



















Товч агуулга:
-Тодорхойгүй эдийн засгийн нөхцөл байдал Kraft Heinz-ийн алдагдалд нөлөөлөв.
-Үйл ажиллагааны ашиг 4%-иар, цэвэр орлого 59%-иар буурлаа.
-Уоррен Баффетт огцорно гэж мэдэгдсэнээс хойш Беркшир Хэтэуэй компанийн хувьцааны ханш суларсаар байна.
Бямба гарагт Уоррен Баффеттийн удирддаг Беркшир Хэтэуэй (NYSE: BRKa) компани Kraft Heinz дахь хөрөнгө оруулалтынхаа 3.76 тэрбум ам.долларын алдагдлыг тооцсон нь арван жилийн турш хийсэн хөрөнгө оруулалт нь бүтэлгүй болсныг хүлээн зөвшөөрсөн хэрэг байв. Мөн тус компанийн даатгалын хураамж багассантай холбоотойгоор улирлын үйл ажиллагааны ашиг буурсан байна.

Мөн Беркширийн улирлын цэвэр орлого 59%-иар буурсныг мэдэгдсэн. Энэ нь дээрх алдагдлын тооцоолол болон энгийн хувьцааны хөрөнгө оруулалтаас олсон ашгийн бууралтаас шалтгаалжээ.
Уоррен Баффеттийн 1965 оноос удирдаж буй уг корпораци зах зээлийн үнэлгээнд болгоомжтой хандаж буйгаа илэрхийлсэн байна. Тус компани ойролцоогоор 344.1 тэрбум ам.долларын бэлэн мөнгөний нөөц хадгалж буй нь бараг дээд хэмжээ бөгөөд 11 улирал дараалан худалдаж авснаасаа илүү хувьцааг заржээ. 2024 оны 5-р сараас хойш компанийнхаа хувьцааг дахин худалдан аваагүй байна.
Санхүүгийн үзүүлэлтүүд:
Үйл ажиллагааны ашиг: 4%-иар буурч 11.16 тэрбум ам.доллар болсон (А зэрэглэлийн хувьцаа тутамд ойролцоогоор $7,760), өмнөх онд 11.6 тэрбум ам.доллар байв.
Цэвэр орлого: 30.35 тэрбум байсан бол энэ улиралд 12.37 тэрбум ам.доллар болсон.
Орлого: 1%-иар буурч 92.52 тэрбум ам.доллар болжээ.
Уоррен Баффетт олон жилийн турш хөрөнгө оруулалтын ашиг, алдагдлыг анхаарах хэрэггүй гэж уриалж ирсэн. Учир нь Беркшир эдгээр хувьцааг зарж борлуулах бодолгүй хэвээр байдаг аж.
KRAFT HEINZ
Беркшир нь Kraft Heinz компанийн 27.4%-ийн эзэмшилд хийсэн татварын дараах 3.76 тэрбум долларын алдагдлыг тооцсон нь татварын өмнөх дүнгээр 5 тэрбум ам.доллар болж байна. Энэ нь тус хүнсний компанийн тавдугаар сард “Стратегийн хувилбар өөрчлөх”-өөр судалж магадгүй гэсэн мэдэгдэлтэй холбоотой бөгөөд энэ нь салбар салбарт салгаж задлах хувилбар ч байж болзошгүй юм.
Уоррен Баффеттийн компани Kraft Heinz-ийн хувьцааг багцандаа зах зээлийн үнээс өндөр үнэлгээтэй бүртгэж байсан. Гэвч эдийн засгийн тодорхойгүй байдал болон хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэх урт хугацааны төлөвлөгөө нь энэхүү зөрүүг “түр зуурын бус” гэж тодорхойлох үндэслэл болж, ийнхүү алдагдлыг тооцоолоход хүргэжээ.
Энэ нь Беркширийн Kraft Heinz-д хийсэн хоёр дахь удаагийн бүртгэл бөгөөд 2019 онд 3 тэрбум долларын алдагдлыг бүртгэж байсан. Тухайн үед Баффетт 2015 оны Kraft ба Heinz-ийн нэгдлийг “хэт өндөр үнээр хийсэн” гэдгээ хүлээн зөвшөөрч байсан юм.
Беркшир мөн газрын тосны Occidental Petroleum компанийн 28.1%-ийг зах зээлийн үнээс 5.3 тэрбум долларын илүү үнэлгээгээр бүртгэж байгаа ч одоогоор алдагдал бүртгэх шаардлагагүй гэж үзсэн аж.
Уоррен Баффетт энэ оны 5-р сарын 3-нд 2025 оны эцэс гэхэд гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорно гэж мэдэгдсэнээс хойш, Беркширийн хувьцааны ханш 12%-иар буурч, S&P 500 индексээс 22 нэгжээр хоцорч байгаа аж. Түүнийг орлох дараагийн гүйцэтгэх захирал нь орлогч дарга Грег Абел болох юм.









