



















Еврогийн сүүлийн хоёр жилд үзүүлсэн хамгийн том гурван өдрийн өсөлт нь шинжээчдийг ханшийг дахин тооцоолоход хүргэв Европ дахь зардлын өсөлт болон АНУ-ын эдийн засгийн сулралын шинж тэмдгүүд нь еврог 1 доллар хүртэл унах тухай яриаг намжааж, зах зээлд шинэ хандлага үүсгэв. "Deutsche Bank"өнгөрсөн долоо хоногт еврогийн талаар “баавгайн” буюу уналтад орох төлөвтэй гэж үзэж байсан бол одоо “бухын” буюу өсөлттэй байна гэж үзэж эхэлжээ. Rabobank болон MUFG мөн адил еврогийн уналт руу чиглэсэн таамгаа өөрчилж, илүү өөдрөг таамаглал гаргав. Харин Nomura нь еврог фунттэй харьцуулахад худалдаж авахыг зөвлөсөн байна.
Лхагва гарагт еврогийн ханш огцом өссөн нь Германы дараагийн засгийн газрыг бүрдүүлэхээр зорьж буй намууд улсын өрийн хязгаарлалтын журмыг өөрчлөхөөр тохиролцсонтой холбоотой байв.
Сүүлийн гурван өдрийн дотор еврогийн ханш 3.1%-иар өсөж, $1.07-д хүрсэн нь сүүлийн дөрвөн сарын хамгийн өндөр түвшин болжээ.
"Еврогийн ханш паритетаас (1 доллартай тэнцэх) доош орохгүй гэж үзэж байна, нөхцөл байдал үнэхээр өөрчлөгдлөө" гэж State Street Global Markets-ийн EMEA бүсийн макро стратегийн тэргүүн Тим Граф хэлэв. Гэхдээ тэрбээр “Украины асуудлаар маш том тохиролцоонд хүрэхгүй л бол еврогийн ханш $1.10-оос давахгүй” гэж нэмж хэлжээ.
Европ томоохон зардал гаргаж байна
Еврогийн хамгийн сүүлийн өсөлтийн гол шалтгаан нь Германы засгийн газрын зүгээс ДНБ-ний 1%-иас дээш хэмжээтэй батлан хамгаалахын зардлыг улсын өрийн хязгаарлалтаас чөлөөлөх, мөн 500 тэрбум еврогийн ($535 тэрбум) дэд бүтцийн сан байгуулах төлөвлөгөө байв.
“Энэ бол гэнэтийн шийдвэр” гэж "UBS Global Wealth Management"-ийн гадаад валют, түүхий эдийн албаны захирал Доминик Шнайдер онцолжээ. “Ийм дэмжлэгтэйгээр паритетад хүрэх шаардлага багасч байна. Тарифын эрсдэлийг сааруулах нэгэн хүчин зүйл нэмэгдсэн” гэж тэр хэлэв.
Европын Комисс мөн мягмар гарагт 150 тэрбум еврогийн зээл гарган, гишүүн улсуудад батлан хамгаалахын салбарт зарцуулах санхүүжилт олгох санал гаргасан. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины тусламжийг түр зогсоосонтой холбоотойгоор Европын орнууд батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлж эхэлсэнтэй холбоотой.
"Macquarie Group"-ийн шинжээчид Тьерри Визман, Гарет Берри нар тэмдэглэхдээ:
“Цэргийн зардлын өсөлт нь Европын орнуудын байр суурийг бэхжүүлнэ, энэ нь валютын хувьд эерэг нөлөөтэй” гэжээ. Тэд мөн “Эдийн засгийн идэвхжилтийг нэмэгдүүлж, инфляцийг тодорхой хэмжээнд сэргээх бөгөөд Европын Төв Банк (ЕТБ)-ийг бодлогын хүүгээ бууруулах төлөвлөгөөгөө дахин бодоход хүргэнэ. Энэ нь еврогийн хувьд эерэг зүйл” гэж үзсэн байна.
Германы 10 жилийн хугацаатай бондын өгөөж Лхагва гарагт 23 суурь нэгжээр огцом өсөж, 1990-ээд оноос хойш нэг өдрийн дотор гарсан хамгийн том өсөлтийг харууллаа. Бондын өгөөж өсөх нь хөрөнгө оруулагчдыг Европын үнэт цаасанд илүү их хөрөнгө оруулахад хүргэж, еврогийн эрэлтийг нэмэгдүүлдэг.
АНУ-ын эдийн засгийн өсөлт саарч байна
АНУ-ын талаас авч үзвэл, сул дорой эдийн засгийн үзүүлэлтүүд нь ам.долларын ханшийг сулруулж, компаниуд болон хөрөнгө оруулагчдын дунд тарифын бодлого нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх тухай санаа зовнил нэмэгдүүлэв. Трамп энэ долоо хоногт Мексик, Канадын бараанд 25%-ийн тариф тогтоож, Хятадын эсрэг тарифыг нэмэгдүүлсэн.
АНУ-ын долларын индекс Лхагва гарагт 104.85 болж, өнгөрсөн оны 11-р сараас хойших хамгийн бага түвшинд хүрч унав.
“АНУ-ын эдийн засгийн өсөлтийн талаарх санаа зовнил нь сүүлийн өдрүүдэд ам.долларын ханшийг сулруулах гол хүчин зүйл болж байна” гэж Rabobank-ийн ахлах валютын стратегич Жейн Фоли онцолжээ. Харин еврогийн хувьд суурь хүчин зүйлүүд илүү их өөрчлөгдсөн гэж тэр үзэж байна.
Фоли еврогийн ханш ирэх сард $1.07 орчимд байх таамаг дэвшүүлжээ.
Шинжээчид АНУ, ЕХ-ны хоорондох худалдааны маргаан эрсдэл хэвээр байгааг анхааруулж байна. Трамп өнгөрсөн долоо хоногт Европын Холбооны бараанд 25%-ийн тариф тогтоох тухай ярьсан бөгөөд түүний засаг захиргаа 4-р сарын 2-нд онцлох үйл явдал болохыг сануулсан байна.
Шнайдер (UBS) хэлэхдээ “Одоогийн ханшийн өсөлт бага зэрэг хэтрэлттэй гэж бодож байна. Тарифын асуудал шийдэгдээгүй хэвээр байна” гэжээ.
($1 = 0.9358 евро)
1 USD=3466.56 MNT (Улаанбаатарын цагаар 08:10)
1 EURO=3604 MNT (Улаанбаатарын цагаар 08:10)









