



















"АНУ болон БНХАУ-ын хооронд байгуулсан худалдааны ерөнхий хэлэлцээр нуран унах эрсдэл хэвээр байгаа бөгөөд энэ долоо хоногт уг хэлэлцээрийг сорих томоохон шалгууртай тулгарах гэж байна" хэмээн Capital Economics компанийн шинжээчид дүгнэжээ.

Хоёр долоо хоногийн өмнө АНУ, БНХАУ хоёр гэрээнд гарын үсэг зурсан ч гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан нийтлэгдээгүй байна. Зарласан энэхүү гэрээний хүрээ хязгаарлагдмал бөгөөд сүүлийн саруудад бий болсон худалдааны хаалт, хязгаарлалтыг хэсэгчлэн буцааж, хоёр орны хооронд үүсээд буй хурцадмал байдлыг бага зэрэг намжаасан аж.
Гэсэн ч хоёр улсын зөрчилдөөн үүсэх үндсэн шалтгаанууд шийдэгдээгүй бөгөөд харилцаа нь 2025 оны эхэн үеэс илүү хурцадмал хэвээр байгааг Capital Economics-ийн шинжээчид онцолжээ.
“Энэ хэлэлцээр нь эмзэг суурьтай учраас ирээдүйд задарч нуран унах өндөр эрсдэлтэй” хэмээн Жулиан Эванс-Притчард тэргүүтэй шинжээчид тэмдэглэсэн байна.
Уг түр зогсолтын (truce) үр нөлөөг Лхагва гарагт сорих юм. Энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын "Харилцан адил" тарифын 90 хоногийн хугацаа дуусгавар болно. Тэдний үзэж байгаагаар энэ хугацаа дуусахад БНХАУ-д шууд нөлөөлөхгүй ч АНУ бусад улсад өндөр татвар оноох заналхийллээ ашиглан БНХАУ-ыг шууд бусаар онилж болзошгүй гэнэ.
Уг хугацаанд Трампын засаг захиргаа Их Британи болон Вьетнамтай урьдчилсан гэрээнүүд байгуулсан бөгөөд эдгээр гэрээнд Хятадад хамаарах нөхцөлүүд орсон байна.
Их Британийн гэрээнд Хятадын нийлүүлэлтийн сүлжээн дэх оролцоог хязгаарлах заалт багтсан.
Вьетнамын гэрээнд “дахин дамжуулалт” (transshipment) буюу Хятадаас Вьетнам руу дамжин АНУ-д ирж буй бараанд 40 хувь хүртэл татвар оноосон.
Capital Economics-ийн шинжээчдийн хэлснээр, “Харилцан адил” татварын хугацаа дуусахаас өмнө хийгдэж болох бусад гэрээнүүд ч БНХАУ руу чиглэсэн ижил төстэй заалтуудыг агуулж болзошгүй.
Мөн Трампын хувьд “Ямар нэг улс оронтой хэлэлцээр байгуулж амжаагүй байсан ч, БНХАУ-аас чиглэлээ өөрчилж ирсэн бараанд шинэ татвартногдуулах боломжтой хэвээр” гэж тэд анхааруулжээ. Гэсэн хэдий ч ийм дамжуулалтыг (rerouting) илрүүлж, хянах нь маш төвөгтэй бөгөөд барааны хүрээ маш өргөн тул хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байх аж.
“АНУ ил дамжуулалтыг хязгаарлахад амжилт олсон ч, түүний оронд зүгээр л худалдаа чиглэлээ өөрчлөх (trade diversion) үзэгдэл улам эрчимжих магадлалтай” гэж шинжээчид бичжээ.
Гэвч БНХАУ ийм дамжуулалтыг онилсон арга хэмжээнүүдэд дургүйцэх магадлалтай бөгөөд өмнө нь эсэргүүцлийн хариу арга хэмжээ авахаа мэдэгдэж байсан талаар дурджээ.
“Одоо Бээжингийн эрх баригчид хоёр сонголтын өмнө ирээд байна: шүдээ зуун тэвчих үү, эсвэл хариу арга хэмжээ авч, гуравдагч орнуудтай харилцаагаа хохироон байж хэлэлцээрийг унагах уу?” хэмээн тэд дүгнэсэн байна.









