаг бөгөөд ихэнх айл өрхүүд ийм үйлчилгээ хэрхэн мөнгийг нь хэмнэдэг талаар тэр бүр ойлголт муутай байдаг. Энэ үйлчилгээний давуу тал нь сард төлөх төлбөрийн хэмжээг салангид нь төлөхөөс хамаагүй бага болгож бууруулдаг. Нөгөөтэйгүүр бүгдийг тус тусад нь суурилуулахын тулд тус бүрт нь холболтын мөнгө төлж, ямар нэг асуудал гарлаа гэхэд тус тусад нь мөнгө төлөх хэрэг гарна. Харин нэгтгэсэн үйлчилгээг авснаар холболтын хураамжыг хэмнэхээс гадна ямар нэг асуудал гарлаа гэхэд нэг л компанитай харьцах учраас таны цагийг ч бас хэмнэдэг гэдгийг санаарай.
Орчуулсан: Тэрбумтан









