



















Ням гарагт АНУ-ын чип үйлдвэрлэгч Nvidia-гийн (NVDA.O) H20 загвар нь БНХАУ-д аюулгүй бус гэж тус улсын төрийн мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой нэгэн нийгмийн сүлжээний хуудаст мэдээлсэн байна. Уг мэдээлэл нь Бээжин тухайн чипүүдэд “нууц арын хаалга” байгаа талаар болгоомжлолоо илэрхийлсэний дараа гарсан юм.
Төрийн төв телевиз CCTV-гийн харьяа “Ююань Тяньтянь” нэртэй нийгмийн сүлжээ хуудас дээр H20 чип нь технологийн хувьд дэвшилгүй, байгаль орчинд ээлтэй биш гэдгийг мөн дурджээ. Энэ нийтлэл нь WeChat-д мөн нийтлэгдсэн байна.

“Хэрвээ ямар нэгэн чип нь байгальд ээлтэй биш, технологийн хувьд хоцрогдсон, аюулгүй бус бол хэрэглэгчийн хувьд бид үүнийг худалдаж авахгүй байх сонголттой” гэж нийтлэлд дүгнэжээ.
Харин Nvidia компани энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.
H20 хиймэл оюуны чипийг Nvidia 2023 оны сүүлээр АНУ-аас БНХАУ-д дэвшилтэт 'AI' чип экспортлохыг хязгаарласны дараа тусгайлан Хятадын зах зээлд зориулан бүтээжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Засаг захиргаа энэ оны 4-р сард БНХАУ-тай худалдааны хурцадмал байдал нэмэгдсэнтэй холбоотойгоор борлуулалтыг хориглосон ч, 7-р сард уг хоригийг эргүүлэн цуцалсан юм.
БНХАУ-ын Кибер орон зайн хяналтын байгууллага 7-р сарын 31-нд Nvidia компанитай уулзалт хийж, H20 чип нь аюулгүй байдлын “арын хаалга” буюу баталгаажуулалт болон хамгаалалтын хяналтыг тойрон гарах нууц аргыг агуулсан эсэх талаар тайлбар өгөхийг хүсчээ.
Дараа нь Nvidia өөрийн бүтээгдэхүүнд холын зайнаас хандах, удирдах боломж олгох “арын хаалга” байхгүй гэж мэдэгдсэн.
Гэвч “Ююань Тяньтянь” нийтлэлдээ "Nvidia" чип нь техникийн “арын хаалга”-аар дамжуулан холоос унтраах зэрэг үйлдлийг хийх чадвартай гэж онцолсон байна.
Энэ байр суурь нь БНХАУ-ын өөр нэг төрийн хэвлэл “Жэньминь жибао”-гийн (People’s Daily) Nvidia компанийг шүүмжилсэн байр суурийн дараа гарчээ.
Өнгөрсөн сард “Жэньминь жибао” нийтлэлдээ "Nvidia" компани нь чипэндээ аюулгүй байдлын эрсдэл байхгүйг нотлох итгэл төрүүлэхүйц баримт гаргаж, БНХАУ-ын хэрэглэгчдийн болгоомжлолыг арилган, зах зээлийн итгэлийг сэргээх ёстой гэж мэдэгдсэн юм.









