



















АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампийн тарифийн бодлого, ОХУ Украйны дайн гэх мэт асуудлуудаас болж мөн Монгол Улсын хувьд нүүрсний үнэ унасан зэргээс шалтгаалж "Хямрал" айсуй талаар эдийн засагчид анхааруулаад эхэллээ. Эдийн засгийн уналтын үед бүх бизнесүүд ижил хүндрэлийг амсдаггүй. Зарим бизнесүүд эдийн засгийн хямралын үед хэрэглэгчид үнэтэй орлуулдаг бараа, үйлчилгээнээс татгалзахтай зэрэгцэн өсөлттэй байдаг.
Ийм бизнесүүд нь тансаг хэрэглээний оронд хямд сонголтууд санал болгодог юм.
Мөн хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээг хангадаг, зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг компаниуд оршин тогтнодог. Мөн хэрэглэгчид хэзээ ч татгалзаж чадахгүй, амьдралд хэрэгтэй үндсэн үйлчилгээнүүд бий.
1. Нягтлан бодогчид
Хүн бүр, байгууллага бүр ямар ч үед татвараа төлөх, санхүүгээ зөв удирдах хэрэгтэй болдог. Эдийн засгийн хүндрэлийн үед сайн нягтлан бодогч бүр ч илүү чухал болно.
Нягтлан бодогчид хямралын үед илүү их ажилтай болдог. Учир нь хувь хүмүүс, жижиг бизнесүүд татварын хөнгөлөлт, санхүүгийн зөв менежментэд илүү их анхаарал хандуулдаг байна. Мөн төр засгаас хэрэгжүүлдэг шинэ дэмжлэг, зээлийн баталгаа, журамтай холбоотой зөвлөгөө авах шаардлага гардаг. Хамгийн муугаар бодоход, дампуурлын үед ч тэдний тусламж хэрэгтэй болдог ажээ.
2. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчид
Эдийн засгийн ямар ч нөхцөлд хүмүүс өвддөг. Тиймээс эрүүл мэндийн салбар бол бараг уналт үл мэдрэгч бизнес юм. Ажлын байр, орлого буурсан ч хүмүүс эрүүл мэнддээ анхаарахаас өөр аргагүй.
3. Санхүүгийн зөвлөх, эдийн засагчид
Хүмүүс эдийн засгийн тодорхойгүй байдалд хөрөнгөө хэрхэн хамгаалах талаар мэргэжлийн зөвлөгөө хайдаг. Тиймээс санхүүгийн зөвлөхүүд, эдийн засагчид, бодлого тодорхойлогчдын эрэлт нэмэгддэг байна. Мөн хэвлэл мэдээллийн эдийн засгийн шинжээчид хүртэл олонд хэрэгтэй болдог ажээ. (Гэснээс Тэнцвэртэй мэдээллийг UG.MN Үг бол үнэ цэн. Хямралын үед ч та үгтэйгээ хамт байгаарай)
4. Машин засварын үйлчилгээ
Хямралын үед хүмүүс шинэ машин худалдаж авахгүй, харин хуучнаа засварлуулдаг. Иймд авто засварын газар орлого сайтай байж чадна. Мөн шинэ машин авахад зориулсан зээлийн боломж хязгаарлагддаг тул хуучин машинуудын эрэлт нэмэгддэг аж.
5. Орн сууцны засвар үйлчилгээ, бараа материалын дэлгүүрүүд
Шинэ байр худалдаж авах боломжгүй хүмүүс өөрсдийн байраа засах, сайжруулах хэрэгтэй болдог. Тиймээс багаж хэрэгсэл, материал зардаг дэлгүүрүүд орлогоо хадгалж чаддаг байна. Гэхдээ шинэ байр барих компаниуд хамгийн их хохирол амсдаг ажээ.
6. Орон сууц худалдах бэлтгэл хийдэг мэргэжилтнүүд (Home Staging)
Эдийн засгийн уналтын үед үл хөдлөх хөрөнгө зарахад хэцүү болдог аж. Гэхдээ зарах шаардлагатай хүмүүс байдаг. Тиймээс байрыг хамгийн үзэмжтэй харагдуулах, хурдан зарахад туслах мэргэжилтнүүд (дизайнер, риэлтор) эрэлттэй болдог ажээ.
7. Түрээсийн агент, үл хөдлөх хөрөнгө удирдлагын компаниуд
Хүмүүс байр худалдаж авч чадахгүй үед "Түрээс" хамгийн бодит сонголт болдог. Түрээсийн зах зээл сэргэж, түрээсийн байрны эзэд, менежмент эрхэлдэг компаниудын орлого нэмэгддэг байна. Мөн хямралын үеэр хамт амьдрах (өрөө хуваах) үзэгдэл нэмэгддэг ажээ.
8. Хүнсний дэлгүүрүүд
Хямралын үед гадуур хооллох нь тансаг хэрэглээ болж, хүмүүс гэртээ хоол хийх нь нэмэгддэг. Үүний улмаас супермаркетуудын борлуулалт ч нэмэгддэг байна. Хямралын үед хүмүүс гэртээ хооллох, зочдоо гэртээ урих хандлага өндөрсдөг ажээ.
9. Хямдралтай, хямд үнэ бүхий дэлгүүрүүд
Хүмүүсийн орлого багасах үед хямд үнэтэй дэлгүүрүүд эрэлттэй болдог байна. Тэд зөвхөн зайлшгүй хэрэгцээт зүйлс биш, бас хямд үнэтэй тансаг хэрэглээг (жишээ нь уруулын будаг гэх мэт) ч зардаг. Тиймээс эдгээр дэлгүүрүүдийн орлого нэмэгддэг ажээ. Эдийн засгийн уналтад ямар ч орлоготой хүмүүс хямд дэлгүүрийг сонирхож эхэлдэг байна.
Эдийн засгийн хямрал бол хүн бүрт хүнд сорилт боловч зарим бизнесүүдэд боломжийг авчирдаг. Хэрэглэгчдийн зайлшгүй хэрэгцээг хангах, хямд сонголт санал болгох нь ийм үед хамгийн амжилттай стратеги болдог гэдгийг санаж явахад илүүдэхгүй биз. Монголд эдгээр бизнесийг эрхэлдэг бизнес эрхлэгчид бол тайван байж болохоор байна.









