



















“Burberry” компанийн сүүлд хэрэгжүүлсэн “Burberry Forward” стратеги нь төлөвлөсний дагуу нөлөөгөө үзүүлж эхэллээ. Аливаа шинээр хэрэгжүүлж буй стратеги тооцоогүй эрсдэл дагуулдаг. “Burberry” компанийн хэрэгжүүлж буй шинэ стратеги эрсдэлийг тойроогүй дайраад гарсан юм. Шинэ стратегийн нөлөөгөөр тодорхой хэмжээний өсөлт, урагшлах хандлага бий болж байгаа нь ажиглагдаж эхэлсэн. Тухайлбал 2024 оны эхний хагас жилийн алдагдал 41 сая паунд байсан бол оны эцэс гэхэд нөхөгдөж 67 сая паундын ашигтай гарсан юм. Тухайн онд нийт дүнгээрээ 26 сая паундын ашигтай гарч, тооцоолсноос 11 сая паундаар илүү гарсан байна.
Гэсэн хэдий ч 2023 оны 418 сая паундын ашигтай харьцуулахад 94 хувиар буурсан дүн юм. Орлогын хувьд 2024 онд орлого 2.46 тэрбум паундтай гарсан нь хүлээлтэд хүрсэн хэдий ч ашгийн үзүүлэлт хэт бага байсан.
Гүйцэтгэх захирлын өөрчлөлт, ногдол ашиг тараахаа зогсоосон, эхний хагас жилийн алдагдал зэрэг нь тус компанийн хувьцааны ханшид хүчтэй цохилт үзүүлсэн юм. Гэхдээ “Burberry” компанийн удирдлагууд асуудалд нухацтай хандаж, шийдвэртэй алхмуудыг шат дараатай авсан. Үүний нэг алхам нь “Burberry Forward” стратеги юм. Британийн өвийг үгүй хийж, шинэлэг байдлаасаа хазайж зорилтот хэрэглэгчдийн хүсэлд нийцэхгүй болсон нь тус компанийг ихээхэн алдагдал хүлээхэд хүргэсэн ажээ. Шинэ стратеги нэвтрүүлээд хэрэглэгчийн сонголтыг өөртөө татахад тодорхой хугацаа шаардагдана.
Шинэ стратегийн гол зорилт бол уламжлалт тансаг загварууд руугаа эргэн төвлөрөх, түүн дундаа уламжлалт загвар дээрээ анхаарлаа хандуулж, орчин үеийн хандлагаас татгалзжээ. Мөн арьсан бүтээгдэхүүний үнийн бодлого худалдан авагчдад хэт өндөр туссаныг хүлээн зөвшөөрсөн байна. Хэчнээн тансаг брэнд ч гэсэн худалдан авагчдын хүсэлд нийцсэн үнэтэй байх ёстой.
Шинэ стратеги үр дүнгээ өгч эхэлсэн ч цаашид хийх ажил их байна. Загвар, үнээс гадна гадаад хүчин зүйлийн нөлөө байсныг энд онцлох хэрэгтэй юм. Тухайлбал Их Британид аяласан гадаад улсын жуулчдад НӨАТ-ийн буцаан олголтыг зогсоосон нь тус улсыг Европ тивийн хамгийн өрсөлдөх чадваргүй дэлгүүрүүдтэй улс болгосон байна.
“Burberry” компанийн борлуултанд чухал байр суурь эзэлдэг Ази тив дахь бүтээгдэхүүний борлуулалт эргэлзээ дагуулж эхэлсэн. Ази тивийн худалдан авагчдын сэтгэл ханамж буурсан хэвээр байгаа юм. АНУ, БНХАУ-ын хооронд дэгдээд буй “импортын татварын дайн” дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэл бий болгосон. “Татварын дайн”-ны сүүдэр тансаг брэндүүд дээр нэн түрүүнд тусах нь тодорхой юм. Тус компанийн БНХАУ дахь борлуулалтад “импортын татварын дайн” багагүй нөлөө үзүүлснийг борлуулалтын тайлангаас харж болохоор байна.
“Burberry” компанийн нийт борлуулалтын хувьд Ази, Номхон далайн бүс нутгийн борлуулалт 44 хувийг бүрдүүлдэг. Гэтэл өнгөрсөн онд 16 хувиар буурсан нь мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн. Харин Японы зах зээл дээр борлуулалт бага зэрэг өсөлттэй гарчээ.
Зардлаа танах төлөвлөгөө нь удахгүй нөлөөгөө үзүүлнэ хэмээн компанийн удирдлагууд найдаж байна. Өмнө зарласан 40 сая паундын хэмнэлтийн төлөвлөгөөний хүрээнд 2027 он гэхэд нэмж 60 сая паундыг хэмнэхээр төлөвлөсөн. Цаашдаа жил бүр 100 сая паундын хэмнэлт хийх алсын зорилго боловсруулсан байна.
2025 онд тус компани гадуур хувцас, ороолт зэрэг уламжлалт тансаг брэндүүддээ анхаарал хандуулахын зэрэгцээ “Брэндийн эрэлт”-ийг дахин бий болгож, муудсан ашигт ажиллагааны үзүүлэлт дээрээ анхаарлаа хандуулсан.
“Нийт дүнгээрээ “Burberry” компани намгаас гарч чадлаа” гэж хэлэхэд арай эрт байна. Гэхдээ “Burberry Forward” стратеги нь нөлөөгөө үзүүлсэн нь компанийн ажиллагсдад ихээхэн урам өгчээ. Энэ долоо хоногт АНУ, БНХАУ-ын хооронд үүссэн “Татварын дайн”-ны дарамт буурсан ч одоогийн өсөлтийн хандлага урт хугацаандаа үргэлжлэх эсэхийг батлах боломжгүй байгаа.
Компанийн нэгж хувьцааны ханш сүүлийн хоёр жилд 67 хувиар унасан нь томоохон уналт болсон юм. Хөрөнгө оруулагчид тус компанид хийх хөрөнгө оруулалтдаа ихээхэн болгоомжтой хандаж байгаа ч стратегийн нөлөө эерэг хариу өгснөөр хөрөнгийн зах зээл дээр тодорхой дэвшлийг авчрах төлөв ажиглагдаж эхэллээ.









