



















БНХАУ-ын удирдагчид АНУ-тай худалдааны дайнтай байгаа ч эдийн засгийн өсөлтийн хувьд 2025 онд төлөвлөсөн зорилгодоо хүрнэ гэсэн итгэлтэй байгаагаа нотолсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-аас импортлох бараандаа 145 хувийн тариф ногдуулж, тус улсыг худалдааныхаа хатуу бодлогын гол бай болгоод байгаа юм. Хариуд нь БНХАУ АНУ-аас импортлох бараанд 125 хувийн худалдааны тариф ногдуулсан. Энэ нь худалдааны дайн хурцдаж өргөжих болгоомжлолыг эдийн засагчдад төрүүлсэн.
Эдийн засагчид хоёр улсын худалдааны дайн өргөжих нь хэн хэндээ ашиггүй гэдгийг анхааруулж байгаа. Тухайлбал худалдааны дайн нь АНУ-ын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх бол БНХАУ-ын эдийн засагт ихээхэн дарамт үзүүлнэ гэсэн байна.
Мөн бизнес эрхлэгчид хоёр улсын худалдааны дайн нь ирээдүйн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө боловсруулахад хүндрэл учруулж байгааг онцолсон юм. Бодит байдал хүндрэлтэй байгаа ч БНХАУ-ын Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хорооны орлогч дарга Жао Чэньшин “Манай улсын эдийн засаг энэ жил ойролцоогоор 5 хувиар өсөх зорилтдоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэж Ройтерс агентлагт ярьсан байна.
Шинжээчид АНУ-ын тарифын дарамтаас үүдэн БНХАУ удирдагчид эдийн засгаа дэмжих шинэ урамшууллын бодлого хэрэгжүүлж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн. Жао тодорхой арга хэмжээ авах талаар мэдээлэл өгөөгүй ч энэ хоёрдугаар улиралд шинэ бодлого хэрэгжүүлнэ гэдгээ Ройтерст мэдэгдсэн байна.
Жаогийн мэдэгдэл нь “Олон Улсын Валютын Сан” (IMF)-ын шинжээчид БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулсны дараа гарсан юм. “ОУВС”, “ЮүБиЭС”, “Голдмэнсакс” зэрэг банкнуудын дүгнэж байгаагаар БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2025 онд 5 хувиас бага гарахаар байгаа ажээ.









