



















Хөрөнгө оруулалтын "Голдман Сакс" банк унци алтны үнийн төлөвөө ахин шинэчилж 2025 оны эцэс гэхэд 3'700 ам.долларт хүрнэ хэмээн таамаглаж байна. "Голдман Сакс" банкныхан хөрөнгө оруулагчдын хувьд АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны дайн хурцдаж байгаа энэ үед эдийн засгийн хямралын эсрэг хамгийн сайн хамгаалалт бол "Алт"-д хөрөнгө оруулах гэж үзэж байгааг онцолж байгаа юм.
Ийнхүү тус банк 2025 он гарснаас хойш таамагаа өөрчилсөн 3 дахь тохиолдол нь болж байна. Гуравдугаар сард 2025 оны төгсгөл гэхэд унци алтны ханш 3'300 ам.долларт хүрнэ хэмээн таамаг дэвшүүлсэн ч таамаг дэвшүүлснээс сар хүрэхгүйн дараа унци алтны ханш 3'262 ам.долларт хүрээд байна.
Хэрвээ эрсдэлтэй нөхцөл үүсвэл унци алт 4'500 ам.долларт хүрч болзошгүйг "Голдман Сакс" банкны шинжээчид анхааруулсан.
Баасан гарагт гаргасан мэдэгдэлдээ "Голдман Сакс" банкныхан алтны ханшаар дамжуулан АНУ эдийн засгийн хямралаас өөрийгөө хамгаалж байгааг мөн дурдсан юм.
Ингэж таамгаа олон дахин өөрчилж буй нь АНУ, БНХАУ -ын хооронд хурцдаад байгаа "Худалдааны дайн" улам тэлж байгаатай холбоотой. АНУ БНХАУ-ын бараанд ногдуулсан импортын татвараа 145 хувь хүртэл нэмэгдүүлсэн бол БНХАУ АНУ-аас импортолдог бараанд 125 хувийн татвар ногдуулсан. Магадгүй АНУ-ын Засаг Захиргаа, улстөрчид, эдийн засагчид, хөрөнгө оруулагчид БНХАУ-ыг ийм хурц хариу үйлдэл үзүүлнэ хэмээн санаагүй байх.
Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-аас бусад улсуудад ногдуулаад байсан импортын татварын хугацаагаа 90 хоногоор хойшлуулаад байгаа. Гэхдээ бүх улсуудад ногдуулсан 10 хувийн татварын бодлого удахгүй хэрэгжинэ хэмээн Доналд Трамп мэдэгдсэн. Ази тивийн тэргүүлэх томоохон банкнууд алтны худалдан авалтаа нэмэгдүүлээд байгаа нь АНУ-ын эдийн засгийн уналтын талаарх болгоомжлол, тус улсын эдийн засгийн тодорхойгүй бодлогоос хамааралтай хэмээн шинжээчид үзэж байна.
УНЦИ АЛТНЫ ХӨДӨЛГӨӨН









