



















АНУ-ын Холбооны Нөөцийн Банкны бодлого тодорхойлогчдын (Холбооны Нээлттэй Зах Зээлийн Хороо) тавдугаар сарын 6–7-нд хийсэн хуралдааны тэмдэглэл нийтлэгдлээ. Хуралдаанаар инфляц ба эдийн засгийн өсөлтөд импортын татварын эрсдэлээс үүдэлтэй тодорхойгүй байдал давамгайлж буй тул хүүгийн түвшинг цаашид бууруулах тал дээр "тэвчээртэй хандах"-аа илэрхийлсэн байна.
Тавдугаар сарын хурлын төгсгөлд Холбооны Нээлттэй Зах Зээлийн Хороо (FOMC) бодлогын хүүгээ 4.25–4.5 хувийн хооронд хадгалах шийдвэр гаргасан аж.
Хүү өөрчлөхгүй байх шийдвэр нь "Доналд Трампын тариф эдийн засгийн өсөлтийг сааруулж, инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй" гэж хуралд оролцсон гишүүд үзэж байгааг тэмдэглэлд дурджээ.
Хуралдааны тэмдэглэлд “Гишүүд эдийн засгийн төлөвийн тодорхойгүй байдал улам нэмэгдсэн гэж үнэлсэн бөгөөд хороо инфляц ба ажилгүйдлийн аль алинд нь анхаарал хандуулах ёстой гэжээ. Мөн ажилгүйдэл ба инфляц нэмэгдэх эрсдэл өссөн гэсэн дүгнэлтэд хүрсэн" гэжээ.

Холбооны Нөөцийн Банкны ажилтнуудын бэлтгэсэн энэ удаагийн таамаглал өмнөх гуравдугаар сарын уулзалтад бэлтгэж өгсөн таамаглалтай харьцуулахад 2025, 2026 оны бодит ДНБ-ий өсөлтийн төсөөллийг бууруулсан ч, нийт эдийн засгийн байдал тийм ч муу биш байгааг харуулж байна. Тайланд дурдсанаар тарифын нөлөө 2025 онд инфляцыг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, 2026 онд арай бага хэмжээтэй нөлөөлнө гэж үзжээ. Харин 2027 он гэхэд инфляц 2 хувьд хүрч буурна гэж тэмдэглэлд дурдсан байна.
Сүүлийн үеийн эдийн засгийн үзүүлэлтүүд хэрэглэгчийн итгэлийн индексээс авхуулаад сайн гарч байгаа. Хэдийгээр 2025 оны нэгдүгээр улиралд АНУ-ын эдийн засаг 0.3%-аар агшсан (2022 оноос хойших анхны бууралт) ч энэ нь бизнесүүд худалдааны татвар нэмэгдэхээс өмнө их хэмжээний импорт хийсэнтэй холбоотой гэж тэмдэглэлд онцолсон байна.
Гэсэн хэдий ч тавдугаар сарын хуралдааны яриа хэлэлцээр түүн дундаа АНУ ба Хятадын хооронд тарифыг бууруулах гэрээ зарлагдахаас өмнө болсон юм. Энэхүү худалдааны хурцадмал байдлыг намжаасан тохиролцоо нь зарим эдийн засагчдыг хямралын таамаглалаа бууруулахад хүргэсэн.
Тухайлбал "JPMorgan" банк гэхэд 2025 онд АНУ болон дэлхийн эдийн засагт тохиолдох хямралын магадлалыг 60 хувиас 40 хувь болгон бууруулсан юм.
“АНУ ба БНХАУ-ын хооронд тогтсон сөргөлдөөнийг намжаах бодлого нь АНУ импортын татварын хэмжээгээ багасгасан нь зах зээлийн сэтгэлзүйн уналтыг бууруулахад нөлөөлж байна” гэж JPMorgan саяхны тайландаа дурдсан байна. “Үүний үр дүнд АНУ-ын эдийн засаг хямралаас бултаж чадах төлөвтэй байгаа ч 2025 оны хоёрдугаар хагасын өсөлтөд үзүүлэх сөрөг нөлөө мэдэгдэхүйц байсаар байх болно.” гэжээ.









