



















"БНХАУ-ын жил тутам болдог Ардын Их Хурал эдийн засгийн томоохон өдөөлтийн арга хэмжээ зарлана" гэсэн хүлээлт талаар болж, Бээжин өнгөрсөн жилийн даруухан бодлогыг үргэлжлүүлэхээ амлав. Эдийн засгийн өсөлтийн зорилтыг ойролцоогоор 5% байхаар тогтоож, хэрэглээг нэмэгдүүлэх, АНУ-тай улам ширүүсэж буй худалдааны дайнаас үүдэлтэй сөрөг үр дагаврыг даван туулах арга хэмжээ авахаа амласан нь эерэг мэдээ байлаа. Гэсэн хэдий ч энэ удаагийн Ардыг Их Хурал түүхий эдийн зах зээлд Хятадын импортын өсөлтийг бодитой дэмжихүйц томоохон өдөөлтийн бодлого танилцуулсангүй.
Түүхий газрын тосны эрэлт 2025 онд нэмэгдэх магадлал багатай байна. Хятад нь дэлхийн хамгийн том импортлогч боловч оны эхний хоёр сарын мэдээлэл импортын өсөлт сул хэвээр байгааг харуулж байна.
2-р сард Хятадын түүхий газрын тосны импорт өдөрт 10.75 сая баррель байжээ.
1-р сард энэ үзүүлэлт 10.1 сая баррель байсан.
2024 оны дундаж импорт 11.04 сая баррель байсан тул энэ нь бууралттай байгааг илтгэж байна.
Хятадын Засгийн газар шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл (NEV) буюу цахилгаан болон хосолмол хөдөлгүүрт автомашиныг дэмжих бодлогоо үргэлжлүүлж буй нь газрын тосны эрэлт суларч буй гол шалтгаан юм. Засгийн газрын NEV болон эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгслийг дэмжих татаасны хөтөлбөрийг 2025 онд өргөжүүлсэн тул цахилгаан автомашины борлуулалт цаашид өсөх хандлагатай байна.
БНХАУ-ын хэрэглэгчдийн худалдан авах чадварыг дэмжихэд илүү төвлөрөх болсон нь гангийн эрэлтийг өсгөхгүй гэдгийг харууллаа. Хятадын Засгийн газар тав дахь жилдээ анх удаа 2025 онд түүхий гангийн үйлдвэрлэлийг танах төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Тус улсын эдийн засгийн төлөвлөгчийн танилцуулсан уг тайланд тодорхой зорилт заагаагүй ч үйлдвэрлэл 1 тэрбум тонн-оос давахгүй байх магадлал өндөр байна. Энэ нь 2024 оны 1.005 тэрбум тоннын хэмжээнээс буурч болзошгүй гэсэн үг.
Хятад улс далайн тээврээр нийлүүлэгддэг дэлхийн төмрийн хүдрийн 75%-ийг худалдан авдаг ч 2025 оны эхний улиралд импорт сул байна.
2-р сард төмрийн хүдрийн импорт 83.92 сая тонн байсан нь 2019 оны 4-р сараас хойших хамгийн бага үзүүлэлт байв.
1-р сард энэ хэмжээ 104.34 сая тонн байсан.
Энэ хандлага цаашид үргэлжилвэл төмрийн хүдэр болон коксжих нүүрсний эрэлт сул хэвээр байх төлөвтэй байна.
Сар шинийн баяр 2-р сарын импортод нөлөөлсөн байж болзошгүй ч "Kpler"-ийн нэгдүгээр сарын тооцоололтой нийлүүлэн үзэхэд 2025 оны эхний хоёр сарын өдөр тутмын дундаж импорт 3.19 сая тонн болжээ. Энэ нь 2024 оны 3.39 сая тоннын үзүүлэлтээс буурсан дүн юм.
2025 онд хүндрэлтэй байгаа өөр нэг түүхий эд бол нүүрс. "Kpler"-ийн тооцооллоор Хятадын далайгаар тээвэрлэгддэг бүх төрлийн нүүрсний импорт 2-р сард 29.82 сая тонн болж, 2024 оны 2-р сараас хойшхи хамгийн бага түвшинд хүрсэн байна. Энэ нь 1-р сарын 35.9 сая тонноос мөн буурсан үзүүлэлт юм.
Нүүрсний импортын сулралын гол шалтгаан нь дотоодын нүүрсний үнэ буурсан явдал бөгөөд энэ нь нүүрсний нөөцийг нэмэгдүүлж, импортын эрэлтийг бууруулахад нөлөөлжээ.
Хятадын энэ долоо хоногийн мэдэгдлүүдээс түүхий эдийн зах зээлд эерэг нөлөө үзүүлж болох гол мэдээлэл нь эрчим хүчний шилжилттэй холбоотой байлаа. Үндэсний хөгжлийн, шинэтгэлийн хороо лхагва гарагт мэдэгдэл хийж, далайн эрэгт шинэ салхин цахилгаан станцуудыг хөгжүүлэх болон баруун бүсийн цөлд "Шинэ эрчим хүчний баазууд" барих төлөвлөгөөгөө танилцуулсан байна.
Хятадын сэргээгдэх эрчим хүчний чадавхийг нэмэгдүүлэх бодлого нь зэс, хөнгөн цагаан, мөнгө зэрэг металлын эрэлтийг нэмэгдүүлэх хандлагатай. Ялангуяа мөнгө нь нарны хавтангийн үйлдвэрлэлд чухал түүхий эд юм.
Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Шанхайн биржид зэсийн үнэ пүрэв гарагийн өглөөний арилжаагаар 1.1%-иар өсч, 77,990 юань (10,757 ам.доллар)/тоннд хүрсэн бөгөөд он гарснаас хойш нийт 5.2%-иар нэмэгдсэн байна. Харин хөнгөн цагааны фьючерсийн үнэ даруухан 0.5%-ийн өсөлттэй байв.
Хятадын металлын эрэлтийг дэмжих эерэг хүчин зүйлүүд байгаа ч орон сууцны зах зээл асуудалтай салбар хэвээр байна.
Гэхдээ хамгийн том эрсдэл нь АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны эхлүүлж буй худалдааны дайнууд юм. Эдгээр нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулж, инфляцийг нэмэгдүүлэх аюултай гэж шинжээчид үзэж байна.









