



















АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын “Хяналтыг сулруулах (элдэв янзын шаардлагыг бууруулах) бодлого нь хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ” гэсэн хүлээлтийг нэмэгдүүлж байгаа ч “HSBC” банкны хөрөнгө оруулагчид болон удирдлагын зүгээс хөрөнгө оруулалтын банкны зарим хэсгийг хаах шийдвэрийг дэмжиж байна.
“HSBC” банк өнгөрсөн сард Америк болон Европ дахь нэгдэл, хувьцааны хөрөнгө босголтын багуудаа татан буулгахаар болсон нь банк өөрийн гол хүчирхэг бүс нутаг болох Азийн зах зээлдээ анхаарлаа төвлөрүүлэх стратегитэй нийцэж байна гэж тус банкны 20 том хөрөнгө оруулагчаас хоёр (дөрвөн хувь) эзэмшигч үзжээ.
Нэгэн цагт 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг аварга том санхүүгийн байгууллага байсан “HSBC” банк нь (HSBC бол товчилсон нэр Хонг Конг Шанхай Банкинг Корпорашэйн) сүүлийн арван жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа аажмаар хумиж, бага өгөөжтэй бизнесүүдээс гарах стратеги хэрэгжүүлж байна.
“АНУ-ын тарифын бодлого “HSBC” зэрэг голлох худалдааны санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчдийн ашигт байдлыг бууруулах эрсдэлтэй тул Гүйцэтгэх захирал Жорж Эльхедери банкны хөрөнгийг Азийн эдийн засагт шилжүүлэх шахалттай тулгараад” байна гэж хөрөнгө оруулагчид онцолжээ. Энэхүү бүс нутаг нь дэлхийн худалдааны тодорхойгүй байдалд харьцангуй бага өртөх магадлалтай юм.
"Геополитикийн асуудлууд дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг олон компанид хүндрэл учруулж байна" гэж “HSBC” банкны хөрөнгө оруулагч, “ABRD” компанийн Европ дахь хувьцааны хөрөнгө оруулалтын захирал Алекс Поттер хэлэв.
"Гадаадын банкууд АНУ-ын хувьцааны хөрөнгө оруулалтын зах зээл дээр тус улсын банкуудтай өрсөлдөхүйц байр суурь олж авах нь бараг боломжгүй зүйл гэдэг нь олон жилийн худалдан авалтуудаар харагдсан" гэж тэр нэмж дурджээ.
Эльхедеригийн шинэ стратеги ба хэмнэлтийн төлөвлөгөө
Эльхедери хоёрдугаар сарын 21-нд “HSBC” банкны 2024 оны жилийн эцсийн тайланг танилцуулахдаа шинэ бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө болон зардал хэмнэлтийн дэлгэрэнгүй мэдээллийг зарлах төлөвтэй байна.
Тус банкны нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, нийт 1.2-оос 3 тэрбум фунт стерлингийн (1.5- 3.8 тэрбум ам.доллар) зардал хэмнэх боломжтой бөгөөд энэ нь удирдлагын түвшний албан тушаал хасах, өмнө нь татан буугдсан нэгжүүдтэй ойролцоо салбаруудыг цомхотгох замаар хэрэгжих магадлалтай гэж үзжээ. Банкны удирдлагууд уг мэдээлэлд албан ёсны хариу өгөөгүй байна.
Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “HSBC” банкны хувьцаа оны эхнээс 11.5%-иар өсөөд байгаа бөгөөд 2024 онд 20%-ийн өсөлттэй байсан.
“HSBC” банкны үнэлгээ ба зах зээл дэх байр суурь
“HSBC” банкны хөрөнгө оруулагч “Aegon Asset Management” компанийн олон улсын хувьцааны багийн менежер Сажир Ахмед тус банкны удирдлагууд тогтвортой ашигт ажиллагааг ROTE ( eturn on Tangible Equity буюу -Бодит өмчийн өгөөж) 16%-д хүргэх зорилготой гэж үзэж байна.
Тухайлбал, “HSBC” банкны 2024 оны эхний есөн сарын ROTE 19.3% байсан ч тус банкын нэгж хувьцаанд Үнэ/Балансын харьцаа (P/B) 1.04 байгаа нь “Morgan Stanley” банкны (NYSE: MS) банкны 2.16-тай харьцуулахад хамаагүй бага үзүүлэлт юм.
Ахмед: "Эльхедери банкны зах зээл дэх үнэлгээний зөрүүг аажмаар багасгахын тулд хэт том бүтэцтэй банкны загвараас ашигт ажиллагаанд суурилсан стратеги руу хурдан шилжихийг зорьж байна." гэсэн юм. “HSBC” банкны гаргасан таамаглалаар 2024 оны нийт ашгийг 31.6 тэрбум ам.доллар гэж төсөөлж байгаа нь 2023 оны 78%-ийн өсөлттэй харьцуулахад тогтвортой байх төлөвтэй.
Дотоод хүндрэл ба ажлын байрны эрсдэл
Эльхедери хурдан арга хэмжээ авах шаардлагатай байгаа хэд хэдэн шалтгаан бий.
-2025 он гармагц тус банкны ““IPO” болон хөрөнгө оруулалтын банк”-ны салбар өндөр өсөлт үзүүлнэ гэж “BCG Expand” компанийн түнш Амрит Шахани таамаглаж байна. Энэ нь ажлын байр хасагдах эрсдэлтэй байгаа салбарын ажилтнуудад сөрөг нөлөө үзүүлж, ажилтнуудын сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа аж.
-Банкны эх сурвалжийн хэлж буйгаар: "Цомхотголд өртсөн бизнесийн ажилтнууд ажлын байраа алдах эрсдэлд санаа зовж байгаа бол ойролцоох бусад салбаруудын ажилтнууд дараагийн ээлжинд орж болзошгүй гэсэн айдастай байгаа" гэсэн байна.
Гэсэн хэдий ч “CIL”-ийн стратеги, хөгжлийн зөвлөх компанийн удирдах түнш Алекс Маршалл энэ бүхнийг "Хятад ба Барууны хоорондын сонголтын асуудал гэж харахгүй байх хэрэгтэй" гэжээ.









