



















Торий буюу (Th, Thorium) хэмээх цацраг идэвхт элемент их хэмжээгээр агуулсан байгалийн эрдэс. Торий нь дангаар байх нь ховор бөгөөд ихэвчлэн газрын ховор элементийн ордуудтай илэрч байгаа. Торий нь уран (Uranium)-тай адил цөмийн эрчим хүч гарган авахад ашиглагдах боломжтой нөөц юм.
Торий нь ураны нэгэн адил цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглагддаг. Гэхдээ ураны шууд задралын урвалд ордог U-235 изотопоос ялгаатай нь, Th-232 нь шууд задралд орохгүй бөгөөд U-233 болгон хувиргасны дараа л ашиглагдах боломжтой. Торийн түлштэй реактор нь уламжлалт ураны реактороос илүү аюулгүй гэж тооцогдож байгаа бөгөөд торийн түлшний гинжин урвал өөрөө тасалдах хандлагатай байдаг тул хяналтаас гарах эрсдэл бага гэж үзэж болно.
Торийн түлш ашиглах үед цөмийн хаягдал бага гардаг бөгөөд энэ нь байгаль орчинд ээлтэй шийдэл болох боломжтой гэж үзэн дэлхий нийтийн сонирхолыг асар ихээр татаж буй нөөц юм.
Дэлхийд торийн томоохон нөөцтэй улс орнууд нь:
• Энэтхэг (Дэлхийн торийн нөөцийн 25%-ийг эзэмшдэг)
• Австрали
• АНУ
• Бразил
• БНХАУ зэрэг улсуудад бүртгэгдээд байгаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн олон улс орон торийн түлш ашиглах судалгааг хийж байгаа боловч практикт өргөн ашиглаагүй байна. Гэхдээ Энэтхэг, Хятад, Норвеги зэрэг улс орнууд торийн түлш бүхий уусмал давсны реактор (Molten Salt Reactor – MSR) хөгжүүлж, цөмийн эрчим хүчний илүү аюулгүй, тогтвортой хувилбарыг бий болгохоор тасралтгүй хичээн ажиллаж байгаа.
Манай улсын тухайд газрын ховор элемент болон урантай холбоотойгоор торийн нөөц тодорхой хэмжээнд байж болзошгүй гэсэн судалгаанууд бий. Гэхдээ энэ нь ураны ордуудтай харьцуулахад төдийлөн судлагдаагүй, илэрцгүй байгаа юм.









