



















Трампын худалдааны татвар
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп худалдааны түншүүддээ шинэ татвар ногдуулах талаар мэдэгдэл хийсэн нь энэ долоо хоногт хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд нөлөөлөх нь тодорхой. Тэрбээр өнгөрсөн ням гарагт (Улаанбаатарын цагаар өчигдөр өглөө) Үндэсний Хөлбөмбөгийн Лигийн “Супербоул” тэмцээнд очих замдаа АНУ-ын импортоор авдаг бүх ган, хөнгөн цагааны бүтээгдэхүүнд 25%-ийн нэмэлт татвар ногдуулахаа зарласан. Доналд Трамп эдгээр татварын талаар зарласан даруйдаа өнөөдөр эсвэл маргааш буюу лхагва гарагаас шууд хэрэгжүүлэхээр болсон нь гэнэтийн шок байлаа.
Энэхүү шийдвэрээ тэрээр БНХАУ-ын импортод тавиад байгаа 10 хувийн татвар хэрэгжиж эхэлснээс хэдхэн хоногийн дараа гаргасан нь үнэхээр анхаарал татахгүй байхын аргагүй байгаа юм. Шинжээд Доналд Трампыг олон улсын бодлогоо татвар нэмэгдүүлэх замаар шийдвэрлэхийг зорьж байгаа нарийн тооцоо гэж харж байна. Анхны бүрэн эрхийнхээ хугацаанд ч тэрээр эхний хэдэн сар ингэж бужигнуулж байсан гэдгийг эргэн сануулахад илүүдэхгүй биз.
Өнгөрсөн долоо хоногт Доналд Трамп Канад, Мексик улсуудад 25%-ийн татвар ногдуулахаа мэдэгдсэн ч хил хамгаалалтын талаар хоёр улсын өгсөн баталгааны үндсэн дээр хойшлуулж байгаагаа зарласан. Шинжээчдийн таамаглаад байгаа таамаг ч батлагдаад байгаа. Доналд Трамп олон улсын харилцаанд нөлөөлөх нэг хөшүүргийг худалдааны татвар гэж харж байгаа нь БНХАУ болон Мексик, Канад улсуудад тавиад, болиод байгаа байдлаас нь харж болохоор байна.
Түүнчлэн түүний татварын хөшүүрэг БНХАУ, Мексик, Канад улсуудаар дуусахгүй бололтой. АНУ-д хамгийн их ган экспортолдог улсууд бол Канад, Бразил, Мексик, Өмнөд Солонгос, Вьетнам бөгөөд хөнгөн цагааны хамгийн гол нийлүүлэгч нь Канад юм.
Доналд Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа гангийн импортод 25%, хөнгөн цагаанд 10%-ийн татвар ногдуулж байсан ч Канад, Мексик, Бразил зэрэг холбоотнуудаа импортын татвараас чөлөөлж байсан.
Хэрэглээний Үнийн Индекс буюу Инфляцийн мэдээлэл
Монголчууд л Монголбанкныхаа буянаар жилийн 10 хувийн инфляцтайгаа эвлэрч зовж суугаа болохоос бусад оронд инфляц ийм өндөртэй удвал аль эрт бослого тэмцэл гарах нь тодорхой. Харин АНУ-ын хувьд инфляц бол томоохон толгойны өвчин болоод байгаа. Маргааш Улаанбаатарын цагаар 21:30-д тус улсын Хэрэглээний Үнийн Индексийн буюу инфляцийн мэдээ гарна. Энэхүү үзүүлэлт нэгдүгээр сард өмнөх сараас бага зэрэг саарсан байж магадгүй ч жилийн өсөлтийн хувь нь арванхоёрдугаар сарынхтай ойролцоо байна гэж таамаглаж байна.
