



















Шуугиан тариад удаагүй байгаа, шуугианых нь улам мөр одоо ч хөрөнгийн зах зээл дээр тодоор үлдсэн БНХАУ-ын хиймэл оюун ухааны гарааны компани болох “DeepSeek” зах зээл дээр богино хугацааны тоглолт буюу манипуляц (заль мэх) хийх зорилготой үүсгэн байгуулагдсан компани юм биш биз гэх хардлагыг төрүүлээд эхэллээ. Эдгээр таамаг нь “DeepSeek”-ийн вэб сайтын олон удаагийн уналт болон кибер аюулгүй байдлын асуудлуудтай холбоотой гарч буй мэдээллүүдтэй нь холбон тайлбарлаж болох үндэслэлтэй юм. Зарим шинжээчид үүнийг тус компанийн хууль ёсны ажиллагаанд эргэлзэх үндэслэл хэмээн үзэж байна.
“DeepSeek” нь хиймэл оюун ухааны салбарт ихээхэн хурдацтай тэлж байгаа бөгөөд уг компанийн өсөтөөс шалтгаалж “NVIDIA Corporation”, “Broadcom Inc” гэх мэт томоохон компаниудын хувьцааны ханш унаж олон тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээгээ алдаад байгаа юм. Компанийг үүсгэн байгуулагя Лян Вэнфанг өмнө нь “High-Flyer” хэмээх арилжааны сангаар дамжуулан амжилт гаргаж байсан. Үүний дараагаар тэрээр“High-Flyer” -аар дамжуулан ( эзэмшигч толгой компани нь) хиймэл оюун ухааны чиглэлд хүч сорихоор шийдэж “DeepSeek”-ийг байгуулсан гэдэг.
БНХАУ-ын хөрөнгийн зах дээр хувьцааг богино хугацаанд арилжих нь хууль бус байдаг бол Уоллстрийтэд бол энэ нь зөвшөөрөгддөг. Үүнээс харахад “DeepSeek” нь зах зээл дээр үнийн огцом хэлбэлзэл үүсгэх Пи-Ар стратеги хийж, зах зээлээс богино хугацаанд ихээхэн хэмжээний хөрөнгө татаж, ашиг олох зорилготой байж болохыг бас л үгүйсгэх аргагүй юм.









