



















Баасан гарагт БНХАУ-ын хайлтын системийн гол тоглогч “Байду” (Baidu) компани хэвлэлийн хурал хийж өөрийн хөгжүүлж буй хиймэл оюун ухаан “Ernie”-ийн сайжруулсан хувилбарыг танилцуулсан байна. Сүүлийн үед ширүүсэж буй хиймэл оюун ухааны өрсөлдөөн тус компанийг ч дайрах тул ийнхүү өөрийн хөгжүүлж буй “Ernie 4.5” ба “Ernie X1 turbo” хиймэл оюун ухааныг танилцуулжээ.
“Ernie 4.5 Turbo” нь “Байду” компанийн анхны загвар бөгөөд харин "X1" цуврал нь энэ оны гуравдугаар сард анх танилцуулагдсан юм. Энэхүү загвар нь "логик" сэтгэн бодох чадвартай хиймэл оюун ухааны загвар гэгдэж байгаа.
Тус компанийн Гүйцэтгэх захирал Робин Ли БНХАУ-ын Вухань хотод болсон хөгжүүлэгчдийн бага хурал дээр өөрийн шинэ бүтээгдэхүүнийхээ “Нэгдсэн ажиллагаа, нэмэгдсэн ой санамж, сайжруулсан сэтгэн бодох чадвар, төөрөгдөл багатай байдал” зэргийг онцолсон байна.
Мөн тэрээр эдгээр шинэчлэгдсэн хувилбар нь хиймэл оюун ухаант агентуудыг бүтээх, ажиллуулах чадвартайгаас гадна, төрөл бүрийн салбарт ашиглах боломжтойг онцолжээ.
“Байду” компанийн эдгээр хөгжүүлж буй загварууд нь хиймэл оюун ухааны салбарт “DeepSeek”, “Alibaba”, “Bytedance” зэрэг дотоодын өрсөлдөгчдөөс ирж байгаа шахалтад бэлэн байх боломжийг олгож байгаа аж. “Байду” компани БНХАУ-ын хиймэл оюун ухааны салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд хиймэл оюун ухааны хувьд өрсөлдөгч нараасаа түрүүнд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн юм. Харамсалтай нь "Байду"-ийн "Ernie" нь Alibaba-ийн “Quark”, ByteDance-ийн “Doubao” зэрэг өрсөлдөгчдөөсөө хэрэглэгчийн тоогоор хоцорч явна.
Гэхдээ “Байду” компани болон түүний өрсөлдөгчид АНУ-аас БНХАУ-д нийлүүлэх чипний хоригтой холбоотойгоор саадтай тулгарч болзошгүй юм. Хиймэл оюун ухаантай чип үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч “NVIDIA” компани саяхан БНХАУ-д нийлүүлэх чипт АНУ тавих хязгаарлалтаа нэмэгдүүлсэн хэмээн мэдэгдсэн.
Гэсэн хэдий ч “Байду” компани БНХАУ-д үйлдвэрлэсэн 30’000 процессороос бүрдэх кластерыг амжилттай байгуулсан гэж мэдэгдсэн нь цаашид илүү олон “AI” загвар сургахад хангалттай гэж үзэж байгаа ажээ.









