



















Энд БНХАУ-ын Татварын Ерөнхий Газраас нийтэлсэн нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын сүүлийн үеийн баримтуудыг хүргэж байна. Эдгээр нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийн эерэг хандлагыг харуулж байна. 2024 оны 9-р сард Хятадын Төв Засгийн Газраас зарласан нэмэлт бодлогын багц болон өмнө нь хэрэгжсэн бодлогын үр дүнтэй хэрэгжилт нь зах зээлийн итгэлийг нэмэгдүүлж, улсын эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлсэн гэж албан ёсны мэдээнд дурджээ.
Үйлдвэрлэлийн салбар тогтвортой өсөлт үзүүлж, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл хүчтэй дэмжлэг болсон. 2024 оны 10-р сараас 2025 оны 2-р сар хүртэл үйлдвэрлэлийн нийт борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар өссөн бол тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 8.7 хувийн өсөлттэй байна.
Шинээр хөгжиж буй салбарууд хүчтэй өсөлт үзүүлж, шинэ бүтээмжийн хүчин зүйлс хурдацтай урагшилжээ. Энэ хугацаанд өндөр технологийн салбарын борлуулалтын орлого жилийн өмнөхөөс 10.6 хувиар өссөн бөгөөд үүнээс өндөр технологийн үйлчилгээ 11.7 хувь, өндөр технологийн үйлдвэрлэл 9 хувиар өссөн.
Томоохон тоног төхөөрөмж шинэчлэх, хэрэглээний бараа солилцох хөтөлбөрүүд тогтвортой хэрэгжиж байна. Өнгөрсөн 10-р сараас энэ оны 2-р сар хүртэл аж ахуйн нэгжүүдийн машин тоног төхөөрөмж худалдан авалт 7.1 хувиар нэмэгдсэн бол өрхийн аудио-видео тоног төхөөрөмж (жишээ нь телевизор)-ийн жижиглэн худалдаа 23.3 хувиар, гэр ахуйн цахилгаан барааны жижиглэн худалдаа 56.1 хувиар өсчээ.
Байгаль орчныг хамгаалах үйлчилгээ эрчимтэй өссөн. Шинэ эрчим хүч, эрчим хүч хэмнэлтийн болон байгаль орчны технологийн үйлчилгээний борлуулалтын орлого тус бүр 29.3 хувь, 26.8 хувь, 12.1 хувиар өссөн байна.
Муж хоорондын худалдаа тогтвортой байж, улсын нэгдсэн зах зээлийн бүтээн байгуулалт тогтвортой урагшилж байгааг тайландаа онцолжээ. Тээвэр, ложистикийн салбарын борлуулалтын орлого 8.3 хувиар өссөн.
"Сүүлийн таван сарын эдийн засгийн хандлага, өөрчлөлтүүд нь БНХАУ-ын эдийн засаг тогтвортой сайжирч буйг харуулж байна" гэж Татварын шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгийн орлогч дарга Ли Пин онцолжээ.
Мөн тэрээр "Татварын байгууллагууд татвар, хураамжийн үйлчилгээ сайжруулах, бүтцийн татварын бууралт, хураамж хөнгөлөлтийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, зах зээлийн идэвх, итгэлийг нэмэгдүүлэх, өндөр чанартай эдийн засгийн өсөлтийг ахиулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана" гэж нэмж хэлсэн байна. ■