Инцляцийн мэдээлэл нь Холбооны Нөөцийн Сангийн (Федерал Нөөцийн Банк) анхаарлын төвд байх бөгөөд тус банкны зүгээс инфляцийн өсөлт зогсонги байдалд орж магадгүй гэж үзэж буй тул хүүгийн түвшнийг бууруулах эсэх талаар түр азнах байр суурьтай байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард инфляц (хэрэглээний үнийн индекс) жилийн 2.9%-иар өссөн нь Төв банкны зорилтот 2%-ийн түвшнээс давсан үзүүлэлт юм.
Пауэллын мэдэгдэл
Манай УИХ сар бүр Монголбанкны Ерөнхийлөгчөөс инфляц болон эдийн засгийн байдлын талаар мэдүүлэг (Мэдээлэл биш шүү) авч байж л Монголбанкыг хөдөлгөөнд оруулж, ажлаа хийхэд нь шахалт үзүүлэх юм. АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Жером Пауэлл мягмар, лхагва гарагт Конгрессын өмнө мэдүүлэг өгөх бөгөөд үүний хүрээнд шинээр гарсан инфляцийн мэдээлэлд шууд хариу өгөх боломжтой болно. Конгерссийн гишүүд Жером Пауэллаас “Трампын худалдааны татварын төлөвлөгөө”-ний нөлөө, “Америкийн өсөж буй өрийн дарамт”-ын талаар асуулт асуух магадлалтай байгаа юм.
Өнгөрсөн ням гарагт Доналд Трамп Цагаан ордон АНУ-ын Засгийн газрын өрийн асуудлыг судалж байгаа талаараа мэдэгдэж, улсын нийт өр болох 36.2 их наяд ам.доллар үнэхээр ийм хэмжээтэй эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлсэн. Энэхүү мэдэгдэл нь АНУ-ыг өрөө барагдуулахаас татгалзаж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж, олон улсын санхүүгийн зах зээлд эрсдэлийг нэмэгдүүлж байна.
2024 онд Холбооны Нөөцийн Сан хэд хэдэн удаа хүүгийн түвшнийг бууруулсан ч цаашид хүүгийн түвшинг бууруулах яаралтай хэрэгцээ байхгүй гэж Жером Пауэл мэдэгдэж байсан. Мөн Доналд Трампын шинэ бодлогын өөрчлөлтүүд эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох шаардлагатай гэдгийг онцолж байв.
Аж ахуйн нэгжүүдийн орлого
Зах зээлийн анхаарал энэ долоо хоногт зарлагдах аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн тайланд чиглэж байна. Тухайлбал McDonald's, Coca-Cola, Cisco Systems зэрэг томоохон компаниуд тайлангаа нийтлэх гэж байгаа. Сүүлийн долоо хоногуудад технологийн салбарын томоохон компаниуд тайлангаа танилцуулсан бөгөөд хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухааны судалгаанд зарцуулах хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг нь онцгой анхааран ажиглаж байсан. БНХАУ-ын “DeepSeek” стартап хямд өртөгтэй “AI” (хиймэл оюун ухаан) загвар танилцуулснаар энэ чиглэлийн өрсөлдөөн хурцдах төлөвтэй байгаа юм. Гэхдээ ойрын хугацаанд зах зээлд томоохон нөлөө үзүүлэх хүчин зүйл хомс байж магадгүй гэж шинжээчид үзэж байна. “AI”-ийн тэргүүлэгч “Nvidia” компанийн санхүүгийн тайлан энэ сарын сүүлээр гарах тул түүнийг хөрөнгө оруулагчид анхааран хүлээж байгаа.
Алтны үнийн дээд түвшин
Унци алтны ханш энэ долоо хоногт 3000 ам.долларыг давах нь хэдхэн цагийн л хүлээлт болоод байна. Алт бол хэдийнээсээ хөрөнгө оруулалтын хамгаалалт байсаар ирсэн. Цаашдаа ч уг металл найдвартай хөрөнгө оруулалт хэвээр байх болно. Хэрвээ Доналд Трампын эхлүүлсэн худалдааны дайн цаашид энэ хэвээрээ үлгэлжилбэл унци алтны ханш улам л өсөх юм.
Унци Алтны ханшийн хөдөлгөөн









