



















Intel (INTC.O) компанийн гүйцэтгэх захирал Лип-Бү Тан өнөөдөр Цагаан ордонд айлчлахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп түүнийг ажлаа өгөхийг шаардсаны дараа, “Wall Street Journal” ням гарагт эх сурвалжуудаас иш татан уг айлчлалын талаарх мэдээллийг цацсан байна.
Reuters энэ мэдээллийг бие даан баталгаажуулж чадаагүй бөгөөд Intel болон Цагаан ордон сэтгүүлчдийн асуултад шууд хариулаагүй байна.

WSJ-ийн мэдээлснээр Тан ерөнхийлөгч Трамптай ил далангүй ярилцлах бөгөөд өөрийн хувийн болон мэргэжлийн туршлагаа тайлбарлахаас гадна Intel компани АНУ-ын засгийн газар хамтран ажиллах боломжийн талаар санал дэвшүүлэх төлөвтэй байгаа аж.
Мөн Ерөнхийлөгч Доналд Трампын дэмжлэгийг авахын тулд АНУ-д үнэнч байдлаа илэрхийлж, Intel компанийн үйлдвэрлэлийн чадавхыг үндэсний аюулгүй байдлын асуудал гэж үзэхийн чухлыг онцлон хэлэхээр зорьж байна.
Өнгөрсөн долоо хоногт Доналд Трамп, Таныг “БНХАУ-ын компаниудтай хэт ойр” гэж нэрлэн, АНУ-ын чип үйлдвэрлэлийн бэлгэ тэмдэг болсон Intel компанийг шинэчлэх төлөвлөгөөнд нь эргэлзэж, яаралтай ажлаа өгөхийг шаардаж байв.
Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч компанийн удирдлагын өөрчлөлтийг шууд олон нийтэд ил хэлсэн цөөн тохиолдлын нэг бөгөөд хөрөнгө оруулагчдын дунд маргаан үүсгээд байна.
Reuters энэ оны 4-р сард дангаар мэдээлснээр, Тан нь БНХАУ-ын ахисан түвшний үйлдвэрлэл, чипийн салбарын хэдэн зуун компанид, зарим нь БНХАУ-ын армитай холбогддог, дор хаяж 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ажээ.
Малайзад төрсөн, хятад гаралтай америк бизнес эрхлэгч Тан нь мөн 2008–2021 оны 12 сар хүртэл Cadence Design (CDNS.O)-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд тус чипийн дизайны программ хангамж үйлдвэрлэгч компани нь цөмийн дэлбэрэлтийг симуляцлахад (Ямар нэг үйл явц, нөхцөл байдлыг бодит амьдрал дээр туршиж үзэлгүйгээр, хиймэл орчинд дуурайлган үзүүлэх гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бодит зүйл болохоос өмнө түүнийг компьютер дээр, туршилтын загвар дээр эсвэл онолын орчинд “хийж үзэх” юм)
оролцдог гэж үздэг БНХАУ-ын цэргийн их сургуульд бүтээгдэхүүн нийлүүлж байжээ.
Өнгөрсөн сард Cadence компани АНУ-ын БНХАУ-тай холбоотой борлуулалтын хэрэгт буруугаа хүлээн, 140 сая ам.долларын торгууль төлөхөөр тохирсон бөгөөд энэ талаар Reuters анх мэдээлсэн юм.









