



















Хөрөнгө оруулагчдын хувьд худалдааны татварын эцсийн хугацаа ойртож буй энэ үед АНУ болон Европын холбооны хооронд худалдааны хэлэлцээр байгуулагдана гэсэн хүлээлттэй байна. Ням гарагт буюу маргааш Шотландад Евро Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзахаар төлөвлөсөн бөгөөд ЕХ-ны албан тушаалтнууд, дипломатчид энэ амралтын өдрүүдэд хэлэлцээрт хүрнэ гэж найдаж байгаагаа мөн илэрхийлжээ.
Харин Баасан гарагт Трамп хэлэхдээ АНУ, ЕХ-ны хооронд худалдааны хэлэлцээр байгуулах магадлал “50-50 эсвэл түүнээс бага” гэж мэдэгдсэн юм.

Баасан гарагт АНУ-ын хувьцааны зах зээл өсөлттэй хаагдсан бөгөөд Dow индекс бараг 0.5%-иар өсөж, S&P 500 болон Nasdaq индексүүд дахин дээд амжилт тогтоон, тус тус 0.4% болон 0.25%-иар өссөн байна.
Wells Fargo банкны Хөрөнгө оруулалтын институтийн хувьцаа болон бодит хөрөнгийн хэлтсийн захирал Самир Самана хэлэхдээ:
“АНУ нь Европын Холбооны хамгийн том худалдааны түншүүдийн нэг. Хэрэв уулзалтаар асуудал шийдэгдэж чадвал зах зээлд эргэлзэж байсан хөрөнгө оруулагчид эргэж ирнэ. Энэ бол тодорхойгүй байдлын нэг эх үүсвэр байсан, харин одоо арилж эхэлж байна” гэжээ.
Хэлэлцээрийн хүрээнд ЕХ-ноос АНУ-д орж буй бүх бараанд 15%-ийн суурь татвар, харин Европын ган болон хөнгөн цагаанд 50%-ийн татвар ногдуулах магадлалтай гэж албаныхан мэдээлсэн байна.
Худалдааны хурцадмал байдал буурч буй хүлээлт АНУ-ын хувьцааны зах зээлийг өсөхөд түлхэц болж байна. Тухайлбал, 4-р сарын 2-нд Трамп “Чөлөөлөлтийн өдөр” нэртэйгээр олон улсын бүх бараанд өргөн хүрээний татвар тогтоохоо зарласны дараа зах зээл огцом унасан ч тухайн үед өссөн хямралын айдас одоо намжсан гэж дүгнэж байна.
Гэхдээ хөрөнгө оруулагчид ирэх 8-р сарын 1-ний өдрийг хүртэл хэлбэлзэл нэмэгдэхэд бэлэн байдалтай байна. Энэ өдөр АНУ худалдааны гол түншүүддээ ногдуулах татваруудыг нэмэгдүүлэх хугацаа юм.
Одоогийн байдлаар ЕХ нь АНУ-ын зүгээс:
Экспортынх нь 70%-д,
Үүнээс ган, хөнгөн цагаанд 50%,
Автомашин, сэлбэг хэрэгсэлд 25%,
Бусад ихэнх бараанд 10%-ийн татвар ногдуулаад байгаа бөгөөд Трамп энэ татварыг наймдугаар сарын 1-нээс 30% болгоно гэж мэдэгдсэн.
Худалдааны хэлэлцээр байгуулах найдвар өнгөрсөн долоо хоногт Трамп Японтой гэрээ байгуулснаар улам нэмэгдсэн. Тус гэрээний хүрээнд Японы автомашины салбар — АНУ руу хийдэг нийт экспортын 25%-ийг эзэлдэг — одоогийн 27.5%-ийн татварыг 15% болгон бууруулах тохиролцоонд хүрчээ.
Capital Economics-ийн шинжээчид “Япон болон ЕХ нь АНУ-ын гол худалдааны түншүүд тул онцгой чухал. Эдгээр хоёр түнш нийлээд АНУ-ын нийт бараа импортын дөрөвний нэгийг бүрдүүлдэг” гэж мэдэгджээ.









