



















Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гарсан АНУ-ын "Хөдөлмөрийн Зах Зээлийн тайлан" Холбооны Нөөцийн Банкны бодлогын хүүг бууруулах хугацааг зургаадугаар сараас долдугаар сар руу хойшлуулж магадгүй боллоо. Шинжээчид ирэх зургаадугаар сарын 18-ны өдөр хуралдах “Нээлттэй Зах Зээлийн Хороо”-ны хурлаар бодлогын хүүг бууруулах магадлалын таамаг 31.8 хувь хэмээн таамаглаж байна.
"Хөдөлмөрийн Зах Зээл"-ийн тайлан гарахаас өмнө шинжээчдийн магадлалын таамаг 50.4 хувьтай байсан юм. Харин долдугаар сарын 30-ны хурлаар бодлогын хүүг бууруулах магадлалын таамаг 47 хувиас 57 хувь болж өссөн байна. Хэрвээ долдугаар сард бодлогын хүүг бууруулбал (4.5 хувиас 4.25 хувь хүртэл эсвэл шууд 4.0 хувь хүртэл бууруулах магадлалтай) 2025 он гарснаар анхны тохиолдол болох юм.
Баасан гарагт гарсан "Хөдөлмөрийн Зах Зээл"-ийн тайланд мэдээлснээр дөрөвдүгээр сард хөдөө аж ахуйн бус салбарт шинэ ажлын байр 177 мянгаар нэмэгдсэн аж. Шинжээчид 138 мянган ажлын байр шинээр нэмэгдэнэ гэж тооцсон нь ийнхүү зөрсөн байна. Харин ажилгүйдлийн төвшин гуравдугаар сартай ижил 4.2 хувь дээр хэвээр үлдлээ.
“AXA Investment Managers”-ийн Макро судалгааны захирал Дэвид Пэйж “Хөдөлмөрийн зах зээл дэхь ажилгүйдлийн төвшин буурсан ч хангалттай үр дүн үзүүлж чадаагүйгээс ирэх зургаадугаар сард бодлогын хүү буурахгүй. Харин долдугаар сар хүртэл хойшлох эрсдэл нэмэгдэж байна. Холбооны Нөөцийн Банк 2025 оны эцэс гэхэд бодлогын хүүг гурван удаа бууруулж 3.75 хувьд, ирэх 2026 оны эхний хагас гэхэд дахин хоёр удаа бууруулж 3.25 хувьд хүргэнэ” гэсэн таамаг дэвшүүлснээ танилцуулсан байна.
“T. Rowe Price”-ийн Ерөнхий эдийн засагч Блерина Уручи баасан гарагт гарсан Хөдөлмөрийн Зах Зээлийн тайланд ямарваа нэг хямрал ажиглагдахгүй байна хэмээн онцолжээ. Тэрээр 2025 оны хоёрдугаар хагаст бодлогын хүүг урьдын адил хоёр удаа бууруулна гэсэн таамаглал дэвшүүлсэн байна.
АНУ-ЫН АЖИЛГҮЙДЛИЙН ТӨВШИН
АНУ-ЫН БОДЛОГЫН ХҮҮ









