



















"Тарифын тодорхойгүй байдал болон хямралын айдас зэргээс шалтгаалан АНУ-ын ам.долларын ханш сүүлийн хоёр сар дараалан голлох валютуудын эсрэг буурч баавгай зах зээлд ороод байна” гэж Голдмэнсакс хөрөнгө оруулалтын банкны эдийн засагч Ян Хатзиус мэдэгдлээ. Ам.доллар бусад валютуудын эсрэг энэ сард 4.5 хувиар буурсан нь 2022 оны сүүл үеэс хойш сард буурч буй хамгийн том сулрал болсон байна.
Уг сулралын улмаас дэлхийд тэргүүлдэг нөөцийн валютын талаарх итгэл найдварын гал бөхөж магадгүй гэсэн таамаглал гарч байгаа юм. 2025 он гарснаас хойш ам.доллар голлох валютуудын эсрэг 8 хувиар суларсан. Хатзиусын үзэж байгаагаар цаашид ам.доллар сулрах нь үнийн дарамтыг улам нэмэгдүүлж, инфляцад нөлөөлж эхэлж байгаа аж.
“Финаншэйл Таймс” сонинд бичсэн нийтлэлдээ Ян Хатзиус “Ам.долларын сулрал нь АНУ-ын худалдааны алдагдлыг бууруулж, эдийн асгийн хямралаас хамгаалах боломжтой хэдий ч санхүүгийн салбарт үзүүлэх эерэг нөлөөг үгүй хийж болзошгүй” хэмээн анхааруулжээ.
“Би ихэвчлэн валютын талаарх асуултаас бултдаг. Валютын ханшийн хөдөлгөөнийг таамаглах нь эдийн засгийн өсөлт, инфляц, хүүгийн түвшинг таамаглахаас хамаагүй хэцүү гэдгийг судалгааны бүтээлүүд болон өөрийн туршлага дээрээ харуулсан. Гэхдээ даруухнаар хэлэхэд сүүлийн үед 5 хувиар сулраад байгаа ам.доллар цаашид ч нэлээн хэмжээгээр сулрах бололтой ” гэсэн байна.
Тэрээр түүхэн мэдээлэлд тулгуурлан ам.долларын өнөөгийн ханшийг 1980-аад оны дунд үе болон 2000-аад оны эхэн үеийн төвшинтэй төстэй байгаа бөгөөд тухайн үед 25-30 хувийн уналтыг үзүүлсэн гэдгийг онцолсон юм.
ОУВС-ийн тооцооллоор АНУ-аас бусад орнуудын хөрөнгө оруулагчид ойролцоогоор 22 ихнаяд ам.долларын хөрөнгийг АНУ-д эзэмшиж байгаа ба энэ нь тэдний нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгийг бүрдүүлдэг байж болзошгүй гэх таамгийг гаргажээ. Гуравны нэгийн тал хувь нь мөн хувьцаанд байршдаг байх магадлалтай ч валютын эрсдэлээс хамгаалагдаагүй гэсэн таамгийг гаргасан байна.
Ян Хатзиусын үзэж байгаагаар АНУ-ын одоогийн 1.1 ихнаяд ам.долларын гадаад дансны алдагдлыг гадаадын хөрөнгө оруулалт буюу капиталын урсгалаар нөхөх шаардлагатайг онцолсон. Гадны хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын урсгал зогсвол ам.долларт ихээхэн сөрөг нөлөө үзүүлж сулрах хандлагатай болно.
Харин АНУ-ын эдийн засаг бусад орнуудтай харьцуулахад хүчтэй байвал дээрх хүчин зүйлсийн нөлөө багасах юм. ОУВС АНУ-ын эдийн засгийн өсөлтийг 2025 онд 2.8 хувиас 1.8 хувь хүртэл нэг пунктээр бууруулж таамагласан.
Ян Хатзиусын үзэж байгаагаар долларын сулрал ирээдүйд үргэлжлэх ч нөөцийн валютын статусаа алдана гэсэн үг биш аж. Тэрээр “Туйлын ноцтой цочрол үүсэхгүй бол ам.доллар дэлхийн гүйлгээний үндсэн хэрэгсэл, үнэ цэнийн хадгаламж гэх давуу талуудыг өөртөө хадгалж бусад валютуудад гүйцэгдэнэ гэдэг тун хэцүү” гэсэн байна.









