



















Баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ам.долларт уясан криптовалют буюу "тогтвортой койн"-ыг зохицуулах хуулийг баталж, төлбөр тооцоо хийх, мөнгөн шилжүүлэг хийхэд эдгээр дижитал хөрөнгийг өргөн ашиглах боломжийг нээлээ.
Энэхүү хууль "GENIUS Act" хэмээх нэртэй бөгөөд Төлөөлөгчдийн танхимаар 308:122 саналтайгаар батлагдсан байна. Дэмжиж баталсан гишүүдийн бараг тэн хагас нь Ардчилсан намынх, ихэнх нь Бүгд Найрамдах намын гишүүд байсан юм. Уг хуулийг өмнө нь сенат мөн баталсан.

Энэхүү хууль батлагдсанаар крипто салбарын хувьд томоохон ялалт боллоо. Тус салбарынхан 2009 оноос хойш хууль эрх зүйн тодорхой орчин шаардсаар ирсэн ба энэ нь салбарынх нь хууль ёсны байдал, олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилготой байв.
“Энэ хуульд гарын үсэг зурсанд тань баяр хүргэе. Та бүхний хичээл зүтгэл, шинэлэг сэтгэлгээний ялалт юм,” хэмээн Доналд Трамп гарын үсэг зурах ёслолд оролцсон төрийн албан хаагчид, крипто салбарын гүйцэтгэх захирлууд болон хууль тогтоогчдын өмнө хэлжээ. Доналд Трамп “Энэ нь ам.долларт тустай, улсдаа тустай.” гэжээ.
Тогтвортой койн гэж юу вэ?
Тогтвортой койн нь ихэвчлэн ам.доллартай 1:1-ээр харьж тогтвортой үнэтэй байхыг зорьдог бөгөөд крипто худалдаачид койнууд хооронд мөнгө шилжүүлэхэд өргөн хэрэглэдэг юм. Цаашид эдгээр койныг энгийн хэрэглээнд – төлбөр тооцоо хийх, мөнгөн шилжүүлэгт – ашиглахыг зорьж байна.
Шинэ хуулийн гол заалтууд:
Тогтвортой койнуудыг заавал богино М2 хөрөнгө (ам.доллар, богино хугацаат Засгийн газрын бонд гэх мэт)-өөр бүрэн баталгаажуулах;
Нөөц хөрөнгийн бүтэц, бүрдлийг сар бүр нийтэд ил тод тайлагнах гэх мэт;
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент энэ технологи нь дэлхийн нөөц валют болох ам.долларын байр суурийг бататгаж, ам.долларын эдийн засагт хандах хандлагыг өргөжүүлж, тогтвортой койноор дамжин АНУ-ын Засгийн газрын бондын эрэлт нэмэгдэнэ гэж үзэж байна.
Крипто салбарын хүлээлт: Crypto өгөгдлийн CoinGecko-ийн мэдээлснээр, тогтвортой койны зах зээл өнөөдрийн байдлаар 260 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Харин Standard Chartered банкны таамаглалаар энэ хууль хүчин төгөлдөр болсноор 2028 он гэхэд энэхүү зах зээл 2 их наяд ам.долларт хүрч өсөх боломжтой аж.
Трамп ба крипто:
Трамп 2024 оны сонгуулийн үеэр крипто салбарыг дэмжинэ хэмээн амласан.
Тэрбээр өөрийн гэсэн $TRUMP нэртэй meme койн гаргасан ба World Liberty Financial хэмээх крипто компанид хөрөнгө оруулсан.
3-р сард гаргасан тушаалаараа стратегийн зориулалттай Bitcoin-ийн нөөц бий болгох шийдвэр гаргасан.
Хуульд шүүмжлэлтэй хандсан талууд:
Зарим Ардчилсан намын гишүүд болон ажиглагчид технологийн том компаниуд өөрийн тогтвортой койныг гаргахыг хориглоогүйд сэтгэл дундуур байгаа.
Хуульд мөнгө угаахын эсрэг илүү хүчтэй хамгаалалт дутмаг, гадаадын "тогтвортой койн" гаргагчдын хяналтыг сул тавьсан гэж шүүмжилж байна.
Transparency International U.S.-ийн орлогч гүйцэтгэх захирал Скотт Грейтак хэлэхдээ:
“Энэхүү хууль нь аюултай цоорхойг орхисноор АНУ-ыг дэлхийн гэмт хэргийн бүлэглэл, сөрөг хүчнүүдийн санхүүгийн нууц хоргодох газар болгон хувиргах эрсдэлийг үүсгэж байна.” гэжээ.
Тогтвортой койн ба Т-бонд:
Уг хууль батлагдсанаар тогтвортой койн гаргагчид илүү их хэмжээний АНУ-ын Засгийн газрын богино хугацаат бондыг худалдан авах шаардлагатай болно.
Зарим томоохон крипто компаниуд (жишээ нь Circle, Ripple) АНУ-ын банкны тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргаад байна. Энэ нь банкны зуучлалгүйгээр гүйлгээ хийх боломжийг нэмэгдүүлэх аж.
Эцэст нь:
Ерөнхийлөгч Доналд Трампын гарын үсэг зурсан энэ хууль бол АНУ-д криптовалютыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны томоохон алхам болж байна. Крипто салбарын хувьд энэ нь зөвхөн санхүүгийн хөгжил бус, улс төрийн дэмжлэг хүлээсэн стратегийн ялалт юм.









