
Иран болон Персийн булангийн Арабын орнуудын хооронд болохоор төлөвлөж байсан уулзалт хойшилсноор Хормузын хоолойгоор дамжин өнгөрөх усан тээврийг хэвийн болгох дипломат хүчин чармайлт мухардалд орох шинжтэй боллоо.
Үүний зэрэгцээ Ойрх Дорнодын газрын тос тээвэрлэлтийн стратегийн ач холбогдол бүхий хоёр гол маршрутын орчимд шинэ халдлагууд гарсан нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн талаарх болгоомжлолыг улам нэмэгдүүлсэн байна.
Дэлхийн хамгийн том газрын тос экспортлогч Саудын Арабын нийлүүлэлтэд шууд нөлөөлж болзошгүй үйл явдлуудын дараа даваа гарагт зах зээл нээгдэхэд газрын тосны үнэ огцом өссөн юм.
Саудын Араб баасан гарагт дроны халдлагад өртөж гэмтсэн 1'200 км урт Зүүн-Барууны газрын тос дамжуулах хоолойгоо амралтын өдрүүдийн турш хаалттай байлгажээ.
Энэ хоолой нь газрын тосыг Хормузын хоолойгоор дамжуулахгүйгээр Улаан тэнгисийн эрэг дэх боомтууд руу хүргэх боломж олгодог Саудын Арабын хамгийн чухал газрын тос тээвэрлэдэгзамуудын нэг юм.
ИРАН, БУЛАНГИЙН ОРНУУДЫН УУЛЗАЛТ ХОЙШЛОВ
Дипломат аргаар хурдан тохиролцоонд хүрэх найдвар ням гарагийн орой тасарсан байна.
Оманы Гадаад хэргийн сайд Сайид Бадр Альбусаиди даваа гарагт болох байсан бүс нутгийн уулзалтыг “Нэгдсэн зөвшилцөлд хүрэхийн тулд” хойшлуулсан гэж мэдэгджээ.
Уг уулзалтад Иран болон Персийн булангийн Арабын орнууд оролцох байсан бөгөөд Иран улс Омантай хамтран боловсруулсан Хормузын хоолойгоор дамжин өнгөрөх усан тээврийн хөдөлгөөнийг зохицуулах тохиролцоогоо танилцуулахаар төлөвлөж байв.
Ираны Fars агентлагийн мэдээлснээр, уулзалтыг бүс нутгийн зарим улсын хүсэлтээр хойшлуулсан, энэ шийдвэрийг Иран болон Оман хамтран гаргасан гэжээ.
Ираны Гадаад Хэргийн Яамны албан тушаалтан уулзалтыг хэзээ дахин хийхийг Оман улстай зөвшилцөн тогтоно гэж мэдэгдсэн байна.
Уулзалт ийнхүү хойшилсон нь Саудын Араб Хормузын хоолойг тойрон газрын тос тээвэрлэх боломж олгодог гол дамжуулах хоолойгоо хаасны дараахан болж байгаа юм.
Хормузын хоолойгоор газрын тос тээвэрлэхэд аюул заналхийлсэн хэвээр байна. Их Британийн далайн тээврийн аюулгүй байдлын байгууллага UKMTO ням гарагт мэдээлэхдээ, Хормузын хоолойгоор явж байсан нэгэн хөлөг онгоц пуужингийн цохилтод өртөж, хөлөг дээр гал гарсан тул багийн гишүүдийг нүүлгэн шилжүүлсэн гэжээ.
Харин Иран өөрийн эргийн ойролцоо тус улсын арилжааны хөлөг онгоц халдлагад өртөж, нэг хүн амиа алдан, дөрвөн багийн гишүүн шархадсан гэж мэдээлээд байна.
Өнгөрсөн долоо хоногт газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллараас давсан нь долдугаар сараас хойш анх удаа ийм өндөр түвшинд хүрсэн хэрэг байв. АНУ-д дизель түлшний жижиглэнгийн үнэ ням гарагт мөн түүхэн дээд хэмжээнд хүрч, галлон нь 6.20 ам.доллараас давжээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Саудын Арабын газрын тосны худалдаачид тус улсын Улаан тэнгисийн эрэг дэх Янбу боомтод хадгалж буй газрын тосны нөөцөөрөө экспортоо ердөө 5–7 хоног үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байна.
Энэ нь баасан гарагт халдлагад өртсөн газрын тос дамжуулах хоолой ажиллагаагүй хэвээр байгаа тохиолдолд юм.
Хэрэв хоолойг богино хугацаанд засварлаж чадахгүй бол дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 4 хүртэлх хувь эрсдэлд орж болзошгүй байна.
Энэ нь Хормузын хоолойгоор дамжин өнгөрөх усан тээвэр тасалдсанаас аль хэдийн алдагдсан өдөрт хэдэн сая баррель газрын тосны нийлүүлэлт дээр нэмэгдэх юм. Саудын Араб хоолойд учирсан хохирлын хэмжээг одоогоор бүрэн мэдээлээгүй бөгөөд хэдий хугацаанд ажиллагаагүй байхыг ч тодорхой хэлээгүй байна.
Ройтерс агентлагийн эх сурвалжуудын үзэж байгаагаар засварын ажилд хэдэн өдөрөөс хэдэн долоо хоног шаардагдаж болзошгүй аж.
