



















Товч агуулга
-Реза Пехлеви Ираны жагсагчдыг дэмжиж байна.
-Түүний эцэг Ираны сүүлчийн шах бөгөөд 1979 онд түүнийг түлхэн унагасан.
-Пехлеви Иранд шилжилтийн үеийг удирдахад бэлэн гэдгээ мэдэгдлээ.
-Гэхдээ түүнийг Иран улс дотор хэр хэмжээний дэмжлэгтэйг тогтооход бэрх.
Шашны дэглэм бараг хагас зуун жилийн турш ноёрхсон Иран улсад сөрөг хүчний хөдөлгөөнүүд урт хугацаанд хуваагдмал байсан. Харин одоо сүүлчийн шахын хүү Реза Пехлеви олон жилийн дараа хамгийн томд тооцогдох Засгийн газрын эсрэг жагсаалуудыг уриалан дэмжигч, гол дуу хоолойнуудын нэг болохоор оролдож байна.

65 настай Реза Пехлевигийн эцэг 1979 оны Исламын хувьсгалаар түлхэн унагагдахаас өмнө тэр Иранаас явсан бөгөөд түүнээс хойш хэдэн арван жилийн турш эх орондоо хөл тавиагүй юм. Гэсэн ч тэр өөрийгөө үндэсний хэмжээний удирдагчийн байр сууринаас үг хэлэхийг эрмэлзэж байна.
АНУ дахь гэрээсээ илгээсэн мэдэгдлүүддээ тэрээр өөрчлөлт шаардан жагсаж буй иранчуудыг удаа дараа магтаж, эцгийнх нь засаглалыг унагасан хувьсгалчдын нэгэн адил дарангуйллыг түлхэн унагахыг уриалж байна.
“Бид Исламын Бүгд Найрамдах Улс болон түүний элэгдэж муудсан, эмзэг болсон дарангуйлагч тогтолцоог бүрэн сөхрүүлнэ” гэж тэр X (хуучнаар Twitter) дээр байршуулсан видео мэдэгдэлдээ дурьджээ.
Пехлеви Иранд хэр хэмжээний дэмжлэгтэй вэ?
Олон арван жил Иранд очоогүй Реза Пехлеви одоо тус улсад яг ямар хэмжээний бодит дэмжлэгтэй байгааг тодорхойлоход маш хэцүү.
Олон нийтийн сүлжээгээр тархсан, бодит гэж баталгаажсан зарим бичлэгт жагсагчид түүнийг дэмжсэн уриа хашхирч, “Шах мандтугай” гэх үгс ч сонсогдож байгаа нь түүний мессеж зарим иргэдийг сэдэлжүүлж байж магадгүйг харуулж байна.
Гэсэн ч олон хүн тодорхой нэг удирдагчийг бус, харин улс төрийн тогтолцоог бүхэлд нь өөрчлөхийг шаардаж байгаа аж. “Дарангуйлагч уна” гэх уриа нь Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменейг чиглэсэн бөгөөд шашны дэглэмийн тогтолцоонд төрийн бүх чухал шийдвэр эцсийн дүндээ түүнээс хамаардаг.
Зарим жагсагчид олон жил үргэлжилсэн олон улсын хориг арга хэмжээ, мөн Израиль, улмаар АНУ Иранд агаарын цохилт өгсөн 6-р сарын 12 хоногийн дайнаас болж доройтсон эдийн засгийг сэргээхийг шаардаж байгаа юм.
Сүүлийн эсэргүүцлийн гол шалтгаан нь эдийн засгийн хүндрэлтэй байдал болсон.
“Реза Пехлеви улс орон хэрхэн удирдах талаар сурсан бүхнээ эцгээсээ л авсан. Харин түүний эцэг тодорхой шалтгаанаар (дарангуйлагч байсан гэгддэг) бүтэлгүйтсэн. Бид Пехлевигийн үеийг туулсан, одоо ардчилсан улс болох цаг нь ирсэн” гэж Ираны хойд нутгаас Азаде хэмээх 27 настай эмэгтэй мессеж илгээжээ.

Пехлеви олон жилийн турш, ялангуяа эмх замбараагүй байдал дэгдэх бүрт өөрчлөлт хийхийг уриалж ирсэн. Үүнд: 2009 онд маргаантай сонгуулийн дараах олон нийтийн эсэргүүцэл, 2022 онд Исламын хувцаслалтын дүрэм зөрчсөн хэргээр саатуулагдаад нас барсан Махса Аминигийн үхлээс үүдэлтэй улс орныг хамарсан жагсаалууд багтана.
Гэсэн ч эдгээр эсэргүүцлийн үеэр 1980 онд цөллөгт байсан хааны ордноос түүнийг шах хэмээн зарласнаас үл хамааран Пехлевиг дэмжих бодит хүчтэй давлагаа тод ажиглагдаагүй юм.
Пехлеви: “Би шилжилтийн үеийг удирдахад бэлэн”
1979 оны хувьсгалаас ялгаатай нь өнөөдөр сөрөг хүчнийг нэгтгэх ганц тодорхой дуу хоолой алга байна. Тавин жилийн өмнө Аятолла Рухолла Хомейни хувьсгалын гол бэлгэ тэмдэг болж, шашингүй төр хүсэж байсан хүмүүсийг хүртэл өөртөө татаж чадсан. Түүний цөллөгөөсөө бичиж, кассет дээр бичүүлэн Иранд нууцаар оруулсан илгээлтүүд нь Реза Пехлевигийн эцгийн эсрэг эсэргүүцлийг улам өдөөж байсан юм. Ийнхүү 1979 онд Ираны Хаант улс нуран унаж Исламын Бүгд Найрамдах Иран Улс байгуулагдсан.






