



















Пүрэв гарагт "Citi Research" судалгааны байгууллага "Burberry Group" -ийн нэгж хувьцааны үнэлгээг “тодорхойгүй”-ээс “худалдан ав” болгож ахиуллаа. Энэ нь тус брэндийн нэр хүнд сэргэж, АНУ дахь борлуулалт өссөнтэй холбоотой гэж тайлбарласан байна. Тус судалгааны байгууллага "Burberry"-ийн нэгж хувьцааны зорилтот үнийг өмнөх 9.80 паундаас 9.25 паунд болгон бага зэрэг бууруулсан ч, ногдол ашгийн өгөөж 28.7%-д хүрнэ гэж тооцжээ.
Судалгааны байгууллагуудын эерэг таамаг "Burberry"-ийн “Burberry Forward” нэртэй шинэ стратеги үр дүнгээ өгч эхэлж байгаагийн нотолгоо аж. “Burberry Forward” стратеги нь тус брэндийг уламжлалт загвар, гол бүтээгдэхүүн болох гадуур хувцас, ороолт зэрэгт анхаарлаа төвлөрүүлэхэд чиглэсэн юм.
Citi-ийн судалгаагаар худалдан авагчид "Burberry"-г “цаг хугацааны шалгуур давах загвар” гэж хүлээн зөвшөөрснөөс гадна ойрын зургаан сарын хугацаанд худалдан авах хүсэл эрмэлзэл нэмэгдсэн гэсэн байна. Түүн дундаа эдийн засгийн нөхцөл байдал доройтсон ч гэсэн худалдан авах төлөвлөгөөгөө өөрчлөхгүй гэжээ.
Тус тайланд дурдсанаар "Burberry" 2026–2028 оны хооронд дараах өсөлтийг үзүүлэхээр байна:
Борлуулалтын өсөлт: 7%
Татварын дараах ашгийн өсөлт: 56%
Нэгж хувьцаа дахь ашиг: 77%
Тухайлбал 2028 онд татварын дараах ашиг 364 сая паунд хүрнэ гэж таамаглажээ. Энэ нь зах зээлийн дундаж таамгаас 25%-иар илүү гэсэн үг. Үүний зэрэгцээ татварын дараах ашгийн түвшин 13% өснө гэж таамаглаж байна.
2024 оны хоёрдугаар сараас хойш "Burberry"-ийн нэгж хувьцааны үнэ 40%-иар унасан бөгөөд 2026 оны ашигтай харьцуулбал нэгж хувьцаанд ногдох ашгийн харьцаа 18, 2027 онд 12 байгаа нь Citi-ийн үзэж буйгаар хэт доогуур үнэлгээ юм. Дэлхийн тэргүүлэх брэнд болох "Hermes"-тэй харьцуулж тооцвол, тансаг зэрэглэлийн өрсөлдөгчдөөс 10%-иар хямд гэсэн үг.
Мөн "Burberry"-ийн вебсайт болон сошиал медиа дахь хайлтын идэвх нэмэгдсэн. Тус компанийн "trench coat" болон ороолтын хайлт онлайнд давамгайлж байгаа бөгөөд Citi-ийн судалгаагаар тансаг зэрэглэлийн гадуур хувцасны брэндүүд дундаа хамгийн өндөр оноог авсан байна.
Одоогоор АНУ-д "Burberry" төдийлөн тэргүүлж чадаагүй ч, Citi-ийн үзэж буйгаар тус компани амжилт олох боломжтой хэвээр байгаа аж. АНУ-ын засаг захиргаа өндөр тариф ногдуулсан ч "Burberry" үнийг нэмэгдүүлэх болон нийлүүлэлтийн сүлжээг өөрчлөх замаар 75%-ийг шингээж чадна гэж үзжээ.
Ойрын хугацаанд "Burberry"-д сорилтууд тулгарч байгаа ч "Citi" энэ бүхнийг зах зээл хэтэрхий сөргөөр үнэлсэн гэж үзэж, брэндийн байр суурь, үйл ажиллагаа сэргэснээр урт хугацаанд нэгж хувьцааны ханш өсөх боломжтой хэмээн дүгнэжээ.