Хиймэл дагуулын зургаас газрын тос дамжуулах хоолойн дагуух хэд хэдэн газраас их хэмжээний утаа олгойдон гарч байгаа нь харагджээ.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Сүүлийн үед бүс нутагт хүчирхийлэл дахин нэмэгдсэн нь АНУ болон Израилийн зургаан сарын өмнө эхлүүлсэн дайнтай холбоотой. Үүнээс өмнө наймдугаар сард байдал харьцангуй нам тайван байсан бөгөөд Ойрх Дорнодын газрын тосны нийлүүлэлт аажмаар сэргэж байв.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Лондонд төвтэй Al-Arabi Al-Jadeed мэдээллийн байгууллагад өгсөн ярилцлагадаа:
АНУ Тегераны шаардлагыг биелүүлэх хүртэл Иран Хормузын хоолойг нээхгүй гэж мэдэгджээ.
Өөрөөр хэлбэл, Оман болон бусад улс орнуудтай ямар нэгэн тохиролцоонд хүрсэн ч Иран АНУ-тай хийх хэлэлцээгээ гол нөхцөл гэж үзэж байна.
АНУ Ерөнхийлөгч Дональд Трампын хоёрдугаар сард эхлүүлсэн “Operation Epic Fury” ажиллагааны зорилтуудаа одоогоор бүрэн хэрэгжүүлж чадаагүй байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп уг ажиллагааг эхлүүлэхдээ Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох, Ираныг хөрш орнууд руугаа довтлох боломжгүй болгох, мөн Ираны ард иргэдэд эрх баригчдаа түлхэн унагаах нөхцөл бүрдүүлэх зорилготой гэж мэдэгдсэн юм.
Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирландад айлчлах үеэрээ Ирантай хийж буй дайн энэ онд дуусна гэсэн байр сууриа дахин илэрхийлжээ. Тэрээр дайн арваннэгдүгээр сард болох АНУ-ын завсрын сонгуулийн дараахан дуусаж магадгүй гэж хэлсэн байна.
Хэрэв дайн дуусвал АНУ-ын шатахууны үнэ “Чулуу шиг огцом унана” гэж Трамп мэдэгджээ.
Саудын Арабын төрийн хэвлэлүүд тус улсын өмнөд хэсгийн Жизан мужид Йеменээс хил давуулан хийсэн халдлагын улмаас байшингууд болон нэгэн сүмд учирсан хохирлыг харуулсан дүрс бичлэг нийтэлжээ.
Ираны дэмжлэгтэй Хусит босогчид тус халдлагыг хийсэн гэж мэдээлж байна. Хуситууд мөн Саудын Арабын өөр нэг мужид байрлах цэргийн баазад цохилт өгсөн гэж мэдэгджээ.
Энэ нь Хуситууд Улаан тэнгисийн аман дахь Перим арлыг эзлэн авсны дараа болсон байна.
Перим арал нь Улаан тэнгисийн өмнөд хэсгийн Баб-эль-Мандебын хоолойг хянах стратегийн чухал байрлалтай.
Баб-эль-Мандеб нь Улаан тэнгисийг Аденийн булантай холбодог нарийн хоолой бөгөөд олон улсын худалдаа, газрын тосны тээвэрт чухал ач холбогдолтой усан зам юм. Араб хэлээр түүний нэр “Нулимсны хаалга” гэсэн утгатай.
Хуситууд Улаан тэнгисийн эрэг дагуу урагшилж, Саудын Араб руу халдаж байгаа нь Йеменд сүүлийн жилүүдэд гарсан хамгийн том хэмжээний байлдааны ажиллагааны нэг болж байна.
Тэдний давшилт болон Саудын Араб руу хийж буй халдлага нь АНУ-д шинэ асуудал үүсгэжээ.
Вашингтон Саудын Араб дахь холбоотнуудаа дэмжиж, олон улсын усан тээврийн аюулгүй байдлыг хамгаалахыг хүсэж байгаа боловч Йемений дайнд дахин нэг фронтоор шууд оролцохоос болгоомжилж байна.
Хуситуудын халдлага Персийн булангийн орнуудыг ч хүнд сонголтын өмнө оруулжээ. Тэд эдийн засгийн хохирол улам нэмэгдэхийг хүлээн зөвшөөрөх үү, эсвэл Ирантай харилцаж, асуудлыг дипломат аргаар зохицуулахыг оролдох уу гэдгээ шийдэх шаардлагатай болж байна.
АНУ 2025 онд Хуситуудын эсрэг хоёр сарын турш цэргийн ажиллагаа явуулсан боловч Хуситууд Улаан тэнгисийн усан тээврийн хөлөг онгоцнуудад халдах аюулаа зогсоосноо мэдэгдсэний дараа Трамп уг ажиллагааг зогсоожээ.
Ройтерс агентлагийн гурван эх сурвалжийн мэдээлснээр, Саудын Арабын бодит эрх мэдлийг хэрэгжүүлэгч угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман өнгөрсөн пүрэв гарагт Трамптай утсаар ярьж, Хуситуудын эсрэг тэмцэхэд цэргийн тусламж хүссэн байна. Гэвч Трампын засаг захиргаа одоогоор Саудын Арабт тагнуулын мэдээллээр дэмжлэг үзүүлэх санал тавьжээ.
Трамп бямба гарагт угсаа залгамжлах ханхүүтэй ярилцсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Мөн тэрээр Хуситууд АНУ-ын засаг захиргаатай утсаар холбогдож, Вашингтоныг Йемений дайнд оролцохгүй байхыг хүссэн гэж мэдэгджээ.









