



















АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мягмар гарагт хэрэгжүүлэхээр товлосон, Мексик болон Канадын эсрэг хойшлуулсан тарифууд, түүнчлэн Хятадын эсрэг нэмэлт татварууд энэ долоо хоногт санхүүгийн зах зээлд гол анхаарал татах сэдэв болох төлөвтэй байна. Үүний зэрэгцээ, үйлдвэрийн үйл ажиллагааны үзүүлэлт болон голлох хөдөлмөр эрхлэлтийн тайлан нь (Энэ долоо хоногт буюу гуравдугаар сарын 7-нд АНУ-ын ажилгүйдлийн мэдээ гарна) АНУ-ын эдийн засгийн байдлын талаархи тодорхой ойлголтыг өгөх боломжтой. Мөн Биткойн анхаарлын төвд байх бөгөөд Трампын амралтын өдрүүдэд зарласан таван төрлийн криптовалютыг стратегийн нөөцөд оруулах шийдвэрийн дараа үнэ нь өссөн байна.
1. Трампын тарифын эцсийн хугацаа ойртож байна
Энэ долоо хоногт хөрөнгө оруулагчид Вашингтоны үйл явдлуудыг анхааралтай ажиглах болно. Цагаан ордон мягмар гарагаас эхлэн Мексик болон Канадын эсрэг өмнө нь хойшлуулсан тарифуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. АНУ-ын Худалдааны сайд Ховард Латник "Fox News"-т өгсөн ярилцлагадаа, эдгээр тарифууд нь хоёрдугаар сард нэг сарын хугацаагаар хойшлогдсон байсан ч мягмар гарагаас хэрэгжиж эхэлнэ гэж мэдэгдсэн. Энэ хойшлуулалтыг хийх болсон шалтгаан нь Трамп Мексик, Канадын хилийн аюулгүй байдлыг бэхжүүлэх амлалтыг хүлээн авсантай холбоотой юм.
Гэхдээ Латник тарифын нөхцөл байдал "уян хатан" хэвээр байгааг онцолж, эцсийн шийдвэрийг Трамп гаргана хэмээн нэмж хэлсэн. Мексикээс орж ирэх бүх бараа бүтээгдэхүүн, Канадын эрчим хүчнээс бусад импортод 25%-ийн тариф тогтоох талаар хэлэлцэж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт тарифын хэрэгжих хугацааны талаар тодорхойгүй байдал үүссэн. Трамп дөрөвдүгээр сарын 2-ныг онцолж байсан ч эцэст нь мягмар гарагийн хугацааг баталгаажуулж, хоёрдугаар сарын 4-нд тогтоосонтой адил Хятадын импортод нэмэлт 10%-ийн татвар ногдуулахаа мэдэгдсэн.
2. ISM PMI болон хөдөлмөр эрхлэлтийн тайлан
АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүдийн хүрээнд энэ долоо хоногт үйлдвэрлэлийн салбарын чухал үзүүлэлтүүд болон сар бүрийн хөдөлмөр эрхлэлтийн тайланг анхааралтай ажиглах хэрэгтэй.
АНУ-ын Нийлүүлэлтийн Удирдлагын Хүрээлэн (ISM)-ээс гаргах үйлдвэрийн худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) 50.6-д хүрэх төлөвтэй байна. Энэ нь нэгдүгээр сарын 50.9-өөс бага зэрэг буурах дүн юм. Энэхүү үзүүлэлт 50-аас дээш байвал өсөлтийг илтгэдэг.
Нэгдүгээр сард PMI хоёр жилийн дараа анх удаа өсөлт үзүүлсэн ч тарифын бодлоготой холбоотойгоор энэ өсөлт үргэлжлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Зарим эдийн засагчид тариф нь АНУ-ын долларын ханшийг бэхжүүлж, АНУ-д үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд өрсөлдөх чадваргүй болгох эрсдэлтэйг анхааруулж байна.
