



















"Nvidia" компани санхүүгийн төсөөлөлдөө БНХАУ дахь бизнесийн төлөвөө хэрхэн тодорхойлох нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаад байна. Учир нь тус компани АНУ-ын Засаг захиргаатай хийсэн ер бусын тохиролцооны дараа Бээжин импортоо сааруулах алхам хийжээ.

АНУ ба БНХАУ-ын худалдааны дайны хайчин шугаманд орсон Nvidia компанийн БНХАУ дахь бизнесийн хувь заяа нь дэлхийн хоёр том эдийн засаг татварын болон чипний худалдааны хязгаарлалтандаа авах хариу арга хэмжээнүүдтэй салшгүй холбоотой.
Хиймэл оюун ухааны чипний тэргүүлэгч компани саяхан БНХАУ-д хийсэн борлуулалтын орлогынхоо 15%-ийг АНУ-ын засгийн газарт төлөхөөр зөвшөөрч, үүнийхээ хариуд экспортын зөвшөөрөл авсан юм. Гэвч энэ хэлцэл хоёр намын улс төрчдийн шүүмжлэлийг дагуулсан.
БНХАУ-ын зах зээлд Nvidia компанийн чипний эрэлт асар өндөр байгаа ч Бээжин үндэсний аюулгүй байдлын үүднээс дотоодын компаниудад худалдан авалтаа хязгаарлахыг уриалжээ.
Мөн Nvidia зарим нийлүүлэгчдээ Хятадад зориулсан H20 тусгай чипний үйлдвэрлэлийг түр зогсоохыг даалгасан гэх мэдээлэл гарсан. Гэсэн ч Ройтерсын мэдээлснээр тус компани Хятадын зах зээлд зориулан H20-оос илүү хүчирхэг шинэ чип бүтээж байгаа аж.
Nvidia-ийн хувьцаа эзэмшигч Laffer Tengler Investments-ийн ахлах шинжээч Жэйми Майерс:
“Юуны түрүүнд энэ хоёр улсын засгийн газар байр сууриа тодорхой болгох хэрэгтэй – Хятад үнэхээр чип хүсэж байна уу, АНУ-ын засаг захиргаа үүнийг зөвшөөрөх үү? Хэрэв зөвшөөрвөл энэ нь яаж хэрэгжих вэ?” гэсэн байна.
📊 Өнгөрсөн онд Хятад Nvidia-ийн нийт орлогын 13%-ийг бүрдүүлсэн. 2025 оны 7-р сард дууссан хоёрдугаар улиралд АНУ-ын зөвшөөрөл улирлын сүүлд ирсэн тул шинжээчид Хятадын H20-ийн борлуулалтыг бараг тооцоогүй. Харин Бээжингийн эсэргүүцэл жилийн үлдсэн хугацааны төлөвийг улам төвөгтэй болгож байна.
Тус компани тавдугаар сард хязгаарлалт нь оны эхнээс 7-р сар хүртэлх 2 улиралд 8 тэрбум ам.долларын борлуулалтын алдагдал үүсгэнэ гэж мэдэгдэж байсан бол өмнөх гурван сард 4.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.
LSEG-ийн мэдээллээр, Nvidia компани энэ удаа хоёрдугаар улирлын орлогоо 53.2%-иар өсгөж 46.02 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна. Энэ нь сүүлийн улирлуудад гарч байсан гурвалсан тооны өсөлтөөс доогуур үзүүлэлт юм.
📊 Орлогын өсөлт саарч байгаа нь харагдаж байгаа ч шинжээчдийн хэлснээр AI чипний зах зээл ерөнхийдөө хүчтэй байгаа бөгөөд Meta, Microsoft зэрэг технологийн аваргууд хөрөнгө оруулалтын төсвөө тэлж, эрэлтийг маш өндөр хэвээр байлгаж байгаа аж.