Мөн Баасан гарагт гарах АНУ-ын цалин хөлсний тайлан онцлох үзүүлэлт болох юм. Тус тайланд хоёрдугаар сард 156,000 шинэ ажлын байр нэмэгдсэн байх төлөвтэй байгаа нь өмнөх сарын 143,000-тай харьцуулахад өссөн үзүүлэлт болох юм.
Сүүлийн үед гарсан мэдээллүүд нь хэрэглээний зардал буурч байгааг, инфляцын дарамт үргэлжилж байгааг харуулж байгаа нь Холбооны Нөөцийн Банкны (ХНБ) бодлогод хүндрэл учруулж байна. ХНБ өнгөрсөн нэгдүгээр сард хуралдаанаараа энэ онд хүүгийн түвшинг өөрчлөх эсэхээ ажиглаж байж шийдэхээ мэдэгдсэн. Үүнд хөдөлмөрийн зах зээлийн тогтвортой байдал, Трампын худалдаа, цагаачлалын бодлогын үр нөлөөтэй холбоотой тодорхойгүй байдал нөлөөлсөн.
3. Биткойнд анхаарал хандуулна
Баасан гарагт Трамп Цагаан ордонд криптовалютын анхны чуулганыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр салбарын талаархи шинэ төлөвлөгөөгөө танилцуулах төлөвтэй байна. Биткойны ханш Даваа гарагт огцом өссөн бөгөөд үүнд Трампын стратегийн нөөцөд таван криптовалютыг багтаахаар болсноо зарласан нь нөлөөлжээ. Трампын мэдэгдлээр АНУ-ын Крипто стратегийн нөөц нь Биткойн (Bitcoin), Эфириум (Ether), XRP, Солана (Solana), Кардано (Cardano) зэрэг криптовалютуудаас бүрдэх аж.
Трамп өнгөрсөн сард криптовалютын зохицуулалтын хүрээг боловсруулах тухай зарлигт гарын үсэг зурсан. Гэвч тус зарлигт Биткойны талаар тодорхой мэдээлэл ороогүй бөгөөд зохицуулалтын хүрээ ямар байх талаар тодорхойгүй хэвээр байв.
4. Хятадын Үндэсний Ардын Их Хурал
Хятадын Үндэсний Ардын Их Хурал энэ долоо хоногт ээлжит хуралдаанаа хийж, эдийн засгаа дэмжих шинэ арга хэмжээнүүдийг зарлах эсэхийг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглах болно. Бээжин хотын удирдлага эдийн засгийн хэд хэдэн сорилттой тулгарч байгаа. Үүнд үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, дотоодын хэрэглээ сулрах, олон улсын худалдааны хурцадмал байдал нэмэгдэх зэрэг асуудлууд багтаж байна.
Гэсэн хэдий ч гадаадын үйлчлүүлэгчдээс ирэх эрэлт хоёрдугаар сард сэргэж, өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш анх удаа экспортын захиалга нэмэгдсэн байна.
5. Европын Төв банкны шийдвэр
Европын Төв Банк (ЕТБ) энэ Пүрэв гарагт хүүгийн түвшинг дахин бууруулах төлөвтэй байгаа ч цаашдын хандлага тодорхойгүй хэвээр байна.
Зах зээлийн хүлээлтээр ЕТБ голлох хүүгийн түвшинг 25 суурь нэгжээр бууруулж, 2.50% болгох магадлал өндөр байна. Гэсэн хэдий ч Евро бүсийн эдийн засгийн идэвх сул байгаа нь бодлогын дараагийн алхмуудад нөлөөлж магадгүй.
АНУ-ын Европын холбооны бараа бүтээгдэхүүнд тариф ногдуулах төлөв байдал, Германы эвслийн засгийн засгийн газар байгуулагдах эсэхээс зах зээл ихээхэн хамаарах юм.









